Н.Цэрэнсамбуу: “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй компани болох ажлын хүрээнд дөрвөн хувилбар гаргаад холбогдох бэлтгэлүүдийг хийж байна
- 2025/11/20 14:57
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуутай ярилцлаа.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийг үүсгэн байгуулаад 15 жил болжээ. Тэгэхээр 15 жилийн үйл ажиллагааг дүгнэж ярилцъя. “Эрдэнэс Тавантолгой” компани 15 жилийн хугацаанд хэдэн төгрөгийн борлуулалтын орлого олов. Улсын төсөвт хэдэн төгрөгийн орлого оруулсан бэ, хэдэн төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бэ, хэдэн төгрөгийн ногдол ашиг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилсан бэ, дэд бүтцийн болон бусад төслийг санхүүжүүлэхэд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийв гэх мэт санхүүтэй холбоотой мэдээллүүдийг хэлээд өгөөч?
-“Эрдэнэс Тавантолгой” компани 2010 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш энэ оны гуравдугаар улирлын байдлаар 176 сая тонн нүүрс олборлоод, 166.3 сая тонн нүүрс борлуулж, нийт 37.4 их наяд төгрөгийн орлого оллоо. Улсын төсөвт өнөөдрийн байдлаар 11 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа ногдол ашиг тараасан. Хувьцаа эзэмшигч иргэддээ нийт 2.2 их наяд төгрөгийн ногдол ашиг тараалаа. Цэвэр ашгийн хувьд 15 жилийн нийлбэр дүн 12.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Тодруулаад яривал, 2022 онд 11 сая тонн нүүрс олборлож байсан бол 2023 онд 28, 2024 онд 30, энэ онд одоогийн байдлаар 24 сая тонн нүүрс олборлоод байна. Анх 2019 онд манайх борлуулалтаа нэг тэрбум ам.долларт хүргэж байсан. Тэгвэл 2022 онд 3.5, 2023 онд 9.5, 2024 онд 10.3 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллалаа. Цэвэр ашгийн хувьд 2022 онд 1.3, 2023 онд 3.5, 2024 онд 4.5 их наяд төгрөгт хүрсэн. Татвар төлөлтийн хувьд 2023 онд 2.8 их наядыг төлж байсан бол 2024 онд 3.5 их наяд төгрөгийн татвар төлж, Монголын Улсын шилдэг татвар төлөгчөөр удаа дараа шалгарлаа. Энэ онд БНХАУ-ын нүүрсний зах зээл нэлээн сорилттой байлаа. Ялангуяа энэ оны эхний зургаан сард нүүрсний үнэ огцом унасан. БНХАУ-ын Ганцмод боомтод байгаа хатуу коксжих нүүрсний үнэ сүүлийн зургаан жилийн доод түвшиндээ хүрсэн. Ийм сорилттой үед “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайчин хамт олон бүх боломжит арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар 4.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 1.2 их наядын цэвэр ашигтай, татвар, хураамжид 1.2 их наяд төгрөг төлсөн. Дөрөвдүгээр улиралд нэлээд хэмжээний орлого төвлөрүүлнэ гэсэн өндөр хүлээлттэй ажиллаж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль, холбогдох журмын дагуу сүүлийн гурван жилд нүүрсээ биржээр арилжлаа. Энэ нь манай компанийн орлого, ашиг нэмэгдэхэд ихээхэн нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” компани борлуулалтын бодлого дээрээ нээлттэй, ил тод байх зарчмыг баримталж, өндөр үнэ санал болгосонд нүүрсээ худалддаг болсны үр шим гэж ойлгож болно. Хууль, журам батлагдсанаас буюу 2022 оны аравдугаар сарын 26-наас хойш “Эрдэнэс Тавантолгой” компани ам нөхцөлтэй гэгддэг гэрээ нэгийг ч байгуулаагүй. Мэдээж Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Чайна энержи” компанитай 2025 онд байгуулсан гэрээ бол ам нөхцөлтэйгээр эхэлсэн. Үүнийг эс тооцвол ам нөхцөлтэй гэрээ дахиж хийгээгүй.
-Та хөрөнгө оруулалттай холбоотой мэдээллээ хэлээд өгөх үү. “Эрдэнэс Тавантолгой” компани баяжуулах үйлдвэр барих, “Тавантолгой түлш”-ийг байгуулах, төмөр зам тавих зэрэгт зориулж хөрөнгө оруулалт хийсэн шүү дээ.
