25 аж ахуйн нэгж 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт гаргажээ

  • 2026/10/28 16:29

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбогдуулан зарласан сонгон шалгаруулалтын хүрээнд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирүүлжээ.

Эдгээр хүсэлтийг арилжааны банкууд судлан шийдвэрлэж байгаа. Өнөөдрийн байдлаар 11 аж ахуйн нэгжийн нийт 82.2 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэснээр 4,200 тонн нөөцийн мах бэлтгэх санхүүжилтийн боломж бүрдсэн гэнэ.  Мөн өөрийн хөрөнгөөр нөөцийн мах бэлтгэх хүсэлт гаргасан 2 аж ахуйн нэгжтэй нийт 1,500 тонн мах бэлтгэх гэрээ байгуулжээ.

Түүнчлэн 4 андеррайтер компанийн оролцоотойгоор 17 аж ахуйн нэгжийн нийт 6,100  тонн мах бэлтгэх хүсэлтийг судлан ажиллаж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 15-ны өдрөөс санхүүжилт олгож эхлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд 5.0-6.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэх боломж бүрдэнэ.

Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.

Гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийг цахим системийн сургалтад хамруулж, бүртгэл үүсгэн ажилласны үр дүнд одоогийн байдлаар нийт 1,626.8 тонн мах бэлтгэж, нөөцөлсөн  мэдээллийг системд бүртгээд байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан хяналт шалгалтын ажлын хэсэг 9 дүгээр сараас эхлэн нийслэлд байрлах нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчдийн агуулах, цехүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Ийнхүү батлагдсан төсвийн хүрээнд холбогдох төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй зохион байгуулж, чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх ажлыг бүрэн хэрэгжүүлнэ. Уг ажлын явц, үр дүнгийн талаар холбогдох тайланг нэгтгэн Засгийн газарт тайлагнаж ажиллах юм.