Б.Гантулга: МИК-ийн хувьцаанд хөрөнгө оруулаач гэсэн саналыг ОУСК, Азийн хөгжлийн банканд тавьсан
- 2024/12/13 14:10
“МИК Холдинг” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулгатай ярилцлаа.
-Энгийнээр хэлбэл, Монголын орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцооны гол “мотор” нь “МИК холдинг”. Энэ компани орон сууцны санхүүжилтийн тасралтгүй эргэлдэх тогтолцоог бүрдүүлэх үүргээ хэрхэн гүйцэтгэж байна вэ?
-Хэрхэн гүйцэтгэж байгаа хэмжүүрийг тоогоор илэрхийлж болно. 2006 онд Монгол Улсын ипотекийн зах зээл таван сая ам.доллар буюу ойролцоогоор зургаан тэрбум төгрөг байсан. Энэ нь Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд анхны ипотекийн зээлийг долоон арилжааны банкаар дамжуулж олгосон дүн. МИК-ийг 2006 онд үүсгэн байгуулснаас хойш 18 жил болжээ. Өнгөрсөн хугацаанд Монголын ипотекийн зээлийн үлдэгдэл хоёр тэрбум ам.долларт хүрсэн. Ипотекийн зээлийн санхүүжилт 17 жилд 400 дахин өсжээ. Тэгэхээр МИК үүргээ сайн гүйцэтгэж байна гэж хэлж болно.
Засгийн газар, Монголбанк хамтраад 2013 оноос бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн ипотекийн зээлийн хөнгөлөлттэй хүүтэй хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг эхлүүлэх суурь нь хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх байсан. УИХ 2011 онд Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийг батлахад манай компанийн тухайн үеийн удирдлагууд ажлын хэсэгт нь орж ажилласан байдаг. Мөн ипотекийн зээлийн хөнгөлөлттэй хүүтэй хөтөлбөрийг эхлүүлэхэд манай компани гадаадын зөвлөхүүдийг урьж ажиллуулан, Засгийн газрын холбогдох яамд, Монголбанканд боловсруулан аргачлалаа танилцуулан, ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Одоогийн ипотекийн зээлийн тогтолцоог бүрдүүлэхэд манай компани идэвхтэй оролцсоныг эндээс харж болно.
Иргэдийн ярьж заншсанаар найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 130 гаруй мянган айл орон сууцад орсон байна. Ипотекийн зээлээр орон сууц худалдан авсан тэдгээр айл өрхийн 75 хувь нь шинэ зээлдэгчид байсан. Үлдсэн нь өмнө нь арилжааны хүүтэй орон сууцны зээл авсан өрхүүдийн зээлийг дахин санхүүжүүлсэн гэсэн үг. Ипотекийн зээлийн хүүг Засгийн газар 2020 онд зургаа болгож улам бууруулсныг уншигчид мэдэж байгаа байх. Ипотекийн зээл авсан иргэдийн 40 хувь нь гэр хороололд амьдарч байсан гэсэн судалгаа бий. МИК маш сайн ажилласан юм бол яагаад гэр хороолол буураагүй юм бэ гэсэн асуулт тавьж магадгүй л дээ.
Улаанбаатар хотын хүн амын механик өсөлт 5-7 хувиар жил бүр өсөж байна. Мөн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг гэр хорооллыг дахин төлөвлөхөд чиглүүлэх бодлого баримтлаагүйтэй ч холбоотой байх. Тоогоор илэрхийлбэл, ипотекийн зах зээл хурдтай өссөн. Гэхдээ л хангалтгүй байгааг нийслэлийн гэр хороолол харуулдаг. Улаанбаатар хотын нийт өрхийн тэн хагас гэр хороололд амьдарч, үүнээс агаарын болон хөрсний бохирдол үлэмж ихээр үүсэж байна. Орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх нь Засгийн газрын бодлогоос хамаарна. Тэр дундаа бага орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлого НОСК, ТОСК-ийн үйл ажиллагаанаас ихээхэн хамаарна гэж боддог. Харин МИК бол орон сууцны зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг байгууллага. Ойрын үед гадаадаас санхүүжилт татах тал дээр нэлээд төвлөрч ажиллаж байгаа.