-“Эрдэнэс Тавантолгой” компаниас санхүүжүүлж хэрэгжүүлсэн төмөр замын төслүүд газрын тос дамжуулах хоолой, энэ онд хэрэгжүүлж эхэлж байгаа хил холболтын төмөр зам гэх мэтчлэн Засгийн газар болон бусад холбогдох газруудын шийдвэртэй найман төсөл бий. Энэ төслүүдийн хүрээнд гэрээний дагуу 9.4 их наяд төгрөгөөр санхүүжилт хийх үүргийг манай компани хүлээсэн. Одоогоор эдгээр төслүүдэд 7.3 их наяд төгрөгийн санхүүжилт олгоод байна. Цаана нь гурван их наяд төгрөгийн санхүүжилт үлдэж байна гэсэн үг. Энд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, энэ хоёрыг холбосон холболтын төмөр зам, газрын тос дамжуулах хоолой барих төслийг нэрлэж болно. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондох хэлэлцээрийн дагуу хил холболтын төмөр замыг тавих 848.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” компани хийж байгаа. Мөн Богдхан төмөр замыг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн. “Тавантолгой ДЦС”-ын 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” санхүүжүүлэх үүрэгтэй. Одоогоор энэ төслийн хэрэгжилтийн хувь тун бага. Төслийн бүтээн байгуулалтын сонгон шалгаруулалт үргэлжилж байгаа учраас манайх санхүүжилт хийгээгүй байна. Сайжруулсан түлш үйлдвэрлэж, борлуулдаг “Тавантолгой түлш” компанийг байгуулсан цагаас нь хойш айл өрхүүдэд худалдаж буй нүүрсний үнийг зөрүүг манай компани хариуцаж санхүүжүүлж ирсэн. Иймэрхүү төслүүдийг холбогдох байгууллагуудын өгсөн үүрэг чиглэлийн дагуу хийж байна. Компани өөрөө нүүрс баяжуулах үйлдвэр барьсан. Загийн усны хоолойгоос гүний ус уурхай руу шахах төсөл, Тавантолгой ложистикийн төв байгуулах төсөл, баяжуулах үйлдвэр рүү туузан дамжуулга татах гэсэн дөрвөн төсөл хэрэгжүүлсэн. Мөн компани нүүрс олборлолтын техник хэрэгслүүд худалдан авсан. Ингэснээр нийт олборлолтынхоо 30 хувийг өөрсдөө хийх хүчин чадал бүрдүүлээд байна.
-“Эрдэнэс Тавантолгой” компани сая ярьсан төслүүдийг санхүүжүүлэхийн тулд хоёр удаа бонд гаргасан. Одоо компанийн өр, төлбөрийн хэмжээ хэдэн төгрөг байгаа вэ?
-Манайх хоёр удаа бонд гаргасан. Бондын төлбөрүүдийг 2024 онд хугацаанаас нь өмнө төлж барагдуулсан. “Эрдэнэс Тавантолгой” компанийг их хэмжээний зээл аваад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд өртэй байна гэж иргэд ойлгоод байх шиг. Аль нэг санхүүгийн байгууллагаас зээл аваад өртэй болсон зүйл манай компанид байхгүй. Түрүүнд дөрвөн удаа ногдол ашиг тараасныг дурдсан. Иргэдэд ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараасан. Харин төрийн мэдлийн хувьцаанд ногдох ногдол ашиг манай компанийн балансад өр, төлбөр гэж бүртгэгдээд явж байгаа. Өнгөрсөн онд Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийг ногдол ашгийн төлбөрөөр хаахаар шийдвэрлэсэн. Хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байна. Жишээ нь түрүүнд дурдсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 1.2 тэрбум ам.долларын өртөгтэй. Төгрөг рүү хөрвүүлбэл гурван их наяд гаруй төгрөгийн санхүүжилт гэсэн үг.
-Тэгэхээр банк санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгжид тавьсан томоохон өр байхгүй гэж ойлгож болох нь.
-Угаасаа байхгүй гэсэн үг. Төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн мөнгөө төрд ногдох ногдол ашгаар хаачихвал компанийн санхүүгийн тайлан баланс цэвэрхэн болчихно.
-Та нүүрсээ биржээр борлуулдаг болсноор манай компанийн ашиг орлого их хэмжээгээр нэмэгдсэн гэж дурдсан. Нүүрсийг биржээр борлуулах, ам нөхцөлөөр борлуулах хоёрын үнийн зөрүү хэр их вэ?
