Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлого эдийн засаг, инфляцыг дунд хугацаанд тогтворжуулахад чиглэж байна
- 2024/10/01 14:28
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Монголбанкнаас гаргасан хамгийн сүүлийн бодлогын шийдвэрээс ярилцлагаа эхэлье. Төв банк бодлогын хүүг 11 хувь байсныг 10 болгож буурууллаа. Урт хугацааны дүр зургийг нь харвал Монголбанкны бодлогын хүү ерөнхийдөө хоёр оронтой тоонд явсаар ирсэн. Зарим хөгжингүй орны Төв банкны бодлогын хүү хоёр хувиас ч бага байх жишээтэй. Манай улсад бодлогын хүүг өндөр тогтоох, мөнгөний хатуу бодлого баримтлах ямар үндэслэл шаардлага байдаг вэ?
-Улс орнуудын Төв банк макро эдийн засгийн орчинтойгоо тохируулсан мөнгөний бодлого баримталдаг. Ингэхдээ нэг стандартын шахам гэмээр мөнгөний бодлогын арга хэрэгсэл ашиглаж байна. Тэр нь бодлогын хүү. Тухайн улсын инфляц хэр байгаагаас шалтгаалж, мөнгөний хатуу, эсвэл зөөлөн бодлого явуулдаг. Нэг ёсондоо тухайн улс инфляцыг хэдэн хувьд байлгах зорилт тавьж байгаагаас мөнгөний бодлогын төлөв ихээхэн хамааралтай. Манай бодлогын хүү 10 хувь байна гэдэг бол мөнгөний хатуу бодлого баримталж байгаагийн илэрхийлэл.
Гэхдээ манай улсын инфляц 2022 оны зургадугаар сард цар тахлын нөлөөгөөр 16.9 хувьд хүрч өссөн. Ийм өндөр инфляцыг нам түвшинд буулгахын тулд Монголбанк дэлхийн бусад улс орнуудын авч хэрэгжүүлсэнтэй адил мөнгөний хатуу бодлого баримталж, тухайн үед бодлогын хүүг 13 хувьд хүргэсэн. Цар тахлын улмаас дэлхийн нийтэд тээвэр, логистикийн гацаа үүссэн. Ингэснээр бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, үнэ нь огцом өссөнийг хүмүүс санаж байгаа байх. Хэсэг хугацааны дараа бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт сайжирч, эдийн засаг хурдтай өссөн. Эдийн засгийн өсөлт бараа, бүтээгдэхүүний үнийг дахин хөөрөгдөх магадлалтай гэж үзээд бид бодлогын хүүгээ өндөр түвшинд хэвээр хадгалсаар байлаа.
Харин энэ оны наймдугаар сарын байдлаар улсын инфляц 6.5, Улаанбаатар хотынх 6.2 хувьд хүрч, бидний зорьсон голчтой ойрхон ирлээ. Цар тахлаас үүдэлтэй тээвэр ложистикийн гацаа арилж, хэвийн байдалдаа орсон. Цар тахлын үед нэг чингэлэг ачааны тээврийн зардал 12 мянган ам.долларт хүрсэн. Тэгвэл өнөөдөр 4000 ам.доллар буюу цар тахлын өмнөх түвшиндээ буулаа. Валютын ханш тогтвортой байна. Тиймээс импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхгүй гэсэн дүр зураг харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт талаас инфляцыг өдөөх зүйл бага болчихлоо гэж үзээд бодлогын хүүгээ энэ оны эхнээс бууруулж эхэлсэн. 13-аас 10 хувь болтол буурууллаа.
Та зарим хөгжингүй орны мөнгөний бодлогын хүү хоёр хувь хүрэхгүй байна гэсэн харьцуулалт хэллээ. Харьцуулалт чухал л даа. Тухайлбал, АНУ болон Европын холбооны Төв банк инфляцыг хоёр хувь гээд онилчхож байгаа юм. Хоёр хувь гэдэг нь үйлдвэрлэгчээ ч дэмжинэ, хэрэглэгчийн зардалд ч дарамт болохгүй. Өндөр хөгжилтэй орнууд дотооддоо бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Энэ нь үнийг тогтвортой байлгах гол үндэс болдог. ОХУ, Украины дайн дэгдэхэд Европын холбоонд эрчим хүчнээс өөр инфляцад нөлөөлөх ямар ч асуудал үүсээгүй.
Гэтэл манай улс жижиг эдийн засагтай. Хэрэглээний бараа, бүтээгдэхүүний дийлэнхийг гадаадаас импортолж байна. Инфляцын сагсыг бүрдүүлдэг 471 бараа, бүтээгдэхүүний бараг 50 хувь нь импортынх. Энэ нь инфляцын дарамт үүсэхэд гол нөлөө үзүүлдэг. Түүнчлэн иргэд, аж ахуйн инфляцын хүлээлт, бүтээмж, санхүүгийн зах зээлийн хөгжил, тээвэр ложистикийн сүлжээ, ханш зэрэг олон хүчин зүйл инфляц, түүний зорилтот нөлөөлдөг.
-Товчхондоо таны хариулт Монгол Улсын инфляц огцом өсчих гээд байдаг учраас урт хугацаанд мөнгөний хатуу бодлого баримталдаг гэсэн ойлголт төрүүлж байна.
-Олон шалтгаан бий. Нэгдүгээрт, түрүүн дурдсанчлан манай улс жижиг эдийн засагтай. Хоёрдугаарт, нээлттэй, эрдэс түүхий эдийн экспортоос хамааралтай эдийн засагтай. Гуравдугаарт, бүтээмж, өрсөлдөх чадвар сул гэж ойлгож болно. Жижиг эдийн засаг савлагаа өндөртэй байдаг. Том зүйлийг хөдөлгөхөд их хүч шаардана. Харин жижиг зүйлийг хөдөлгөхөд хялбархан өнхөрчихдөгтэй зүйрлэж болох юм. Ийм гадаад хүчин зүйлээс хамааралтай эдийн засагтай учраас инфляц нам дор түвшинд ирлээ ч удаан тогтвортой байхад хүндрэлтэй. Жаахан доргиход л өсчих магадлалтай. Иймд мөнгөний бодлогоор алсаас тохиргоо хийж явах ёстой болдог.