-“МИК холдинг” 2013 оноос хойш тусгай активын компани 36-г байгуулсан. Энэ нь 36 удаа бонд гаргасан гэсэн үг. Бондоо зөвхөн дотоодын зах зээлд борлуулсан уу?
-Нийт 6.5 их наяд төгрөгийн бонд тусгай активын 36 компаниар дамжуулж гаргасан. Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн санхүүжилтийг Монголбанк, арилжааны банкууд хамтран гаргаж байна. Ерөнхийд нь харвал гаргасан бондын 90 хувийг Монголбанк, 10 хувийг арилжааны банк худалдаж авч байгаа. Энэ харьцаа 2020 оны үед 60 хувь, 40 хувь болсон ч удаа бий. Төвбанкны бодлогын хүү буурахад банкуудын оролцооны хувь нэмэгдэж байсан.
Орон сууцжуулах хөтөлбөрийн санхүүжилтийг 2017 оноос хойш бондын эргэн төлөлтөөр хийж байна. Түрүүнд 36 компани 6.5 их наяд төгрөгийн бонд гаргасныг хэлсэн. Үүний үлдэгдэл 4.2 их наяд төгрөг бий. Тэгэхээр бондын төлбөрийн 2.3 их наяд төгрөгийг Монголбанк орон сууцны зээлийн санхүүжилтад дахин олгосон гэсэн үг. Одоо ипотекийн зээлийн үлдэгдэл 8.5 их наяд төгрөг хүрсэн. Мөнөөх гурван их наяд төгрөг чинь л зах зээлд эргэлдээд иргэдэд ипотекийн зээл авах боломж олгоод байна гэсэн үг.
-МИК гадаадын зах зээлд 300 сая ам.долларын бонд босгосон. Энэ мөнгөөрөө ямар санхүүжилт хийсэн юм бэ?
-Энэ хөрөнгөөрөө зах зээлийн хүүтэй орон сууцны зээлийг санхүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудын зах зээлийн хүүтэй олгосон орон сууцны зээлийн багцыг худалдаж аваад, санхүүжилт олгосон хэрэг. Энэ нь зах зээлийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжилтийг нэмэх, хүүг бууруулах зорилготой ажил байсан. Арилжааны банкуудын дангаар олгож буй орон сууцны зээлийн хүү тухайн үед дундажаар 18-20 хувь байсан. Манайх санхүүжилт хийснээр дундаж хүү нь 18 хувиас доош орсон. Одоо банкууд жилийн 14-16 хувийн хүүтэй орон сууцны зээл олгож байна.
Орон сууцны зах зээлийн хүүг бууруулахад манай бондын санхүүжилтийн нөлөө нэлээд байсан гэж боддог. Арилжааны банкууд ч зах зээлийн хүүтэй орон сууцны зээлийн хүүг бууруулах тал дээр ихээхэн хичээж байгааг дурдах хэрэгтэй. Орон сууцны зээлийн зах зээлийн хүүг 12 хувь хүртэл бууруулах боломж бий. Гэхдээ бид дангаараа хийж чадахгүй. Төрийн эрх бүхий байгууллагатай хамтарвал тийм боломж харагддаг.
-Хэнтэй, яаж хамтарвал хүүг бууруулах боломжтой вэ?
-Гадаадын зах зээлд бонд гаргавал ам.доллар оруулж ирнэ. Үүнийг төгрөг рүү хөрвүүлэх ёстой. Ам.доллароо төгрөг рүү хөрвүүлэхийн тулд төрийн эрх бүхий байгууллагатай хэлцэл хийх шаардлага үүснэ. Энэ хэлцлийг хийхэд тодорхой хэмжээний зардал гардаг. Монголбанкны одоо мөрдөж байгаа журмын дагуу хэлцэл хийхэд свопын хүүний зардал 4-5 хувиар нэмэгддэг юм.