-Борлуулалт талаас нь аваад үзвэл манай хэрэгжүүлж байсан бүх гэрээний мэдээллийг ил болгосон. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний борлуулалтын 581 гэрээг ил болголоо гэсэн мэдээллийг олж харсан болов уу. Гэрээнүүдийг ил болгосноор иргэд, хөндлөнгийн байгууллагууд үзээд, дүгнэлт хийх боломж бүрдсэн. Монголын бүх иргэн хувьцаа эзэмшдэг компанийн хувьд гэрээний мэдээллийг үзэх, дүн шинжилгээ хийх боломжтой байх ёстой. Харин нэг зүйлийг тодруулж хэлэхэд нууцын дардастай гэрээг ил болгоогүй. Хоёр компанийн хоорондын бизнесийн харилцааны гэрээнүүдийг л ил болгосон. Биржийн болон ам нөхцөлийн үнэд ялгаа бий. 2021 онд цар тахал дэгдсэн. Энэ үед нүүрсний үнэ их хэмжээгээр өссөн. Ганц жишээ хэлэхэд 2021 оны улирлын дунджаар Ганцмод боомтод хатуу коксжих нүүрс тонн нь 332 ам.доллар байхад манайх уурхайн амнаас 68 ам.доллароор зарж байлаа. Зарим гэрээ нь улирал тутамд үнийн тохируулга хийж явдаг. Ийм үнийн тохируулгыг олон улсын таван биржийн өмнөх улирлын үнийн дунджаар тооцож хийдэг. Тэгэхээр олон улсын биржийн үнээс хамаараад үнэ улирал бүр дээшилдэг, доошилдог гэсэн үг. Тухайн үед уурхайн амнаас нүүрс худалдаж аваад тооцоо нийлж байсан хамгийн дээд үнэ нь 130 ам.доллар байдаг. Гэтэл хилийн боомтод хатуу коксжих нүүрсний үнэ 300 гаруй ам.долларт хүрчихсэн байх жишээтэй. Ингэхээр бид нүүрсээ хямдхан зарж байсан байгаа биз. БНХАУ-ын нүүрсийн зах зээлийн үнийг sxcoal.com цахим хуудаснаас ороод харчих боломжтой. Тухайн үед тонн хатуу коксжих нүүрсний үнэ 400 ам.долларт хүрсэн ч байж магадгүй. Тэр үед тээврийн зардал нүүрснээсээ үнэтэй болсон. Нэг тонн нүүрсний богинын тээврийг 100 гаруй ам.доллароор хийлгэдэг байлаа. Өөрөөр хэлбэл, нүүрсний орлогын дийлэнхийг уурхай биш худалдан авагч болон тээвэрчид олдог байлаа. Ам нөхцөлтэй гэж яригддаг тухайн үеийн гэрээнүүдийн сонгон шалгаруулалтын журам буруу байсан учраас нүүрсээ хямд зарсан. Жишээ нь, компанийн вэбсайтад нэг сая тонн нүүрс зарна гэсэн зар байршуулна. Тэр зарыг харсан сонирхогч этгээдүүд үнийн саналаа ирүүлнэ. За 70 ам.доллароор босго үнэ тогтооё гэж бодъё. 19 компани 70 ам.доллароор гэрээ байгуулъя гэсэн санал ирүүллээ. Нэг компани 71 ам.доллароор гэрээ байгуулъя гэсэн санал гаргалаа гэж бодъё. Уг нь хамгийн өндөр үнийн санал өгсөн компанитай гэрээ байгуулах ёстой. Гэтэл журам нь санал ирүүлсэн 20 компанитай ч, 10-тай нь ч, тавтай нь ч 71 ам.доллароор гэрээ хийх байгуулах боломжийг олгодог байсан. Тэгэхээр журам нь нөгөө яригдаад байдаг асуудал үүсэх эрсдэлийг бий болгож байсан. Бараг хатуухан хэлэхэд үүсгэсэн гэж хэлж болно.
-Нөгөө нүүрсний хулгай юу?
-Нөгөө яригдаад байдаг нүүрсний хулгай яаж явсан бэ гэхээр ийм байдлаар л явсан. Дахин дурдахад энэ бүх мэдээллийг ил болгосон. Хилийн боомт дээр нүүрсний үнэ 300 ам.доллар байх үед манайхаас хямд үнээр нүүрс авсан компаниуд хурдан хил давуулж, ашгаа хүртэхийг зорьсон. Энэ нь тээврийн зардлыг их хэмжээгээр өсгөсөн юм. Тэгээд тэр өндөр үнэдээ дасчихсан. Угаасаа нэг тонн нүүрсийг 50-100 ам.доллароор тээвэрлэдэг гээд ойлгочихсон байсан учраас тэр өндөр зардлыг хасаж тооцоод нүүрсээ зараад байсан. Бодит байдал дээр 20-30 км газарт нэг тонн нүүрсийг 100 ам.доллароор зөөнө гэдэг бол галзуурал. Журам нь тийм, нөхцөл нь ийм байсан учраас нүүрсний үнэ ихээхэн өссөн тэр үеийг “Эрдэнэс Тавантолгой” компани, цаашлаад Монгол Улс ашиглаж чадаагүй. Асуудлын гол ердөө л энэ.
-Хэрэв ашиглаж чадсан бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиг, орлого таны дурдсан дүнгээс их байхаар байжээ.