-Монголбанк бодлогын хүүг 2021 онд зургаан хувьд хүртэл бууруулсан. Энэ үед банкнууд зээлийн хүүгээ дагуулж бууруулаад бизнесийн зээл жилд 12 хувийн хүүтэй болж байлаа. Зээлийн хүү буурсан нь бизнесийн санхүүжилтэд маш таатай нөхцөл үүсгэсэн. Инфляц өсвөл бодлогын хүү өснө. Бодлогын хүү өсвөл зээлийн хүү өснө. Тэгэхээр санхүүжилтийн таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд инфляцыг нам дор түвшинд байлгах нь чухал. Инфляцаа нам дор түвшинд байлгахын тулд хэн, ямар зүйл хийх шаардлагатай вэ? Жишээ нь, Засгийн газар нийлүүлэлтээс шалтгаалсан инфляц үүсгэхгүй байх хэрэгтэй, хэрэв үүсгэж байвал зохицуулах нь зөв гэдэг.
-Сууринаас нь тайлбарлая гэж бодож байна. Тойруу хариулт байж магадгүй. Төв банкны тухай хуульд нэгдүгээр зорилт нь Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэж заасан байдаг. Энэ нь олон улсын ойлголтоор үнийн тогтвортой байдлыг хангах, бусад шаардлагыг зорилтот түвшинд хадгалах юм. Тэгэхээр Төв банкны хийх гол ажил нь үнийг тогтвортой байлгах. Зарим улсын Төв банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээдэг. Манай Төв банкны тухай хуульд санхүүгийн тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ гэсэн заалт бий. Үүний цаана банк, санхүүгийн салбарынхан хувийн бизнес, аж ахуйн нэгжүүдийг зээл, санхүүжилтээр таслахгүй байвал эдийн засаг тэлнэ гэсэн санаа байгаа юм. Мөн үндэсний төлбөрийн системийг зохион байгуулж, тасралтгүй, саадгүй, найдвартай ажиллагааг нь хангана гэсэн заалт бий. Монголбанк ийм үндсэн гурван зорилттой ажиллаж байна.
Тэгэхээр үнийг тогтворжуулах тал руу л мөнгөний бодлогоо чиглүүлэх ёстой. Инфляц зорилтот түвшиндээ хүрвэл мөнгөний оновчтой бодлого хэрэгжүүлж байна гэж ойлгох хэрэгтэй. Инфляцыг нам дор түвшинд хүргээд, тэнд нь аргамжих шаардлагатай. Ерөнхийдөө бүх Төв банкны хэрэгжүүлж буй бодлого үүнд чиглэдэг.
Манай улсын эдийн засгийн өсөлт 2018-2019 онд сайн байсан. Энэ үед инфляц 5-6 хувь руу буурсан. Дараа цар тахлын үед 2-4 хувь руу буурч, 2-3 жилийн хугацаанд инфляц тогтвортой байлаа. Тиймээс бид мөнгөний бодлогоо зөөллөж, бодлогын хүүгээ буулгасаар түүхэн хамгийн бага түвшинд буюу зургаан хувьд хүрсэн. Энэ үед бизнесийн зээлийн хүү сарын нэг хувь болж буурсан удаатай. Цар тахал дэгдсэнээр инфляц өсөж, бодлогын хүүг өсгөх шаардлагатай болсныг өмнө нь ярьсан. Одоо зээлийн дундаж хүү 18-20 хувь байна.
Бодлогын хүүг энэ онд гурван хувиар буурууллаа. Ийнхүү эх үүсвэрийн хүүг хямдруулаад эхэлсэн учраас цаашид зээлийн хүүг бууруулах чиглэл рүүгээ мөнгөний бодлого хандсан гэж ойлгох хэрэгтэй. Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсөлттэй, инфляциа нам түвшинд тогтвортой хадгалж чадвал бодлогын хүүг өмнөх шиг зургаан хувь хүртэл бууруулах боломжтой. Ингэвэл зээлийн хүү ч дахин 10-12 хувь болж, өмнөхийн адил санхүүжилтийн таатай нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, инфляц 2-3 хувьд тогтворжвол зээлийн хүү нэг оронтой тоо руу ч орох боломжтой. Эдийн засгийн ийм орчныг бүрдүүлэх нь чухал.
Инфляцыг тогтворжуулахад эрэлт талыг нь Монголбанк хариуцах үүрэгтэй. Харин нийлүүлэлт тал нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанаас ихээхэн хамаарна. Монголбанк зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлбэл хүмүүс бараа, бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөнө. Ингээд инфляц өснө. Тиймээс нийт эрэлтийн талыг тохируулах хэрэгтэй. Бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн түүхий эдийн нийлүүлэлт, тээвэр логистикийн зохицуулалт, татвар, хураамжийн хэмжээ, цахилгаан, дулааны тариф гэх мэт үнэд нөлөөлдөг олон хүчин зүйлс Засгийн газарт хамаатай. Жишээ нь, Ковидын үед импортын бараа хил дээр гацаж үнэ нь огцом өссөн. Засгийн газар гацааг арилгах арга хэмжээ авахаар идэвхтэй ажилласныг санаж байгаа байх. Засгийн газрын зохицуулалттай холбоотой өөр нэг жишээ авъя. Манай улс хэрэгцээгээ бүрэн хангах улаан буудай хураадаг. Гэтэл гурилын үнэ хоёр хөршийнхөөс өндөр болчихсон. Гурил импортлохыг хориглосон байсан нь өрсөлдөөнийг хязгаарласан учраас ингэсэн хэрэг. Тиймээс Засгийн газар өрсөлдөөн үүсгэхийн тулд гурил импортлохыг зөвшөөрөх жишээтэй.
-Засгийн газар төсвийн зардлыг тэлж, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн, инфляцын өсөлтийг өдөөх тал ажиглагддаг. Монгол Улсын төсвийн зардал өссөөр 30 гаруй их наяд төгрөг давлаа. Төсвийн зардлын өсөлт мөнгөний нийлүүлэлтэд хэр нөлөөлж байна вэ?