Хэрэв ам.долларыг төгрөг рүү хөрвүүлэх зардлаа төрийн эрх бүхий байгууллага байхгүй болгочихвол зээлийн хүүг бууруулах боломжтой. Одоо зах зээлийн хүү 16 хувь байлаа гэхэд дөрвөн хувийг нь байхгүй болгочихвол 12 хувийн хүүтэй орон сууцны зээл олгох боломжтой юм. Эцсийн бүлэгт иргэд бага хүүтэй орон сууцны зээл авч үр шимийг нь хүртэнэ.
-Энэ тохиолдолд Төвбанк ч юм уу, аль нэг санхүүгийн байгууллага алдагдал үүрэх үү?
-Төгрөгийн ханш сулрах нөхцөлд алдагдал хүлээнэ. Ханш суларсанаас үүсэх алдагдал хүлээхгүйн тулд хоёр алхамтай шийдэл байна. Жишээ авъя. Нэгдүгээр алхам. Гадаадаас “босгосон” 100 сая ам.долларын своп зардлыг тэг болголоо. Зах зээлийн хүүг тэр хэмжээгээр бууруулах боломж үүснэ. Зээлийн хүү 16 хувиас 12 болж буурна. Своп хэлцлийн жилийн зардалд есөн тэрбум төгрөг бүртгэгдэнэ. Орон сууцны борлуулалт 340 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Хоёрдугаар алхам. Уг санхүүжилтээр шинээр бий болсон ипотекийн зээлээр баталгаажсан энгийн бондыг Монголбанк худалдаж авбал эцсийн дүндээ дөрвөн хувийн зардлаа нөхөөд зогсохгүй ашигтай ажиллана. Эхлээд валютыг төгрөг рүү хөрвүүлэхтэй холбоотой зардал хүлээнэ, дараа нь ипотекаар баталгаажсан үнэт цаас худалдаж аваад зардлаа нөхнө гэсэн хоёр үе шаттай юм яриад байгаа биз.
Одоо своп хэлцлийг зөвхөн Монголбанк хийж байгаа. Гэхдээ Монголбанк чиг үүргийн хувьд өөр учраас своп хэлцлийн зардлыг ингэж шийдэхэд төвөгтэй. Харин шинээр бий болсон Үндэсний баялгийн сан бол санхүүгийн ийм инженерчлэл хийх бүрэн боломжтой. Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан нь орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн хүртээмжийн асуудлыг хариуцаж байна гэж ойлгож байгаа. Хуримтлалын сан ипотекийн зээлийн санхүүжилтийн ам.долларыг төгрөг рүү хөрвүүлэх своп хэлцэл хийхдээ эхлээд зардлыг нь тэглээд дараа нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдаж авах замаар орон сууцны санхүүжилтийн зах зээлд оролцвол тун хэрэгтэй байна.
Ингэвэл ипотекийн зээлийн санхүүжилтийг хувийн хэвшлийн эх үүсвэрээр шийдэх хөшүүрэг болно. Баялгийн сан ч зөв хэлбэрээр оролцож, ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ. МИК, арилжааны банкууд, Баялгийн сан гэсэн энэ гурван институц орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж харилцан ашигтай ажиллах боломжтой. Мэдээж манайх болон Баялгийн сан хоёр талд тооцоо судалгаа хийх, боломжтой, эсэхийг нь үнэлж цэгнэх хэрэгтэй байх.
-Та энэ саналаа Засгийн газарт гаргасан уу?
-Холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудад ярьж хэлсэн. Баялгийн сан бий болсноор ийм боломж үүссэнийг энд, тэнд ярьж л явна.
-Одоо МИК-ийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны 90 хувийг Монголбанк, 10 хувийг арилжааны банкууд худалдаж авч байгаа гэлээ. Найм болон зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг багцлаад олон улсын зах зээлд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах боломжтой юу?
