Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хурлаар 22 асуудал хэлэлцлээ

  • 2026/08/13 16:33

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 17-р хуралдаан өнөөдөр /2026.08.13/ болж хуулийн этгээдээр бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох, хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сан болон хувийн хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн тусгай зөвшөөрөл эрхлэх, даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нийтэд санал болгон гаргаж байгаа өрийн хэрэгслийг бүртгэх, төлөгдөж дууссан өрийн хэрэгслийг бүртгэлээс хасах, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зэрэг нийт 22 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, Хорооны 2022 оны 360 дугаар тогтоолоор баталсан “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох журам”-д заасан шаардлагыг хангасан хоёр компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах эрх олгож, хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах асуудлыг хэлэлцэн тус бүр хоёр компанид эрх олголоо. 

Мөн төлөгдөж дууссан өрийн хэрэгслийг бүртгэлээс хасаж, “Сүү” ХК-ийн нийтэд санал болгон гаргах 24 сарын хугацаатай, жилийн 16 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 (нэг зуун мянга) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 250,000 (хоёр зуун тавин мянга) ширхэг өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэхийг зөвшөөрөв. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэн банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, санхүүгийн факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг компанид олголоо.  

Түүнчлэн даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,  даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг компанид олгохоор шийдвэрлэж, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр иргэнд олгохоор шийдвэрлэв. Хурлаар Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд заасан баримт бичгийн бүрдлийн шаардлагыг хангасан нэг хүсэлтийг шийдвэрлэж, орон нутагт хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор болов. Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газраас хэлэлцүүлсэн нэр бүхий компанийн нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлээс хасч, нэг компанийн даатгалын төлөөлөгчийн эрх, нэг компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүйд тооцон шийдвэрлэлээ.