-Тэгж ойлгож болно. Миний хувьд 2023 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой” компанид ажиллаж байна. Анх энэ компанийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар томилогдож ирсэн. Тоо худлаа ярьдаггүй байх. Тоон мэдээ, статистик мэдээллүүдийг хараад бодит байдлыг дүгнээд үзэхэд үнэ өссөн боломжийг ашиглаж чадаагүй. Ам нөхцөлтэй гэрээ нь хямд байдаг гээд худалдан авагч талууд ойлгочихсон. Тийм учраас ам нөхцөлтэй гэрээ байгуулж чадвал ашигтай гэж боддог. Нээлттэй болгосон гэрээнүүдийн хэрэгжилтийг бас ил болгосон. Бүгд сая, сая тонн нүүрс худалдаж авах гэрээтэй. Тэрийгээ 2-3 жил ачаад дуусдаггүй. Яагаад дуусдаггүй вэ гэхээр хил гааль дээр гацдаг. 100 ам.доллароор ачаад очиход ашигтай байгаа учраас нөгөө яригдаад байдаг “С” зөвшөөрөл олгох, хил гаалийнхныг хахуульдах гэх мэт боддоггүй зүйлүүд гарч эхэлсэн.
-“Эрдэнэс Тавантолгой”-той нүүрс худалдаж авах гэрээ байгуулчихаад тэрийгээ цааш нь трейдер компаниудад дамжуулан худалдах тохиолдол их гарч байсан гэдэг. Нэг гэрээг гурав дамжуулаад зарчихсан тохиолдол байсныг уул уурхайн яамныхан судалж тогтоосон байсан. Тийм зүйл их байв уу?
-Худалдсан нүүрсээ “Эрдэнэс Тавантолгой” компани уурхайгаас ачиж өгөөд гэрээний харилцаа дуусна. Тэр хүн худалдаж авсан нүүрсээ Цагаанхад дээр жил хадгална уу, Ганцмод руу гаргаад худалдана уу, тэр хүний л асуудал. Байгуулсан байсан бүх ам нөхцөлтэй гэрээ тийм байсан. Юм болгон сайн муу талтай. Нүүрсний үнэ унаад, борлогдохгүй байх амаргүй цаг үеийг манай компани туулсан байдаг. Сайн талаас нь харвал “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ хямд худалдсанаараа БНХАУ-ын зах зээлд танигдсан байж магадгүй. Тавантолгойн нүүрсийг худалдаж аваад баяжуулдаг, кокс болгоод эргэлтэд оруулдаг гинжин хэлжээ бий болсон байж магадгүй. Анх биржийн арилжааг эхлүүлээд, 2023 оны гуравдугаар сард худалдаж авсан нүүрсийг тээвэрлэн хүргэж өгч байх үед энэ бол буруу, боломжгүй гэж харж байсан хүмүүс олон байсан. Эгдүүцсэн, эсэргүүцсэн монгол ч, хятад ч хүмүүс байсан. Нэгт Монгол Улсын их хурал хууль баталсан, баталсан хуулийг хэрэгжүүлсэн. Биржээр нүүрсээ тасралтгүй худалдах ёстой, худалдсан. Олон хүн бойктлосон. Биржээр шууд сая тонн нүүрс зардаг болчихоогүй л дээ. Эхний сард 96 мянган тонн нүүрс хүргэж өгч байх жишээтэй. Бага багаар урагшлаад явсан. Одоо өмнө байгуулсан гэрээнүүдээс урт хугацаатай дөрөв нь л үлдсэн. Бусад ам нөхцөлтэй гэрээнүүд дуусгавар болсон.
-Оффтейк гэж нэрлээд байгаа дөрвөн гэрээ үлдэж байгаа. Тийм үү?
