Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 21 дүгээр хуралдаан боллоо

  • 2026/10/09 14:01

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 21 дүгээр хуралдаан өнөөдөр болж, хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх зэрэг нийт 18 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар нэг компанийн хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг, хоёр компанийн хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг, нэг компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг тус тус бүртгэхээр шийдвэрлэв.

Мөн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн салбар бүртгүүлэх, гүйцэтгэх удирдлага, оноосон нэр, хаяг, байршилд өөрчлөлт оруулахтай холбоотой зохицуулалтыг хялбаршууллаа. Ингэснээр хуулийн этгээд холбогдох өөрчлөлтийн талаар Санхүүгийн зохицуулах хороо, нийслэл, орон нутгийн Засаг даргын Тамгын газарт мэдэгдсэнээр үйл ажиллагаагаа шууд эрхлэх боломж бүрдэж байна.

Түүнчлэн банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх энгийн зөвшөөрлийг гурван компанид, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэх энгийн зөвшөөрлийг хоёр  компанид, үнэт чулуу болон тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх зөвшөөрлийг нэр бүхий хоёр иргэнд олгохоор шийдвэрлэлээ.