-Бид яг үүнийг хийхээр зорьж байна. Монголын ипотекийн зээлийг багцлаад senior буюу давуу эрхтэй бондыг гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшүүлэх хэлцлийг эхлүүлсэн. Амжилттай болбол хэлцэл ирэх онд санхүүжилт татаад, энэ ажил хийгдэнэ. Арилжааны банкуудыг оролцуулна. Өнөөдөр орон сууцны зээлийн санхүүжилтийг төрийн эх үүсвэрээс шийдэхээр байгаа. Уг нь төр бодлогоор дэмжвэл хувийн хэвшлийн боломжийг нээж, төр талаас санхүүжилт хийх биш, харьцангуй бага зардлаар ипотекийн эх үүсвэрийг шийдэх боломж бий.
-Хэдий хэмжээний бонд гаргахаар төлөвлөж байгаа вэ?
-Зах зээлийн шингээх чадвараа тооцох хэрэгтэй. Манайх жижиг эдийн засагтай улс. Жилд 700 тэрбумаас нэг их наяд төгрөгийн санхүүжилт хийвэл ипотекийн зээл авах дараалал үүсэхгүй, иргэд бухимдахгүй байх боломжтой нь харагддаг. Баялгийн сангийн хуримтлалтай болох, тэтгэврийн сангийн реформ хийж байж урт хугацаатай мөнгөтэй болно. Үүнийг дунд хугацаанд хийх боломжтой. Тэр болтол Засгийн газар баталгаа гаргаад орон сууцны санхүүжилт хийх мөнгийг хувийн хэвшилд эрсдэлийг нь үүрүүлээд гадаадаас босгочих боломж бий.
Засгийн газар баталгаа гаргавал гаднаас босгох эх үүсвэрийн зардал буурна. Бид дотоодод урт хугацаатай мөнгө байрших сангууд бүрдтэл олон улсын зах зээлээс урт хугацаатай эх үүсвэр татахаас өөр аргагүй. Ирэх гурван жилд нэг тэрбум ам.долларын бонд “босгох” хөтөлбөр боловсруулаад ажиллах боломжтой. Нэг жилд 350 сая ам.долларын бонд босголоо гэж бодоход 1.2 их наяд төгрөг болно. Ийм хэмжээний мөнгө орон сууцны зээлийн нэг жилийн санхүүжилтийг бүрэн хангана.
Товчхондоо, гурван жил тус бүр 350 сая ам.долларын бонд олон улсын зах зээлд гаргаад, орон сууцны зээлийг санхүүжүүлэх боломжтой. Үүнээс хойш Баялгийн санд мөнгө хуримтлагдчихвал манай улс орон сууцны санхүүжилтийн мөнгийг гадаадаас босгох шаардлагагүй болно. Учир нь орон сууцны зээлийн санхүүжилт хийх бондыг Баялгийн сан худалдаж аваад явдаг болчих байх. Ихэнх хөгжингүй орнуудын орон сууцны санхүүжилтийн сангийн гол хөрөнгө оруулагч нь голдуу тэтгэврийн сан, баялгийн сангууд нь байдаг. Урт хугацаатай мөнгө байршдаг сангууд нь гэсэн үг.
-Зарим улстөрч танай компанийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахдаа хоёр хувийн хүүгийн татаас авч, дундаас их хэмжээний ашиг олдог. Энэ нь зээлийн хүүг өндөр байлгах нөхцөлийг бүрдүүлдэг гэж мэдэгдэж байсан. Танайх харин энэ хоёр хувийн хүүгээр хуримтлуулж нөөц сан бүрдүүлдэг, компанийн ашиг биш гэж тайлбарладаг. Олон нийт үүн дээр тодорхой ойлголтгүй байж мэднэ. Та ямар тайлбар өгөх вэ?
-МИК иргэдэд зээл олгодоггүй. Арилжааны банк иргэдэд зээл олгодог. Нэгэнт олгосон зээлийг нь манай компани багцалж худалдаж аваад санхүүгийн инженерчлэлийн дагуу үнэт цаас болгоод хөрөнгө оруулагчдад зарж байгаа. Манай компани банк, хөрөнгө оруулагч нарын дунд л зуучлал хийдэг. Иргэдтэй харилцдаггүй. Харилцаж байгаа ганц зүйл нь зээлээ төлөөд дуусахаар нь барьцаа хөрөнгийг нь чөлөөлсөн бичгийг иргэдэд өгдөг. Үүнийгээ ч зээл олгосон банкаар нь дамжуулаад хийчихдэг. Байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа учраас тодорхой хэмжээний зардал гарах нь мэдээж. Тэр зардлаа иргэдээс биш, хөрөнгө оруулагчаас гаргуулдаг.