-Орлого, зарлага нь тэнцүү байвал төсөв алдагдалгүй гарна. Засгийн газар 30 их наяд төгрөгийн зардал гаргасан ч 30 их наядын орлого олж чадаж байна. Энэ оны хувьд төсөв алдагдалгүй гарна гэж төсөөлж байгаа. Гэхдээ 30 их наядын зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ харьцуулбал бараг 37-38 хувьтай тэнцэнэ. Ковидын өмнө төсвийн зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 27-28 хувьтай дүйдэг байсан. Засгийн газар олж байгаа мөнгөө зарцуулах нь өөрийнх нь эрх хэмжээний асуудал.
Мөнгөний нийлүүлэлт талаас нь харвал төрийн албан хаагчдын цалин хөлс, настнуудын тэтгэвэр тэтгэмжийг өгч байна. Мөн хувийн компаниудыг хөлсөлж, бүтээн байгуулалт хийлгэж, барилга байшин бариулдаг. Төсвийн мөнгө иргэн, аж ахуйн нэгжийн банк дахь дансанд ороод цааш зээл болж гараад, үржигдээд явдаг. Төсвөөр дамжиж, иргэдийн хадгаламж, компанийн харилцах данс дахь мөнгө өсөж байна гэдэг нь мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байна гэсэн үг. Монголбанк банканд зээл олгоод, банк аж ахуйн нэгжид зээл олгоод бизнес нь томроод явбал, санхүүгийн зах зээлээр дамжиж мөнгө очих газраа очиж байна гэж ойлгож болно.
М2 буюу мөнгөний нийлүүлэлт 30 хувийн өсөлттэй явна. Тэгэхээр төв банкнаас мөнгө гараагүй, харин төсвөөс гарсан гэсэн үг. Ийм учраас бид төсвийн тэлэлт мөнгөний бодлогод орон зай өгөхгүй байна гэж ярьдаг л даа. Гэхдээ Төв банк мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж буй өөр нэг зам бий. Тэр нь экспортын бараа бүтээгдэхүүний орлого. Жишээ нь, “Эрдэнэс Таван толгой” компани нүүрсээ ам.доллароор борлуулаад түүнийг дотоодын зах зээлд төгрөгөөр сольдог. Үндсэндээ оруулж ирсэн ам.долларыг нь Монголбанк худалдаж авч валютын нөөцөө нэмээд, төгрөг нийлүүлдэг. Энэ бол мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж буй нэг хэлбэр. Төв банк өөрөөр мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үйлдэл гаргахгүй байгаа. Засгийн газар орлого нэмэгдэх тусам зарлагаа дагуулж нэмэхгүй байх боломжтой. Төсвийн ашгаар өмнө нь тавьсан өрөө ч дарж болно. Ингэвэл өрийн дарамт буурна.
-Монголбанк ирэх жилийн Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцыг таван хувьд байлгана гэсэн зорилт тавьсан. Өмнө нь долоо, найман хувьд байлгана гэсэн зорилт тавьдаг байсантай харьцуулбал бага тоо шүү. Инфляцыг таван хувьд байлгах нөхцөл харагдаж байна гэсэн үг үү. Тэгвэл бодлогын хүүг бууруулж, дагаад зээлийн хүү багасах нь гэж хүлээж болох нь?
-АНУ-ын Холбооны нөөцийн банк сүүлийн жилүүдэд инфляцыг хоёр хувьд байлгах зорилт тавьж байгаа. Цар тахлын үед тэдний инфляц нь таван хувь хүртэл өссөн. Энэ үед гурав, эсвэл дөрвөн хувь ч юм уу чадах зорилтоо тавиач гэсэн шүүмжлэл гарч байлаа. Хүргэж чадах, хийж чадах тоогоо тавиад байвал мөнгөний бодлогын зорилго, тогтвортой байдал гэдэг зүйл байхгүй болно. Түүнтэй адилаар УИХ Монголбанкнаас дунд хугацаанд инфляцыг ямар байлгах зорилтоо тавиад явж байна гэсэн үг.
Өндөр хөгжилтэй орнуудын Төв банкнууд бүгд инфляцыг онилсон бодлого явуулж байна. Тэдний араас хөгжиж буй орнууд ч ийм, инфляцыг онилсон мөнгөний бодлого руу шилжиж байгаа. Бидний тухайд инфляцыг онилдог бодлого руу шилжээд 10 гаруй жил болжээ. Нэг талаар энэ бол аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд өгч буй дохио юм. Бизнес эрхлэгчид эдийн засаг тогтвортой байх учраас Монголбанк ийм зорилт тавьжээ гэж харах хэрэгтэй. Энэ оны хувьд инфляцыг зургаан хувьд байлгах зорилт тавьсан. Зорилтоо биелүүлэх төлөвтэй байна. Тэгэхээр мөнгөний бодлого байгаа онож байна гэсэн үг. Таван хувийн инфляц бол дунд хугацаанд буюу 2027 он хүртэл тавьсан зорилт. Түүний дараа бид инфляцыг хоёр, гурван хувьд байлгана гэж ярьдаг болно.
-Бидний яриа ерөнхийдөө зээлийн хүү рүү л чиглээд байгаа. Жилийн 18-20 хувийн хүүтэй зээлээр бизнес санхүүжүүлэхэд хэцүү. Үүнийг бизнесмен бүр хэлдэг. Зээлийн хүү өндөр байна гэхээр гадаадын банк оруулж ирье гэдэг. УИХ хөрөнгө оруулалтын банкны тухай хууль баталж, гадаадын банк оруулж ирэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тэгвэл манай зах зээлд үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргасан гадаадын банк одоогоор байна уу?
-Байхгүй. Өнөөдрийг хүртэл яагаад нэг ч банк хүсэлт өгөхгүй байна вэ, ямар учир шалтгаан байна вэ гэвэл ярих учир начир бий. Хүмүүс дотоодын банкныхаа үйл ажиллагааг хамгаалахын тулд Монголбанк зөвшөөрөл өгдөггүй гэж харддаг. Түүх яривал, 2011 онд Монгол Улсын эдийн засаг 17.3 хувиар өссөн. Энэ нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт болсон. Тухайн үед манай банкны хууль маш чанга байлаа. Дэлхийн шилдэг буюу “Bankers almanac” сэтгүүлийн эхний 100-д бичигдсэн банкийг оруулж ирэхийг зөвшөөрнө. Мөн гадаадын банк эхний нэг жил төлөөлөгчийн газраа нээж ажиллуулсны дараа салбараа нээх хүсэлтээ өгөх боломжтой гэх зэрэг зохицуулалттай байсан.