-Манай компани дээр хэрэгжүүлж буй урт хугацаатай дөрвөн гэрээ бий. Нэг нь “Чалко” групптэй 2011 онд байгуулсан гэрээ. Энэ гэрээ оффтейк биш. Нүүрс худалдаж аваад мөнгөө төлдөг. Үлдсэн гурван гэрээг 2020, 2021 онд байгуулсан. Эдгээрээс оффтейк нөхцөлтэй нь төмөр зам, газрын тос дамжуулах хоолой, баяжуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийн санхүүжилт гэж хэлж болно. Нэг том худалдан авагчтай гурван гэрээ байгуулсан. Ерөнхий гэрээ нь оффтейк биш. Харин хоёр нь оффтейк шинжтэй. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай холбоотой оффтейк нөхцөлтэй гэрээнүүд байсан. Олон нийтэд ил болгож тавьсан. Энэ гэрээнүүдээс хугацаа болон хэмжээ нь дуусаагүй нэг л гэрээ үлдсэн. Бусад гэрээ нь 2022 оны аравнэгдүгээр сард дуусгавар болсон. Одоо оффтейк нөхцөлтэй гэрээний нүүрс ачилт маш бага хувьтай явж байгаа.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Чайна энержи”-тэй сүүлд байгуулсан гэрээнүүдийг муу хэлцэл болсон гэж үзээд “Нүүрсний хулгай-2” гэсэн хаяг шошго наагаад л явж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-“Чалко”-гийн гэрээг тав таван жилийн хугацаатайгаар нэмэлт оруулах нөхцөлтэйгээр байгуулсан юм билээ. Анх Тавантолгойн ордын Зүүн Цанхиас олборлосон нүүрсийг 100 хувь худалдаж авах нөхцөлтэй байгуулсан. Дараа нь 80 хувь болгож багасгасан. Одоо бол Зүүн Цанхиас олборлосон нүүрсний 60 хувийг худалдан авч байна. Үлдсэн 2020, 2021 онд байгуулсан гэрээ нь 15 сая тонн хатуу коксжих нүүрс худалдаж авах нөхцөлтэй байсан. Нэг гэрээ нь энэ жилдээ багтаад дуусахаар байна. “Эрдэнэс Тавантолгой” компани “Чайна энержи”-тэй нүүрс худалдан авах гэрээ байгуулахдаа хоёр улсын Засгийн газар хоорондын нүүрс худалдах, худалдан авах хэлэлцээрийн дагуу гэрээ байгуулсан. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд юуг тодорхой тусгасан бэ гэхээр энэ гэрээний үнийг тогтоохдоо “Эрдэнэс Тавантолгой”-н БНХАУ-ын төрийн өмчит компанитай байгуулсан урт хугацаат нүүрс худалдах, худалдан авах гэрээний хамгийн сүүлийн улиралд баталгаажуулсан үнийг гэрээний анхны үнэ болгоно гээд заачихсан. Тэгэхээр “Чалко” группийн гэрээний үнийг баримтлах ёстой болсон. “Чалко” болон “Чайна энержи”-гийн гэрээний үнэ яг адилхан байна гэж ойлгож болно. Харин “Чайна энержи”-гийн гэрээн дээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажлын хэсэгт орсон холбогдох хүмүүс ямар зүйл нэмж чадсан бэ гэхээр нүүрсний чанарын үзүүлэлтүүдийг бууруулсан. Өөрөөр хэлбэл, хоёр улсын нүүрсний стандартаас хамаараад манай зарим хатуу коксжих нүүрс гуравны нэг буюу сул коксжих гэсэн ангилалд орчих гээд байдаг. Чанарын үзүүлэлтийг бууруулснаар гуравны нэг гэсэн ангилалд орохоос сэргийлж, хатуу коксжих гэсэн ангиллын үнээр тооцоо нийлээд явах боломжтой болсон. Бас нэг давуу тал нь сорчлохгүй байх агуулгыг оруулсан. Өмнө нь байгуулсан гэрээнүүд дан хатуу коксжих нүүрс нийлүүлэх заалттай байсан. “Чайна энержи”-тэй байгуулсан гэрээнд 2030 онд хүртэл 55 хувь нь хатуу коксжих нүүрс, 30 хувь нь сул коксжих, 10 хувь нь эрчим хүчний нүүрс байна гэдгийг тусгасан.
-Сорчлохгүй байх нь сайн хэрэг. Гэхдээ “Чайна энержи” компанид “Чалко”-гийн гэрээний үнээр л нүүрсээ нийлүүлэх юм байна.
-Мэдээж биржийн үнэтэй харьцуулахад маш том ялгаатай. Байгуулсан нэгж үнэ нь “Чалко”-гийнхтай адилхан. Үүнийг Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгасан байсныг би хэлсэн.
