Хөрөнгийн захад шинэ жишиг тогтоох Хөгжлийн банкны бонд

  • 2026/09/04 14:03

Монгол Улсын Хөгжлийн банк дотоодын зах зээлд төгрөгийн бонд анх удаа арилжих гэж байна. Тус банкныхан дотоодын зах зээлд нийт 500 тэрбум төгрөгийн бонд арилжих хөтөлбөр зохиожээ. Хөтөлбөрийн эхний транч болох 100 тэрбум төгрөгийн, нэг жилийн хугацаатай бондыг ирэх даваа гарагт Монголын хөрөнгийн биржээр дамжуулах арилжихаар холбогдох зөвшөөрлүүдийг зохицуулагч байгууллагуудаас авснаа мэдэгдээд буй. Энэ нь Хөгжлийн банк дотоодын зах зээлд анх удаа төгрөгийн бонд гаргаж, томоохон төслүүдэд санхүүжилт хийх гэж буйгаараа онцлогтой. 

Нэхэн сануулахад өөрийн хөрөнгийн дутагдалд ороод байсан Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Түүнчлэн тус банк олон улсын зах зээлд 750 сая ам.долларын бага хүүтэй бонд гаргаж, 350 саяар нь өмнөх бондын төлбөрөө хийгээд байгаа. Улмаар дөрвөн жилийн дараа дахин зээл олгож эхлээд байна. “Монголын төмөр зам” компанийн Богд уулын урдуур төмөр зам тавих төслийг өнгөрсөн наймдугаар сарын 22-нд 100 сая ам.доллароор санхүүжүүлсэн юм. Одоогоор дахин 70-80 сая ам.долларын санхүүжилтийг зарим төсөлд олгоход бэлэн болоод буйг тус банкны удирдлагууд дуулгасан. 

Хөгжлийн банкны бондын хөтөлбөр Монгол Улсын хөрөнгийн зах зээлд хэдэн шинэ жишиг тогтоох давуу тал харагдаж буй. Мөнгөний дахин хуваарилалтыг хийнэ. Өөрөөр хэлбэл, зах зээлийн эргэлтэд оруулах боломжгүй байгаа мөнгийг дахин хуваарилж, эдийн засгийн “судас”-аар гүйлгэнэ гэсэн үг. Тухайлбал, одоогоор Төвбанкны үнэт цаасыг банкууд 14.8 их наяд төгрөгөөр худалдаж аваад байна. Төвбанкны үнэт цаасыг худалдаж авсан хэмжээ жилийн өмнөхөөсөө хоёр дахин нэмэгджээ. Хэмжээ нь өссөн шалтгааныг Монголбанкныхан уул уурхайн компаниудын орлого өссөн, зарим санхүүгийн байгууллага гадаадаас санхүүжилт татсан зэрэг нь “сул мөнгө” бий болгож, тэр нь Төвбанкны үнэт цаас дээр төвлөрч байна гэж тайлбарласан. Энэ мөнгө зах зээлд бүтээмж нэмэхгүй Төвбанкны дансанд хэвтэж байна гэсэн үг. Хэрэв банкууд Төвбанкны үнэт цаасыг биш, Хөгжлийн банкны бондыг худалдаж авбал “сул мөнгө” эдийн засгийн эргэлтэд орж, бүтээмжийг нэмнэ. Үүнийг мөнгөний дахин хуваарилалт гээд буй юм. 

Хөгжлийн банкны 500 тэрбум төгрөгийн бонд Төвбанкны үнэт цаас дээр төвлөрсөн мөнгөний хэмжээтэй харьцуулахад маш бага. Гэхдээ монголчууд “Зүгээр суухаар зүлгэж суу” гэж ярьдаг. Нөгөөтээгүүр банкууд нэг зээлдэгчид өөрийн хөрөнгийн 20 хувиас их хэмжээтэй зээл олгох боломжгүй. Тиймээс дотоодын банкууд дангаар томоохон төсөл санхүүжүүлэх боломжгүй байдаг. Харин дотоодын банкууд Хөгжлийн банкны бондыг худалдаж авснаар санхүүгийн механизмаар дамжуулан хамтарч, томоохон төсөл санхүүжүүлэх боломж бүрдэж байгаа хэрэг.  

Тэднийх бондоо тогтоосон хүүгээр биш, өрсөлдүүлэх зарчмаар арилжихаар шийдвэрлэжээ. Тодруулбал, хэн хамгийн бага хүү санал болгоно, түүнд бондоо арилжина гэсэн үг. Тэгэхээр дотоодын зах зээлийн бондын хамгийн бага хүү тогтох нь дамжиггүй. Тус банкны удирдлагууд Төвбанкны бодлогын хүүгээс ч бага хүү тогтох боломжтой гэж харж байна. Бодлогын хүү гэдэг бол Төвбанкны үнэт цаасны хүү гэсэн үг. Бодлогын хүүг сүүлд 12.5 хувь хүргэж өсгөсөн. Банкууд Төвбанкны үнэт цаасыг худалдаж аваад 12.5 хувийн хүү тооцуулж буй. Тэд хүүгийн орлогоосоо 25 хувийн татвар төлдөг. Тооцвол, дээрх хүүгийн гурав орчим хувийг татварт хураалгаад, 9.5 хувийн бодит өгөөж хүртдэг хэрэг. Хөгжлийн банкны бонд нь Засгийн газрын үнэт цаастай адилтгах эрх зүйн зохицуулалттай учраас худалдсан авсан иргэн, байгууллага хүүгийн орлогоос татвар төлөхгүй. Тиймээс Хөгжлийн банкны бондын хүү 10-11 хувьд тогтох боломжтой юм. 

Монгол Улсын Хөгжлийн банкны энэ онд олон улсад гаргасан 500 сая ам.долларын бондын хүү 6.9 хувиар тогтсон. Үүн дээр Монголбанкны ам.долларын своп хэлцлийн зардлыг тооцох хэрэгтэй. Энэ зардал долоон хувьд хүрсэн гэдэг. Тэгэхээр олон улсын зах зээлээс татсан санхүүжилтийн зардал 14 хувь хүрч байгаа юм. Үүнтэй харьцуулахад дотоодын зах зээлээс санхүүжилт татсан нь хямд харагдаж байгаа биз.   

Засгийн газрын үнэт цаас хамгийн эрсдэл багатай гэсэн агуулгаараа тухай улсын дотоодын зах зээлийн бэнчмарк буюу жишиг хэмжүүр болж байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас дотоодын зах зээлд үнэт цаас бараг гаргаагүй. Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 16-нд хоёр жилийн хугацаатай 10 тэрбум төгрөгийн бонд арилжсан. Тухайн үед хүү нь 10.5 хувиар тогтож байжээ. Засгийн газрын гаргасан үнэт цаасны хэмжээ бага учраас жишиг хэмжүүр тогтоож байна гэж үзэхэд хэцүү.  

Харин Хөгжлийн банкны 100 тэрбум бонд нь зах зээлийн жишиг хэмжүүрийг бодитой тогтоох нь ойлгомжтой. Хөгжлийн банкныхан дотоодын зах зээлд нэг, хоёр, гурав, цаашлаад тав хүртэл жилийн хугацаатай бонд гаргаж, бэнчмаркийг тогтоохоор төлөвлөж буй гэсэн. Ийнхүү хөрөнгийн зах зээлд шинэ жишиг тогтоох санхүүгийн бүтээгдэхүүн удахгүй арилжигдах гэж байна.