Тухайн үед Английн “Standard chartered”, Голландын ING банк төлөөлөгчийн газраа нээсэн. Дараа нь Японы SMBC, MUFJ, Хятадын ICBC, “Bank of China” төлөөлөгчийн салбараа нээсэн. Бүгд л дэлхийн шилдэг 100-д багтдаг банкнууд. “Standard chartered” бол “Оюутолгой” төслийн санхүүжилтийг хийхэд гол үүрэгтэй оролцож буй банк. Тиймээс “Оюутолгой” төсөлтэй холбоотойгоор төлөөлөгчийн газраа нээсэн гэж ойлгож болно. “Дубайн гэрээ”-г байгуулахад “Оюутолгой” төслийн санхүүжүүлэлтийг заавал Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах банкаар дамжуулахгүй гэсэн заалт оруулсан. Иймээс “Standard chartered” төлөөлөгчийн газраа гаргасан. Голландын ING бол Олон улсын бонд, үнэт цаас дээр ажилладаг банк. Засгийн газрын гаргасан гадаадын бондуудад санхүүгийн зуучлагчаар оролцож байсан. Мөн Засгийн газар дотоодод төгрөгийн бонд гаргахад ч зуучлагчаар ажиллаж байлаа. Засгийн газар 2017 оноос хойш дотоодод бонд гаргасангүй. Хийх ажилгүй болсон учраас тэднийх гарч явсан. Араас нь Японы хоёр банк Ковидын дараа 2022 онд гарсан. Олон улсын нөхцөл хүнд байгаа учраас алдагдал өндөр байна, эдийн засгийн нөхцөл сайжрахаар буцаж ирнэ гэж хэлээд явсан. Энэ хоёр банк Таван толгойн цахилгаан станцын санхүүжилтийг хийх зорилготой байсан болов уу.
Одоо Хятадын хоёр банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна. ICBC бол хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн том банк. Хоёул Хятадын төрийн өмчит банкнууд. Төрийн өмчит банкнууд учраас Засгийн газраас зөвшөөрөл авсны дараа манайд хүсэлтээ өгөх зохицуулалттай. Гэвч одоохондоо Засгийн газарт хүсэлт өгөөгүй гэсэн мэдээлэлтэй байна. Манай улс 3.5 сая хүн амтай. Ийм тооны хүнд 12 арилжааны банк үйлчилж байна. Тэдний хажуугаар, дээр нь 3.5-хан сая хүнд үйлчлэх гэж гадаадын банк орж ирэхгүй. Том мега төслүүд хэрэгжүүлбэл, харин гадаадын банк Монголыг сонирхоно.
Дэлхийн дахинд дайн гарч байна. Терроризмыг санхүүжүүлэх явдал, хууль бус наймаа газар авч, төвөгтэй байдал үүссэн. Тиймээс Мөнгө угаах терроризмтой тэмцэх хууль баталсан. Энэ хуулийн нөхцөл, шаардлага маш хатуурсан учраас банкнууд болгоомжилдог болсон. Мэдэхгүй газар, харилцагчаа танихгүй байж үйлчилгээ үзүүлээд эрсдэлд орох тохиолдол их. Хэрэв алдаа гаргавал авах арга хэмжээ хатуу болсон. Жишээ нь, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй холбогдвол тэрбум ам.долларын торгууль тавих тухай ч яригддаг. Тиймээс эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцчих вий гэсэн болгоомжлол банкнуудад өндөр болсон. Манай улс 2019 онд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх “Саарал жагсаалт”-д орж байсан. Хэдийгээр “Саарал жагсаалт”-аас гарсан ч нөхцөл сайжруулахгүй байгаа нь зарим жишээнээс харагддаг. АНУ-ын хэд хэдэн банк манайханд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байсан бол одоо нэг л банк үлдсэн. Гадаадын банк ам.долларын эх үүсвэртэй орж ирээд хямд зээл өгнө гэж манайхан ойлгоод байдаг. Макро эдийн засгийн орчинтой нь уялдуулахаар өндөр хүүтэй зээл өгөхөөс аргагүй болно. Манайхан олон улсын зах зээлд бонд гаргаж байгаа ч хангалттай хямд мөнгө олж ирж чадахгүй л байна.
-Манай банкнууд тогтвортой хөгжлийн зорилтуудыг эрхэм болгож ажиллана гэдэг болжээ. Энэ ямар чиг хандлага яваад байна вэ?
-Ногоон санхүүжилт хийх үү, тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн төслийг санхүүжүүлэх үү, жендерийн мэдрэмжтэй буюу эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл өгөх үү гэдэг нь банкнуудын өөрсдийнх нь асуудал. Төв банкны зүгээс ингэвэл зүгээр, тэгвэл зөв гэж шууд үүрэгдэж зөвлөдөггүй. Харин хэд хэдэн банк тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн төслүүдийг санхүүжүүлж ашиглана гэсэн маркетинг хийж байна лээ. Бидний хувьд банкнуудын бизнесийн дотоод асуудал биш, харин санхүүгийн тогтвортой байдал чухал. Монголбанкны зохицуулалт санхүүгийн тогтвортой байдлаа хангаж, хүчтэй доргилт үүсгэхгүй байхад л чиглэх ёстой.
Нөгөөтээгүүр, банкнууд тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн төслүүдийг санхүүжүүлж эхэлсэн нь санхүүгийн эх үүсвэртэй холбоотой гэж харж байна. Хөгжингүй орнуудын том сангууд, томоохон корпорацууд хэрэв ногоон зээл олговол, тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн төсөл санхүүжүүлбэл хямд эх үүсвэр өгье гэдэг. Тэгэхээр амлалт өгөөд хямд санхүүжилт татчихвал үйл ажиллагаагаа тийш нь чиглүүлэх нь зүйн хэрэг. Манай банкнууд мэдрэмжтэй ажиллаж, харьцангуй хямд эх үүсвэр олж ирж байна. Түрүүч нь ногоон бонд гаргасан. Ялангуяа эмэгтэй захиралтай компаниуд хөнгөлөлттэй зээл авч чаддаг болсон. Энэ нь эмэгтэй удирдлагатай банкнууд жендерт зориулсан зээл олгох хямд эх үүсвэр татаж чадаж байгаатай холбоотой. Цаашдаа хүлэмжийн хийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоохын тулд Монгол Улс, Монголбанк ногоон зээл, санхүүжилтийг дэмжсэн бодлого, зохицуулалт баримтлахаас өөр аргагүй болно.