-Оффтейк гэрээтэй нүүрсийг нь түрүүлж экспортлоод байна. Биржээр арилжсаныг нь экспортлох боломж олгохгүй байна гэх яриа гарсан. Мөн биржээр арилжсан сая сая тонн нүүрс Цагаанхаданд хуримтлагдлаа л гэсэн. Газар дээрээ ямар нөхцөл үүссэн юм бэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 2024 онд Гашуунсухайт-Ганцмод боомтоор экспортолсон 27.2 сая тонн нүүрсний 40.1 хувь нь биржээр борлуулсан буюу шинэ гэрээнүүд байсан. 60 хувийг нь 2022 оноос өмнө байгуулсан байсан ам нөхцөлтэй гэрээний нүүрс эзэлсэн. 2025 оны хувьд жилийн дунджаар аваад үзвэл Гашуунсухайт-Ганцмод боомтоор экспортолсон нүүрсний 24.73 хувийг эзэлж байна. Ханги-Мандалын боомтыг оролцуулаад тооцвол 26 орчим хувь болно. Юутай холбоотойгоор биржээр борлуулсан нүүрсний хувь хэмжээ буурсан бэ гэхээр нүүрсний үнэ унасан. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн зарим нэг зохицуулалтуудыг засаж, сайжруулах шаардлага бий. Өөрөөр хэлбэл, 2024 гуравдугаар сард нэг тонныг нь 170 ам.доллароор зарчихсан гэрээнүүд байсан. Гэтэл 2024 оны долдугаар сараас нүүрсний үнэ буураад эхлэнгүүт энэ гэрээнүүд алдагдалд орж эхэлсэн. Манай компанийн зүгээс байгуулсан гэрээгээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх гэж худалдан авагч талд бүх шахалтыг үзүүлж, нүүрсээ хүргэж өгөх ажлыг хийсэн. Гэтэл үнийн уналтаас шалтгаалаад биржээр нүүрс худалдаж авсан аж ахуйн нэгжүүд нэг тонноос 50-70 ам.долларын алдагдал хүлээж эхэлсэн. Ганцмод боомт дээр буулгаад авчихсан нүүрсээ цааш нь арилжих боломжгүй болсон. Ингээд Ганцмод боомтын талбайнуудад энэ оны тавдугаар сарын үед 4.5 сая тонн нүүрсний овоолго үүссэн юм. Зургадугаар сард гэхэд ам нөхцөлтэй гэж ярьж буй гэрээн дээр ийм нөхцөл үүсэх ч эрсдэлтэй болж ирсэн. Түрүүнд маш өндөр үнээр тээвэр хийж байсныг ярьсан. Одоо нүүрс тээврийн тариф буурсан. Тээврийн салбарынхан хүндхэн байна. Нүүрсийг өндөр үнээр тээвэрлэж байгааг харсан олон хувь хүн, гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүд хүнд даацын олон машин Монголд оруулаад ирчихсэн. Үндсэндээ одоо 20 мянган нүүрс тээврийн машин байна. Нүүрс тээврийн машины илүүдэл бий болсон. Ийм олон машиныг ажлын байраар хангах боломж уурхайнуудад байхгүй. Тиймээс зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулиараа тээврийн үнэ бодит өртөгтөө буулаа. Одоо ам нөхцөлтэй гэрээтэй компаниуд дунджаар нэг тонн нүүрсээ 20 орчим ам.доллароор Ганцмодны боомт оруулж өгч байна. “Эрдэнэс Тавантолгой” компани бол төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн ерөнхий гэрээний аргаар сонгон шалгаруулалтаа хийгээд явж байна. Тодруулбал, тээврийн холбогдох стандарт хангасан шалгууруудаар шаардлагаа тодорхойлоод, хүчин чадлаар нь ангилаад, чадавх хангасан компанитай ерөнхий гэрээ байгуулж байгаа. Бид тээврээ явуулахдаа 10 мянган тонн нүүрсийг гурван сарын хугацаанд Гашуунсухайтын чингэлэг тээврийн терминалаас Ганцмод оруулж өгөх, мөн 40 мянган тонн нүүрс 50 машинаар 30 хоногийн хугацаанд уурхайгаас Гашуунсухайт чингэлэг тээврийн терминал оруулж өгөх гэдэг захиалгыг цахим системд оруулж байгаа. Ерөнхий гэрээ байгуулсан компаниуд захиалгын дагуу үнээ хямдруулж өрсөлдөж байна. Манай компанийн нэг тонн нүүрсийг уурхайгаас Ганцмод боомт хүргэж өгөх үнэ 2025 оны дунджаар 9.6 ам.доллар болсон. Тээврийн зардал буурсан нь биржээр арилжсан нүүрсний хүргэлтийг идэвхжүүлэх гол суурь нь болж байна. Монголын нүүрс Австрали, Индонезтэй өрсөлдөхөд тээврийн зардал өндөр байдаг. Австралиас нэг тонн нүүрсийг Хятадын далайн боомтод хүргэхэд 12 ам.долларын үнэтэй. Тэгэхээр тээврийн зардал буурсан нь манай нүүрсний өрсөлдөөнийг сайжруулж байна. Тээврийн зардал буурснаар манай компани бодит гүйцэтгэлээсээ 1.2 их наяд төгрөг хэмнэлээ. Хэн нэгний хэлсэн, ярьсан компани шалгарах биш, цэвэр үнийн өрсөлдөөн өрнүүлэх механизмыг бүрдүүлснээр манай компани тээврийн зардлаа бууруулж чадсан.
-Өмнө нь цухас дурдсан ч би танаас “нүүрсний хулгай” гэх үзэгдлийг талаар илүү дэлгэрүүлж асуумаар байна. Улстөрчид бие бие “нүүрсний хулгайч” гэж дууддаг болж. Нэгийгээ харуулахын тулд энэ сэдвийг хэт дэвэргээд байна уу. Эсвэл тодорхой үйлдлүүд байгаад, шинж тэмдгүүд тодроод энэ сэдэв өндрөө аваад байна уу. Та “Эрдэнэс Тавантолгой” компанийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан. Тиймээс мэдрэгдсэн зүйл байгаа гэж бодож байна.
-Нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаал 2022 онд Сүхбаатарын талбайг дүүргэсэн. Дараа нь энэ сэдвээр сонсгол хийж, найман өдөр мэдээлэл сонссон. Сонсголоор асуудалтай байсан бүх зүйлийг гаргаж ярьсан. “Эрдэнэс Тавантолгой” компани 2022 оны аравдугаар сард онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхэт төлөөлөгч томилсон. БЭТ томилсноос хойш намайг Худалдан авах ажиллагааны газрын даргаар томилсон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн дотоод үйл ажиллагаа, борлуулалт гэх мэтэд болохгүй зүйлс байсан гэж би хардаг. Хууль, тогтоомжоо зөрчдөг, журам нь бусдад давуу байдал олгох боломжтой байсан. Бусдад давуу байдал олгох дүрэм, журам гаргахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Аливаа шалгуур үзүүлэлтүүд ойлгомжтой нээлттэй, ил тод байх ёстой. Энэ хүрээндээ “Эрдэнэс Тавантолгой” компанид ирж ажилласнаасаа хойш бүх мэдээллийг нээлттэй болгож ажиллаж байгаа. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компани хэдэн тонн нүүрс экспортолсон, ямар гэрээний нүүрс ачигдсан, түүнийг нь хэн тээвэрлэж байна вэ гэдгийг бодит цагийн горимоор манай компанийн цахим хуудаснаас харах боломжтой. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч болоод борлуулалтын бүх гэрээг нээлттэй болгосон. Хэн нэгийн дарамт шахалтаар шийдвэр гаргадаггүй, цэвэр өрсөлдөөнд суурилж нүүрсээ борлуулдаг, тээвэрлэдэг болгож байгаа. Дунд нь ямар нэг зууч орох боломжгүй болгосонд дургүй байгаа бүлэглэл ч бий. Төрийн байгууллага, төрийн өмчит компани дээр яригддаг бас нэг том сэдэв нь тендерийн асуудал. Миний хувьд төрийн байгууллагуудад өнгөрсөн 15 жилийн хугацаанд албан тушаал хашихдаа тендер шалгаруулалтыг шударга болгох тал дээр нэлээд ажилласан. Тендерийг шударга явуулах систем бөгөөд хууль, журмыг нь гардан хийсэн. Жишээ нь, 2012 онд тендер зарлахдаа төсвийг нь нуудаг байлаа. Хэдэн төгрөгөөр ажил хийлгэх гэж байгаагаа нууцчихаад аж ахуйн нэгжүүдийг үнийн саналаа өгөөд ороод ир гэдэг. Тендерийн материал задлахад биеэр очиж суухгүй бол ямар компани, ямар үнээр шалгарсныг мэддэггүй байсан. Танил талаараа асуулгаж байж мэддэг байлаа. Энэ бүх мэдээллүүдийг ил болгосон. Төрийн болон төрийн өмчит байгууллагуудын зардал ил байх ёстой гэж үзээд гэрээнүүдийг ил болгох системийг хийж, хууль, журмыг нь боловсруулж гаргасан. Энэ ажлыг дургүйцэж хүлээж авдаг хүмүүс бий. Нээлттэй, ил тод болгох нь авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамгийн том зэвсэг юм. Үүний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой бүх гэрээг ил болгосон, нуух юм байхгүй. Дүгнэлтийг олон нийт хийх ёстой. Тухайлбал, нүүрсний сонсгол зөвхөн борлуулалтын гэрээ гэлтгүй бусдынх нь ч талаар ярьсан. Анх яаж байгуулсан бэ гэвэл бүгд хууль бус шүү дээ. Тендерийн хуулийг зөрчиж байгуулсан гэрээнүүд. Гэрээний хэрэгжилтийн мэдээллийг ил болгосныг олон хүн эсэргүүцнэ. Хуулийн заалтыг нь оруулаад системийг нь хөгжүүлээд ил болгосон. Одоо монголчууд хэн нэгнээр хэлүүлээд, дарамтлуулаад ажил авна гэдэг буруу хандлагаа таслан зогсоох ёстой. 2019 онд тендерийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шалгарсан аж ахуйн нэгжийн материалтай бусад оролцогчид нь танилцах эрхтэй болгосон. Энэ хүрээнд тендер шалгаруулалтын үнэлгээ үнэн зөв явж уу, хараат бус ажиллах ёстой үнэлгээний хороо хуулийн дагуу үнэлгээ хийж үү гэдгийг зөвхөн үнэлгээний хорооныхон, түүнийг хянах үүрэгтэй эрх бүхий албан тушаалтан биш, оролцогчид өөрсдөө хянах боломжийг бүрдүүлсэн. Тендерийг шударга явуулах эрх зүйн зохицуулалтад тодорхой хэмжээнд дэвшил гарсан гэж үздэг.