Засгийн газар иргэдэд найман хувийн зээл олгоно, дараа нь зургаан хувийн хүүтэй зээл олгоно гэж зарласан. МИК зээлийн хүүг нэмээд байгаа зүйл огт байхгүй. Өнгөрсөн хугацаанд компанийнхаа үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэл дутуу өгч байсан байж магадгүй. Тиймээс үл ойлголцол үүссэн байх.
-Нөөц сангийн хувьд ямар тайлбар өгөх вэ?
-Манайх тусгай активын компани үүсгэх бүртээ нөөц сан байгуулдаг юм. Энэ нь олон улсын сайн туршлагыг хэрэгжүүлж байгаа юм. 20 жилийн хугацаатай найман хувийн зээлийн багцыг үнэт цаасжууллаа гэж бодъё. Давуу эрхийн бонд эзэмшигч 4.5 хувь, энгийн бонд эзэмшигчид 10.5 хувийн хүү авдаг. Давуу эрхийн бонд эзэмшигч эхлээд үндсэн төлбөрөө бүрэн авч дууссаны дараа энгийн бонд эзэмшигч төлбөрөө авдаг. Тэгэхээр тодорхой хугацааны дараа мөнгөн урсгал сөрөг болно.
Энэ үед энгийн бонд эзэмшигчид төлбөрийг сааталгүй хийх зорилгоор нөөц сан бий болгодог. Нөөц сан эдийн засгийн түр зуурын хямралыг даван гарах эрсдлийн баталгаа болж өгдөг. Нөөц сан нь бонд төлж дуусах хүртэл төлбөр хийх зорилгоор хуримтлагдаж байдаг хөрөнгө.
-Тухайн тусгай активын компанийн нөөц санг удирдаад явж байгаад багцалсан зээлүүд нь бүрэн төлөгдөж дуусаад, хөрөнгөөр баталгаажсан бонд эзэмшигч нөхөн төлбөрөө авсны дараа мөнгө үлдвэл тэр нь ашиг болох нь байна. Зөв үү?
-Тийм. Тэгэхээр ашиг гаргах, гарахгүй нь 20-30 жилийн дараах асуудал. Нөөц санг бид цар тахалын үед ашигласан. Яагаад ашиглах болсон гэхээр Засгийн газраас цар тахлын үед ипотекийн зээлийг хүү хуримтлуулахгүйгээр хойшлуулах шийдвэрийг таван удаа гаргасан. Нийт 36 сарын хугацаанд иргэд хүүгээ төлөхгүй байх шийдвэр гаргасан. Нийт зээлдэгчдийн 86 хувь нь зээлээ хойшлуулсан. Тэгэхээр зээлийн эргэн төлөлт орж ирэхгүй. Бид зээлийн эргэлт төлөлтөөс бонд эзэмшигчийн кпоныг улирал болгон төлөх ёстой. Ийм нөхцөлд зах зээлийн агуулгаараа манай компани шууд дампуурах болж байгаа юм. Бид бонд эзэмшигчдийн хурлаа зарлаад нөөц санд хуримтлуулсан мөнгөнөөсөө улирал бүр төлбөр хийе, нөөц сангийн хөрөнгө дутвал дараа нь төлбөрийг хийе гэсэн шийдвэр гарсан.