-Манай банкнууд ногоон санхүүжилтэд хэр хэмжээний мөнгө зарцуулаад байна вэ?
-Юуны түрүүнд ногоон бизнес үү, эсхүл бор уу гэдгийг нь ялгаж салгах хэрэгтэй. Ногоон бизнес гэж яг юуг хэлэх вэ гэдэг шалгуур үзүүлэлтийг төрөөс гаргаж өгөх ёстой юм. Олон улсад “Ногоон таксономи” гэсэн ойлголт гарсан. Таксономи нь ногоон хөгжлийн тодорхойлолт, шалгуурыг хэлж байгаа юм. Жишээ нь, ус савалдаг үйлдвэр байлаа гэж бодъё. Тэр үйлдвэр усны саваа гүний усаар угааж цэвэрлэж байвал ногоон бизнес биш. Харин саваа саарал усаар угааж байвал ногоон бизнес болно. Тэгэхээр ийм бизнесийг хөнгөлөлттэй санхүүжилтээр дэмжих ёстой. Өөрөөр хэлбэл, бизнесээ ногоон болговол хөнгөлөлттэй санхүүжилт авах боломж бизнесүүдэд байна гэсэн үг. Монголбанкнаас санаачилга гаргаж, 2019 онд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс “Ногоон таксономи” баталж байсан. Дараа нь НҮБ тогтвортой хөгжлийн таксономи-г баталсан. Өмнө нь “Ногоон таксономи” найман бүлгийг хамарч байсан. Тэгвэл 12 бүлгийг хамруулан өргөжүүлсэн.
Банкны салбарын нийт зээлийн хэмжээ 30 их наяд төгрөг давлаа. Үүний 2.7 хувь нь ногоон зээл гэсэн бүртгэлтэй байна. Бид 2019 оноос өмнө ямар нь ногоон зээл гэдгийг ялгаж мэддэггүй байсан бол одоо ялгаж байгаа. Манайх 2030 онд гэхэд нийт зээлийн багцын 10 хувийг ногоон болгоно гэсэн зорилго тавьсан. Санхүүгийн салбар ногоон шилжилтийн нэг хөшүүрэг болох ёстой.
-Монголбанк саяхан “Инновацын оффис” нээсэн. Энэ ямар үйл ажиллагаа явуулах төв вэ?
-Ярилцлагын эхэнд Монголбанк Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төлбөр тооцоог дамжуулах үүргийг хуулиар хүлээснийг хэлсэн. Энэ үүргийнхээ хүрээнд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг санаачилж, УИХ-аар батлуулсан. Өнөөдөр банк хоорондын том дүнтэй төлбөр тооцоо бүрийг Монголбанк дамжуулж байна. Таван сая төгрөгөөс дээш дүнтэй төлбөр тооцоог том дүнтэй гэдэг. Дээрээс нь хүн бүр төлбөрийн карттай болчихлоо. Төгрөгийн картын төлбөр тооцоо Монголбанкаар дамжиж байна. Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж, банкнуудын төлбөр тооцоог Монголбанк зангидаж байна.
Төлбөр тооцоог хялбарчлах, зардлыг бууруулах олон санал, санаачилга гардаг. Тэдгээр санал санаачилгыг ярих биш, турших хэрэгтэй. Тиймээс финтекийн туршилт, хөгжүүлэлт хийх өрөөг Монголбанк бий болголоо. Тэнд манайх төлбөр тооцооны бүх программуудаа суурилуулсан. Хийсвэрээр ярих биш, бодит орчинд, манай программуудтай аппликейшнээ холбоод туршилт хийж болно. Үнэхээр төлбөр тооцоог хөнгөлсөн, хялбарчилсан программ зохиосон байвал авч ашиглана.
-Банкнууд зээлээ төлөөгүй хүний араас гурван жил хөөцөлддөг хэвээр. Барьцаа хөрөнгийг нь хурааж зээлээ төлүүлэх шүүхийн процесс гурван жил үргэлжилдэг гэдэг. Банкнууд муу зээлээс хамгаалж, эрсдэлийн сан байгуулдаг, шүүхийн процесс зардал нэмдэг. Эдгээр хүчин зүйл нь зээлийн хүүг өсгөхөд нөлөөлдөг. Монголбанкнаас тусгай активын компани байгуулж, муу зээлийг нь худалдан авч, банкны эрсдэлийг бууруулах хууль санаачилж байсан. Энэ хуулийг яагаад батлаагүй вэ?
-Тусгай активын удирдлагын компани нь санхүүгийн салбарын нэг дэд бүтэц болдог. Өмнөд Солонгос, Япон улсад төрийн мэдлийн ч, хувийн хэвшлийн ч тусгай активын компани ажилладаг. Монголбанк санхүүгийн хямралын хүнд үед, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орчихсон байх үед тусгай активын компани байгуулах хуулийн төсөл санаачилсан. Энэ компани нь банкны системийн муу активыг, өөрөөр хэлбэл, муу зээлийг худалдаж аваад, дараа нь өр барагдуулах ажлыг гүйцэтгэдэг. Тусгай активын компани зөвхөн муу биш, сайн актив дээр ч ажиллаж болно.
Өнөөдөр Монголд сайн актив дээр ажиллаж буй тусгай активын компанийн жишээ бий. МИК банкуудын орон сууцны зээлүүдийг багцлан барьцаалж, үнэт цаас гаргадаг. Энэ бол банкны сайн актив дээр ажиллаж буй жишээ. Зээлийн багц бүртээ л тусгай активын компани байгуулдаг. Харин муу актив дээр ажиллах тусгай активын компанийн эрх зүйн орчин байхгүй. Тийм ч учраас Монголбанк өр худалдаж авдаг тусгай активын компанийн ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилго бүхий хуулийн төсөл боловсруулсан. Тухайн үед УИХ-д уг хуулийн төслийг өргөн барьсан. Гэхдээ өргөн барьсан гишүүн дахиж сонгогдоогүй. Сонгогдоогүй гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг эгүүлэн татдаг зохицуулалттай юм билээ. Тэгээд хуулийн төслийг хэлэлцээгүй.