-“Эрдэнэс Тавантолгой” компанид 2022 оноос хойш хоёр удаа тодорхой хугацаагаар онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхэт төлөөлөгч томиллоо. БЭТ томилохоор компанийн үйл ажиллагаа сайжраад орлого, ашиг нэмэгдээд явчихдаг зүйл тогтол анзаарагдах юм. Компанийн менежментэд алдаа байгаа болоод ингэж байна уу. БЭТ томилогдохоор сайжраад, яваад өгөхөөр нь ээдрээд байгаа нь ямар учиртай юм бол?
-Хүмүүс янз бүрийн өнцгөөс харах байх. 2022 оны нөхцөл байдал, 2025 оных хоёр маш том ялгаатай. 2022 оны хувьд нүүрсний үнэ нь өндөр байсан. Тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулж буй нүүрсний үнэ зах зээлийнхээсээ хэт доогуур байлаа. Нүүрс борлуулсан мөнгө нь дотоодын зах зээлд орж ирэхгүй байсан. Тээвэрлэх хөлс нь нүүрснээсээ үнэтэй байлаа. Харин энэ онд нүүрсний үнэ сүүлийн зургаан жилийн хамгийн бага түвшиндээ хүрсэн. Нүүрс худалдаж авсан айлууд цааш борлуулах боломжгүй, ийм нөхцөл үүссэн. Бас нэг сонин давхцал байдаг. Энэ оны тавдугаар сард хил дамнасан төмөр замыг гэрээ зурагдаж, 10 гаруй жил гацсан төслийг эхлүүлэхээр боллоо. Энэ үед нүүрсний үнэ огцом унасан юм. Хил дамнасан төмөр замын гэрээ нүүрсний зах зээлд хүлээлт үүсгэсэн гэж хардаг. Харин өнгөрсөн долдугаар сараас нүүрсний үнэ сэргэж хэлсэн. Найм, ес, аравдугаар сард нүүрсний үнэ нэлээд өссөн. Харин арваннэгдүгээр сард үл ялиг буурлаа.
-Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг “амилуулж” нийттэй компани болгоно гэж мэдэгдсэн. Улс төрийн хамаарлыг нь багасгаж, бизнесийн зарчмаар ажиллуулах зорилготой байна гэж харж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан хувьцаагаа “амилуулах” суурь бэлтгэл ажлыг хэр хийсэн бэ?
-“Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй компани болгох бэлтгэлийг эрх, хэм хэмжээндээ нийцүүлээд хийж байна. Нээлттэй компани болгохын тулд хамгийн түрүүнд өр, авлагаа цэгцлэх ёстой. Түрүүн ярьсан, төрд ногдох ногдол ашгийг санхүүжүүлсэн төслүүдийнхээ мөнгөөр хаах ажлыг нэн түрүүнд бүрэн хэрэгжүүлэх ёстой. Нөгөө талаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч байж байгаад нас барсан. 121 мянган хүний асуудал бий. Үүнийг нэг талд нь гаргаж шийдвэрлэх ёстой. Үндсэндээ “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй компани болох ажлын хүрээнд дөрвөн хувилбар гаргаад холбогдох бэлтгэлүүдийг хийж байна. Засгийн газарт танилцуулаад, үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
-Ордын нөөцийг үнэлэх, компанийн өөрийн хөрөнгө болон бизнесийн үнэлгээг гаргах гэх мэт ажлуудыг хийж байгаа болов уу. Эдгээр нь хувьцааны үнэ тогтооход голлон нөлөөлдөг.
-Бид өнгөрсөн онд ордын нөөцийг шинэчлэн тогтоосон. Ордын нөөц 8.1 тэрбум тонн нүүрстэй болсон. Ордын нэгдсэн Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг ид хийж байна. Ирэх жилийн нэгдүгээр улиралд багтаан дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Сүүлийн гурван жилийн санхүүгийн тайландаа олон улсын аудит хийлгэхээр сонгон шалгаруулалт зарлалаа. Энэ хүрээнд компанийн хөрөнгийн үнэлгээг нарийвчлан тогтооно. Дотоодын хөрөнгийн зах зээл жижиг байна. Хувьцааг зөвхөн дотоодын зах зээлд гаргах уу, гадаадын зах зээлд давхар бүртгэл хийлгэх үү гээд олон хувилбар бий. Олон талын судалгаанууд хийж байна.
-Нас барсан 121 мянган хувьцаа эзэмшигч бий гэж байна. Энэ хүмүүсийн ногдол ашиг хаана байршиж байгаа вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашгийн мөнгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн данс руу шилжүүлдэг. Тэдгээр хүмүүсийн ногдол ашиг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн холбогдох дансанд байршиж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” нээлттэй компани болоод хувьцаа өвлүүлэх эрх үүсвэл өвлөгчид нь ногдол ашгийг шилжүүлэх байх.
Ярилцсанд баярлалаа.