Хүү хуримтлуулахгүй хойшлуулсан хугацаанд нийт 409 тэрбум төгрөг бонд эзэмшигчдэд төлсөн байдаг. Тодорхой хэсэг нь нөөц сангаас гарсан. “Ковид-19”-ийн хүнд үед “Эрдэнэт үйлдвэр” айл өрхүүдийн цахилгааны хэрэглээний төлбөрт 600 тэрбум төгрөгийн зардал гаргасан гэж сонингоос уншиж байсан. МИК хүнд хэцүү цагт төрийн ачаа хуваалцаж нийгмийн хариуцлагаа сайн биелүүлсэн. Нөөц сангаас бондын төлбөрийг хийсэн учраас ипотекийн зээл зогсоогүй. Нөөц сан байгуулсны ач холбогдол, үр ашиг ингэж гарсан. Бидний гаргасан санхүүгийн модель зөв байсан нь батлагдсан үйл явдал болсон л доо.
-“МИК холдинг”-ийг төрийн мэдэл авах хэрэгтэй гэсэн яриа гарч байсан. Энэ тал дээр танай компани ямар байр суурьтай байсан бэ?
-“МИК холдинг” компани 2015 онд нээлттэй хувьцаат компани болсон. Тэгэхээр бизнесийн зарчмын хувьд яривал төр манай компанийн хувьцааг зах зээлээс худалдаад авчих боломж нээлттэй. Компанийн үнэлгээ нь хөрөнгийн бирж дээр тогтсон компани.
2005 онд АНУ-ын USAID байгууллагын зөвлөхүүд Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхэд орон сууцны санхүүжилтийн хоёрдогч зах зээлд ажилладаг санхүүгийн компани байгуулах, үйл ажиллагааг нь хувийн хэвшилд тулгуурлаж явуулах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг Засгийн газарт өгсөн байдаг. Тэгээд МИК-ийг 2006 онд орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нэмэх зорилгоор бодлогоор байгуулсан. Тухайн үед Төв банк болон 10 арилжааны банк нийлж байгуулсан түүхтэй.
Тэр жил одоогийн ТОСК-ийг байгуулсан юм билээ. ТОСК нь орон сууцны барилга талдаа чиглэсэн учраас арилжааны банкууд санхүүгийн байгууллага байх зүйтэй гээд тусдаа МИК-ийг байгуулсан. МИК-д төрийн эзэмшил бий. Хөгжлийн банк, Төрийн банк нийлээд МИК-ийн хувьцааны 17 орчим хувийг эзэмшдэг. Монголбанк эзэмшиж байсан хувьцаагаа 2020 оны сүүлээр зарсан.
-Худалдаа, хөгжлийн банкны гол хөрөнгө оруулагч, “Сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй хамааралтай байсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төр мэдэлдээ авсан. Үүний давалгаанд л МИК-ийг төрийн мэдэлд авъя гэсэн санаа гарсан болов уу гэж бодсон. Худалдаа, хөгжлийн банк МИК-ийн гол хувьцаа эзэмшигч байсан шүү дээ.
-Анх Төв банк болон 10 арилжааны банк нийлж 11 айл тус бүр нэг сая төгрөг гаргаад 11 сая төгрөгийн дүрмийн сантайгаар МИК-ийг 2006 онд байгуулсан байдаг. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийн дүрмийн санг нэмэгдүүлэх шийдвэр 2007-2015 онуудад дөрвөн удаа гарсан байдаг. Тухай бүр банкууд харилцан адилгүй оролцож хувьцаа эзэмшлийн хувь хэмжээнд өөрчлөлтүүд гарсан.
Одоо эргээд харвал энэ компанийн дүрмийн санг нэмж, өдийг хүргэх суурийг бүрдүүлсэн хөрөнгө оруулагч нь Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк, “Капитал”, “Чингис хаан”, “Голомт” банк байсан нь харагддаг. Энэ компани тогтолцоонд хэрэгтэй гэсэн итгэл үнэмшлээр хөрөнгө оруулалтаа нэмж байсан банкууд, цаашлаад ипотекийн зээлийн хөтөлбөрийг бий болгох, өнөөгийн 130 мянган айл орон сууцаа зээлээр авах нөхцөл суурийг бүрдүүлсэн байна.