Энэ хуулийн төслийг хувийн секторт төвлөрсөн байдлаар нь батлах шаардлага бий. Жишээ нь, “Капитал” банк дампуурч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг мөнгө алга боллоо. Яаж олж авах вэ гэж ярьцгааж байна. Хэрвээ активын удирдлагын компаниуд байсан бол аль хэдийн худалдаж аваад, төрийг хохиролгүй болгочих байсан болов уу. Гэтэл Монголбанк “Капитал” банканд эрх хүлээн авагч томилоод өр барагдуулах ажлыг өнөөдрийг хүртэл гүйцэтгэж байна. “Капитал” банкны эздэд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Ингэхээр бүх хөрөнгийг нь битүүмжилдэг юм байна. Тэгэхээр барьцаа хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй болж, их хугацаа алдаж, авлага авах ёстой газрууд ч ихээхэн хохирч байна. Ийм тохиолдолд активын удирдлагын компани хөрөнгө мөнгийг маш хурдан эргэлтэд оруулдаг. Активын удирдлагын компани сайн ажиллаж чадвал үр ашиг ч олно. Харамсалтай нь төрийн хөрөнгөөр муу зээл худалдаж авах гэлээ гээд энэ санаачилгыг дэмждэггүй улстөрчид бас бий.
-Зээлийн мэдээллийн сангийн “хар жагсаалт”-д орсон хүмүүсийн лавлагаанд нэг удаагийн тохируулга хийж хэвийн болгосон. Цаашдаа “хар жагсаалт” гэсэн ойлголт байхгүй болно гэж Монголбанкныхан ярьж байгаа. Ямар өөрчлөлт хийх гэж байна вэ?
-Монголбанк 1990 оны эхнээс зээлийн мэдээллийн санг үүсгэсэн. Олон банкнаас зээл авч, эрсдэл үүсгэхгүйн тулд мэдээллийг нь хуваалцаж байх зорилготойгоор байгуулсан. Банкнаас ямар ч төрлийн зээл авсан зээлийн түүх нь энэ санд бүртгэгддэг. Нэг банкнаас зээл аваад төлөхгүй хугацаа хэтрүүлсэн бол дараа нь зээл авахад мэдээлэл нь харагддаг. Тийм тохиолдолд банкнууд зээл өгөхгүй нь тодорхой. Түүнийг Монголбанкны дүрэм журамтай холбоотой гэж ойлгоод иргэдийн дунд “хар жагсаалт” гэдэг ойлголт бий болсон. Уг нь бол тусгайд нь жагсаалт гаргаж бүртгээд байдаггүй.
Энгийнээр хэлбэл “Зээлийн мэдээллийн сан” гэдэг нь дунд сургуулийн сурлагын дэвтэр л юм даа. Сурлагын дэвтэр ямар дүнтэй сурдаг байсныг чинь илтгэдэг шиг зээлийн мэдээллийн сан ямар зээлийн түүхтэйг чинь харуулдаг. Ер нь бол зээлийн мэдээллийн санд тулгуурлан программ хангамжийн тусламжтайгаар оноо өгдөг систем дэлхийд хөгжчихсөн. АНУ-ын FICO компанийн зохиосон оноо өгдөг аргачлалын дагуу олон компани зээлдэгч нарт оноо өгөөд явж байна. АНУ-ын иргэн нэгдүгээрт, төрсөн өдрөө, хоёрдугаарт “social security number” буюу нийгмийн үйлчилгээнд хамрагддаг дугаараа, гуравдугаарт зээлийн оноогоо цээжээр мэддэг гэдэг. Тэнд санхүүгийн үйлчилгээ авах бүрд “Та зээлийн ямар оноотой вэ” гэж асуудаг. Тэгэхээр зээлийн оноо ч маш чухал байх нь аргагүй.
2011 онд баталсан “Зээлийн мэдээллийн сангийн тухай хууль”-ийг үндэслэн хоёр компани Монголбанкнаас зээлийн оноо өгөх зөвшөөрөл авсан. Тэр хоёр компани FICO-той хамтарч ажиллаж байгаа юм билээ. Одоо нэг нь зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг ашиглаж оноо өгөх системийг нэвтрүүлэх гэж байна. Тэдгээр компани зээлийн мэдээллийн сангийн түүх дээр үндэслэж оноо өгнө. Тэгэхээр Монголбанкны “хар жагсаалт” гэдэг ойлголт байхгүй болно. Зээлийн оноо нь муу байвал зээлийн хэмжээ нь багасаж, хүү нь өсөх зэрэг төвөгтэй байдал үүснэ. Гэхдээ нэг оноо өгөөд насан туршид нь түүнийг нь баримтална гэж ойлгож болохгүй. Хүн муу оноотой байлаа гэхэд дараагийн удаа зээл аваад, тэрийгээ цаг тухайд нь, эсвэл хугацаанаас нь өмнө төлбөл оноо нь сайжирна. Зөвхөн зээл төдийгүй утас, цахилгаан, дулааны төлбөрөө цаг тухайд төлөөд байвал оноо нь өснө. FICO-гийн онооны системийг дэлхийн 40 гаруй орон нэвтрүүлээд байгаа. Энэ аргачлалыг нэвтрүүлсэн орнуудад ч зээлийн оноо нь үйлчлэх боломжтой.
Таны асуусан тэр зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд нэг удаагийн тохируулга хийсэн тухайд гэвэл зээлийн мэдээллийн сангаас сүүлийн зургаан жилийн зээлийн мэдээлэл харагддаг. Гэтэл сүүлийн зургаан жилд цар тахал дэгдлээ. Олон улсад хурцадмал байдал үүслээ. Төвөгтэй он жилүүд байсан. Ковидоос шалтгаалж олон ч бизнес хүндрэлд орсон. Ковидоос болоод бараа, түүхий эд гацаж, миний бизнес зогсож, зээлээ төлж чадахгүй “хар жагсаалт”-д орсон гэж ярихыг олон сонссон байх. Тиймээс нөхцөл байдал харьцангуй тогтворжиж, эдийн засаг ч гэсэн алгуурхан сэргэж байгаа учраас зээлийн муу түүхтэй иргэдэд нэг удаа боломж олгож тохируулга хийсэн. Илүү тодорхой хэлбэл зээлийнхээ хугацааг хэтрүүлсэн ч зээлээ бүрэн төлсөн хүмүүсийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй болгосон. Түүнээс зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийг “өршөөгөөд” байж бол болохгүй л дээ.
-“Банкнууд ипотекийн зээл авах хүсэлтийг Монголбанкнаас санхүүжилт өгөхгүй байгаа учраас удаашралтай байна. Хүлээж авах боломжгүй” гэсэн хариулт хэлж аргалж ирсэн. Учир мэдэх хүмүүс энэ бол банкнуудын зээлийн хүсэлтийг хүлээж авахаасаа бултах нэг арга нь гэдгийг мэднэ. Ипотекийн зээлийн санхүүжилт үнэхээр бага байсан. Засгийн газар өнгөрсөн хавар “Үндэсний баялгийн сан”-д хуримтлагдсан хөрөнгөөс ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмсэн. Цаашид ипотекийн зээлийн санхүүжилт хэрхэхээр байна вэ?
-Ипотекийн зээлийг хэвийн олгож байна. Ипотекийн зээлийн эх үүсвэрт Монголбанкны санхүүжилт дурдагдаад байдаг нь учиртай. Монголбанк 2013 оноос ипотекийн зээлийн хөтөлбөрийг санаачилж, анх найман хувийн хүүтэй байсан бол одоо зургаа болсон. Ипотекийн зээл маш хөнгөлөлттэй хүүтэй хөтөлбөр. Зах зээлийн дундаж хүү 18 хувь байна гэж үзвэл бараг 12 хувийн хүүгийн хөнгөлөлттэй гэсэн үг. Арилжааны банк 12 хувийн хүүтэй хадгаламж татчихаад зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл гаргах боломжгүй. Өнөөдөр олгож байгаа ипотекийн зээлийн эх үүсвэрийн 80 хувь нь Монголбанкнаас, 20 хувь арилжааны банкнаас гарч буй. Хоёр талын эх үүсвэр холилдоод зургаан хувийн хүүтэй зээл болж иргэнд очиж байна. Мөнгөний бодлогын хүү зургаан хувь байх үед хүүгийн зөрүү бараг байхгүй байсан. Тиймээс нийт санхүүжилтийн 60 хувийг Монголбанк, 40-ийг нь арилжааны банк гаргаж байлаа. Зээлийн хүү нэмэгдсэн учраас Монголбанкны оролцоо 80 хувьд хүрсэн.
Төв банкны тухайд хуульд 2018 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ямар нэг хувь хүн, аж ахуйн нэгж, салбарыг дэмжсэн, төсвийн шинжтэй хөнгөлөлттэй санхүүжилт олгохыг хориглосон. Хуульд тодорхой заасанчлан Ипотекийн санхүүжилтийг дэмжих нь төсвийн шинжтэй үйл ажиллагаа мөн. Гэхдээ иргэдийг тав тухтай орчинд амьдруулах гэсэн нийгмийн зорилгын хүрээнд ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Уг хуулийг 2019 оноос мөрдөж эхэлсэн учир Монголбанк ипотекийн хөтөлбөрөөс гарах ёстой байсан. Гэтэл Ковидын тухай хуулиар ипотекийн хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэхийг УИХ зөвшөөрсөн. Ковидын хуулийн хугацаа дуусахад мөн л хөтөлбөрөөс гарах шаардлага үүссэн. УИХ-аас дахин тогтоол гаргаж, Засгийн газарт шилжүүлтлээ Монголбанк хөтөлбөрийг үргэлжлүүл гэсэн. Үргэлжлүүлэхдээ нэг төгрөг ч нэмж санхүүжүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтөөр нь зээл олгоорой гэсэн үүрэг өгч, шийдвэр гаргасан. Ингээд Төв банк энэ зарчмын дагуу хөтөлбөрийг үргэлжлүүлж байгаа. Ипотекийн зээлийн эргэн төлөлт одоогоор жилд 500 орчим тэрбум төгрөг байна. Ийм хэмжээний мөнгө арилжааны банкнуудад Монголбанкнаас очиж, банкнууд өөрсдөө 200 орчим тэрбумын санхүүжилт хийгээд нийт 700 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт ипотекийн зээл рүү гарч байна. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн санхүүжилт энэ хэмжээнд хязгаарлагдаж байсан.
Харин УИХ-аас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг энэ онд батлаад доороо “Ирээдүйн өв сан”, “Хуримтлалын сан”, “Хөгжлийн сан” гэсэн гурван сантай байхаар зохицуулсан. Улмаар Хуримтлалын сангийн хөрөнгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ онд Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулна. Тэгэхээр энэ жил ипотекийн зээлийн санхүүжилт 1.2 их наяд төгрөг болно. Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийн санхүүжилтэд 900 тэрбум төгрөг гаргачихаад байна. УИХ тогтоол гаргахдаа хот, хөдөөгийн тэнцвэртэй байдлыг хангах үүрэг өгсөн. Өмнө нь нийт ипотекийн зээлийн санхүүжилтийн 85 хувь нь нийслэлд, 15 хувь нь орон нутагт ногддог байсан. Тэгвэл одоо санхүүжилтийн 65 хувь нь нийслэлд, 45 хувь нь орон нутагт хуваарилагдаж байна. Олон харилцагчтай учраас ХААН, Төрийн банк хоёрт ипотекийн зээл хүссэн нэлээд дараалал үүсдэг.
Ипотекийн зээлийг дараалал хүлээхгүйгээр шууд очоод авдаг тогтолцоог бүрдүүлэхээр Монголбанк, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамны хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Ингэхдээ Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хот, хөдөөгийн сэргэлтийн бодлоготой уялдуулан нийслэлийн А бүсэд ипотекийн зээлээр орон сууц худалдаж авбал хүү нь арай өндөр байхаар, хотын захын хороололд, эсхүл дагуул хот, хөдөө орон нутагт орон сууц худалдаж авбал хөнгөлөлттэй хүүтэй байх зохицуулалт хийхээр ажиллаж байна.