Гадаадаас эх үүсвэр татахад компанийн засаглал сайн байх ёстой. Ингэхийн тулд олон хувьцаа эзэмшигчтэй болох ёстой гэдэг агуулгаар хувьцааны эзэмшилд өөрчлөлт орсоор ирсэн. Одоо Худалдаа, хөгжлийн банк манай компанийн хувьцааны 9.9 хувийг эзэмшиж байна. Улаанбаатар хотын банк Худалдаа хөгжлийн банктай нэгдсэн. Гадаадаас санхүүжилт татахын тулд сайн засаглалтай байх ёстой гэдгийг банкны удирдлагууд маш сайн ойлгодог. МИК Олон улсын санхүүгийн корпорац, Азийн хөгжлийн банканд хамтраад манай компанийн хувьцааны 30 хүртэл хувийг эзэмшээч гэсэн тодорхой санал тавьсан.
-Тэгэхээр МИК нэмэлт хувьцаа гаргах гэж байгаа хэрэг үү?
-Тийм. Хэрэв саналыг хүлээж авбал хөрөнгө оруулагчдийн хувьцааны эзэмшлийн хувь хэмжээ улам л буурна.
-МИК хэр ашигтай ажилладаг компани вэ?
-“МИК холдинг”-ийн тайлан олон групп компанийн хэмжээнд нэгтгээд гарч байгаа учраас тодорхой хэмжээний ашигтай ажилладаг. Мэдээж бизнесийн байгууллага ашигтай л ажиллахыг зорино. Бид цар тахлын үед орон сууцны зээлийг хойшлуулсантай холбоотойгоор алдагдалтай ажилласан. Одоо ашигтай ажиллахад төвлөрч байна. МИК зах зээл бүрдүүлэгч утгаараа өндөр ашигтай ажиллах боломжгүй. Гол нь орон сууцны зээлийн санхүүжилтийн хүрээмжийг нэмэгдүүлэхэд тогтвортой ажиллах ёстой.
-Түүнээс биш, санхүүгийн ашгийн араас хөөцөлддөггүй гэсэн үг байх нь. Танайх 2023 онд 1.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна лээ. 350 орчим тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй компанийн хувьд маш бага үзүүлэлт гэж бодож байна.
-Цар тахалаас хойш компанийн ашиг бага багаар нэмэгдэж л байна. Манай компани эргүүлдүүлж байгаа хөрөнгөөсөө хоёр хувийн л ашиг хүртэх боломжтой. Банкууд татан төвлөрүүлсэн хөрөнгөөсөө 3-4 хувийн ашиг олдог. Манайх бүх арилжааны банкуудтай хамтарч ажиллаж байна. Тэгэхээр арилжааны банкууддаа ашиг олох боломжтой орон зай нь үлдээх шаардлагатай. Банкуудаас давсан, илүү ашигтай ажиллана гэвэл тэд санхүүгийн утгаараа хамтарч ажиллахгүй шүү дээ.
-Засгийн газар хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргадаг компани байгуулаад, танайхтай өрсөлдөөд ажиллах зах зээлийн нөхцөл Монголд байгаа болов уу?
-Нээлттэй л дээ. Гэхдээ үр ашгаа бодвол хэрэггүй л гэж хэлнэ. Манайх чинь жаахан эдийн засагтай улс. Төр хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргадаг компани байгуулбал тогтсон бүтцийг дундаас нь орж ирээд эвдэх магадлал бий. Арилжааны банк олон байвал сайн. Учир нь зээл олголт тэр хэрээр хүртээмжтэй болно. Банкуудтай тогтсон санхүүгийн схем, бүтцийн дагуу хамтраад ажилладаг.
Төр манайх шиг компани байгуулбал дүрмийн санг нь төсвөөс нэмэх шаардлага үүснэ. Дүрмийн санг нэмэхэд бага мөнгө яригдахгүй. Тэгэхээр төсвийн мөнгийг боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулсан нь дээр болов уу. Ингэх нь зөв сонголт гэж бодож байна. Орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд төр тогтолцоо бүрдүүлж буй институцуудтэй хамтраад ажиллах нь илүү зохимжтой гэж боддог.