Түүнчлэн Үндэсний орон сууцны корпорацын тухай хуулийг Засгийн газраас санаачлахаар болсон. Тиймээс уг хуультай уялдуулсан байдлаар санхүүжилтийн зохицуулалт хийх гэж байна. Хотын А бүсэд орон сууц худалдаж авбал зургаа биш, 10 хувийн хүүтэй зээл олгодог ч юм уу, ийм байдлаар зохицуулна. Мөн амины орон сууц худалдаж авбал ипотекийн зээл олгодог болно. Хэрэв 10 хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлбэл, заавал Төв банкны эх үүсвэрийг харахгүй, бонд гаргаад санхүүжүүлэх нөхцөл ч бүрдэнэ. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын урт хугацаатай мөнгөөр үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авах замаар ч санхүүжүүлж болно. Барьцаа хөрөнгө нь орон сууц учраас найдвартай үнэт цаас байна. Энэ мэт олон зүйлийн шийдэл болохоор сайн хөтөлбөр гаргах болов уу гэж бодож байна.
-Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдал ямар байна вэ гэсэн асуултаар ярилцлагаа өндөрлөе.
-Тоон илэрхийллээр хэлэхэд ямар байгаа нь тодорхой харагдана. Арилжааны том таван банк хувьцаат компанийн хэлбэрт шилжлээ. Хуучин нэг эзэнтэй, түүний банк, үүний банк гэж ярьдаг байсан бол IPO хийсэн зургаан банкны хувьцааг 73 мянган хөрөнгө оруулагч эзэмшиж байна. Олон нийтийн хараа хяналттай банкнуудтай болсон гэсэн үг. Банкнууд жил бүр хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж байна. Ногдол ашиг тараадаг боллоо. Засаглал нь улам сайжирч байна гэсэн үг.
Банкнуудын өөрийн хөрөнгөтэй нь хамааралтай олон үзүүлэлт байдаг. Олон улсад банкнуудын өөрийн хөрөнгө нийт активынхаа есөн хувиас багагүй байна гэсэн жишиг баримталдаг. Монголын банкнуудын өөрийн хөрөнгө нийт активынхаа 15 хувьтай дүйж байна. Нэг үгээр хэлбэл, өөрийн хөрөнгийн үзүүлэлт нь өндөр байна гэсэн үг. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар гэж үзүүлэлт бас бий. Банк харилцагчийн хадгаламжийн мөнгийг анхны шаардлагаар гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Манай банкнуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 40 хувьтай байна. Олон улсад энэ үзүүлэлтийг 25 хувь байх ёстой гэж үздэг. Банкнуудын нийт олгосон зээл 30 их наяд төгрөгт дөхлөө. Нийт зээлд чанаргүй зээлийн эзлэх хэмжээ 5.6 хувь байгаа. Чанаргүй зээлийн хэмжээ 2015 оноос хойш байгаагүй сайн түвшиндээ хүрсэн гэсэн үг. Банкны сектор санхүүгийн салбарын 80-90 хувийг эзэлдэг гэж үзвэл институт талаасаа маш тогтвортой байна гэж үзэж болно.
Монгол Улсын бүхэлд нь авч үзвэл, санхүүгийн тогтвортой байдлын өөр нэг чухал үзүүлэлт нь гадаад өр. Шри Ланк улс дефолт зарлаж байх үед дараагийнх нь Монгол Улс болно гэж яригдаж байсан. Төсвийн орлого сайн байгаа учраас Засгийн газар өрөө сайн төлж байна. Өмнө нь гаргасан бондуудынхаа тодорхой хэсгийг эргүүлж төлөөд, үлдсэнийг нь дахин санхүүжүүлэх замаар хугацааг нь сунгалаа. Ойрын хоёр жилд Засгийн газар ямар нэг томоохон өр, төлбөр төлөхгүй. Тиймээс дефолт зарлах аюулгүй болсон. Монголбанк 2011 оноос хойш Хятадын Ардын банктай своп хэлцэл хийж, юань аваад явж байсан. 2016 онд своп хэлцлийн манай талын төлөх дүн 12 тэрбум юань буюу тухайн үеийн ханшаар хоёр тэрбум ам.доллартой тэнцэх өр үүссэн байлаа. Монголбанк өнгөрсөн оноос свопынхоо төлбөрийг хэсэгчлэн хийгээд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар зургаан тэрбум юань буюу 800 гаруй сая ам.доллартой тэнцэх өр үлдсэн. Бид свопын өрөө 50 хувь хүртэл бууруулж чадсан гэсэн үг. Нөгөө талдаа Монгол Улс 4.7 тэрбум долларын валютын нөөцтэй болсон. Үлдсэн 800 сая ам.долларыг төлөх хангалттай хэмжээний нөөц цуглачихсан учраас өрийн дарамт байхгүй.
Гэхдээ Монгол Улсын нийт гадаад өр өссөөр байна. Монгол Улс 34 тэрбум ам.доллартой тэнцэхүйц хэмжээний гадаад өртэй. Одоо хувийн секторын өр давамгайлах болсон. Нийт өрийн 30 хувь нь “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтынх. “Оюутолгой” компани ирэх жилээс өндөр хүчин чадлаар ажиллаад эхлэхээр өрөө дараад явах учраас улсын өр багасна гэж тооцож байна. Бусад нь бол бүгд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийхээр тавьсан өр. Тухайн байгууллага дампуурсан ч хөрөнгө оруулагч хариуцах учраас манай улсад эрсдэлгүй. Үлдсэн хэсэг нь Засгийн газар, Монголбанк, банкнуудын өр эзэлдэг ч Засгийн газар, Монголбанкны өр ийнхүү буурч байна. Ерөнхийдөө өрийн дарамт бага байна гэж үзэж болно. Цаашид Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсвөл мэдээж хэрэг байдал илүү сайжирна. Түүнийг дагаад зээлийн хүүг бууруулаад явбал эдийн засгийн нөхцөл улам л сайжирна гэж харж байна.
Ярилцсанд баярлалаа