Дампуурлын ирмэг дээрх Хөгжлийн банк: Аврах уу, арчих уу
- 2026/02/25 12:20
Аюулын улаан гэрэл анивчсан нь
Монгол Улсын Хөгжлийн банканд аюулын улаан гэрэл анивчилж эхэлжээ. Тайлан балансыг нь харвал Хөгжлийн банк санхүүгийн үлэмж хүндрэлд орсон. Байгуулагдаад 15 жилийн нүүрийг үзэж буй энэ банк одоо 3.2 их наяд төгрөгийн активтай, 2.27 их наядын зээлийн багцтай. Нийт зээлийн багцынх нь 1.24 их наяд төгрөг буюу 54 хувь нь чанаргүй. Өөрөөр хэлбэл, эргэн төлөгдөхгүй байгаа зээл гэсэн үг. Чанаргүй зээл нь өндөр болсон учраас өөрийн хөрөнгийнхөө нэг их наяд төгрөгөөр эрсдэлийн сан байгуулжээ. Санхүүгийн механизм ашиглан хуримтлагдсан алдагдлаа хааж буй нь энэ. Иймээс өөрийн хөрөнгө нь 243 тэрбум төгрөгт хүрч “ёроолдов”. Тус банкны хувь нийлүүлсэн хөрөнгө 1.21 их наяд төгрөг. Засгийн газраас Хөгжлийн банканд оруулсан хөрөнгийн хэмжээ ийм. Тэгвэл дээр дурдсанчлан чанаргүй зээл нь 1.24 их наяд төгрөг. Тэгэхээр тус банкны чанаргүй зээлийн хэмжээ нь өөрийн хөрөнгөөс нь 1.9 хувиар давжээ. Энэ тохиолдолд Хөгжлийн банкийг санхүүгийн хувьд бүрэн дампуурсан гэж үзэх үндэстэй.
Нийт зээлийнх нь талаас илүү хувь нь чанаргүй болсон учраас Хөгжлийн банканд хүүгийн орлого дорвитой хуримтлагддаггүй. Тиймээс гадаад, дотоодоос татсан хоёр их наяд орчим төгрөгийн санхүүжилтийнхээ өгөөжийн хүүг зээлийн хүүгийн орлогоороо төлж хүрэлцэхгүй нөхцөлд оржээ. Тодруулбал, одоо Монгол Улсын Хөгжлийн банк цаг, минут дутамд алдагдалтай ажиллаж байна гэсэн үг. Хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлтүүдийг сайжруулах, сэхээх ямар нэг арга хэмжээ авахгүй, алдагдал “үйлдвэрлэсээр” байвал өөрийн хөрөнгө нь тэг болж, бүрэн дампуурна. Хөгжлийн банкны эзэн нь Монгол Улсын Засгийн газар. Эзэн нь яаралтай ямар нэг арга хэмжээ авахгүй, шийдэл гаргахгүй харсаар суувал энэ банк Монголын түүхээс арчигдах цаг тун ойртов.
Монгол Улсын Хөгжлийн банкны бодлого, чиглэл, үйл ажиллагааг хариуцаж ажиллах үүргийг Эдийн засаг, хөгжлийн яаманд хуулиар ногдуулсан. Хөгжлийн банкийг аврах уу, арчих уу гэсэн асуултад Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Аливаа улс хөгжлийн банктай байх ёстой. Хөгжлийн банк хөгжлийн том “зэвсэг” байдаг. Зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаар бид хөгжлийн том зорилтуудаа хангаж чадахгүй. Том төслүүдийг эдийн засаг, бизнесийн агуулгаар санхүүжүүлэхэд Хөгжлийн банк онцгой үүрэг гүйцэтгэдэг. Бид эхлээд буруу яваад алдчихсан. Эдийн засгийн өгөөжгүй, нийгмийн чанартай төслүүдийг нэлээд санхүүжүүлээд зардлыг төсөв дээр тавьж явсан нь алдаа болсон. Одоо бол Хөгжлийн банк цэвэр эдийн засгийн үр ашигтай төслүүдээ санхүүжүүлдэг. Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой нийцэж ажиллах ёстой. Хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлт, үйл ажиллагааг нь сайжруулах шат дараатай арга хэмжээ авна” гэж хариулсан юм. Хөгжлийн банкийг Засгийн газар харж сууж байгаад түүхээс арччихгүй нь. Харин санхүүгийн үзүүлэлт, үйл ажиллагааг яаж сайжруулах вэ гэдэг асуулт нээлттэй үлдэж байна.
Хамгийн түрүүнд чанаргүй зээлийг нь бууруулах, өөрийн хөрөнгийг нь нэмэгдүүлэх алхам хийх хэрэгтэй, дараа нь засаглалыг сайжруулах ёстой гэж санхүүчид зөвлөдөг. Монгол Улсын Хөгжлийн банк 2013 онд 3.3 их наяд төгрөгийн активтай байсан. Тухайн үед ХААН банк 3.4 их наяд төгрөгийн активтай байжээ. Тэгвэл ХААН банкны нийт актив 2025 оны эцсийн дүнгээр 22 их наяд төгрөгт хүрлээ. Хөгжлийн банкийг ХААН-тай харьцуулбал, Монгол Улсын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах нь бүү хэл өөрөө ч өөдөлж чадсангүй.
АН ч, МАН ч буруутай
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд “...үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх...” гэж зорилгыг нь тодорхойлсон. Хөгжлийн банк үйл ажиллагаа явуулж эхлээд удалгүй энэ зорилгоо алдсаныг санхүүгийн салбар, улс төрийн хүрээнийхэн мэднэ. Энэ талаар Хөгжлийн банкийг Солонгосын хөгжлийн банкны менежментээр анх байгуулж байхад Монголын талаас оройлон оролцсон, анхны тэргүүн дэд захирлаар ажилласан Л.Болормаа “Монгол Улсын Хөгжлийн банкийг анх стратегийн ач холбогдол бүхий дэд бүтцийн болон эдийн засгийг солонгоруулах томоохон төслүүдийг санхүүжүүлэх, олон улсын хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр татах, хөнгөлөлттэй зээл болон бусад санхүүжилтийг төвлөрүүлэх, мөн арилжааны банкуудын санхүүжүүлэх боломжтой зах зээлд өрсөлдөн оролцохгүй байх зэрэг тодорхой зорилго, зарчимтайгаар байгуулсан. Гэвч цаг хугацааны явцад энэхүү бодлогын чиг баримжаагаа алдаж, “888 хөтөлбөр” зэрэг арилжааны банкууд санхүүжүүлэх боломжтой жижиг төслүүдэд зээл олгох үйл ажиллагаанд шилжсэн. Энэ нь банкны үндсэн чиг үүргээс хазайж, улмаар чанаргүй зээл өсөх гол шалтгаануудын нэг болсон. Эдгээр бодлогын алдаа нь Хөгжлийн банкны засаглал суларч, хараат бус байдалд улс төрийн нөлөөлөл нэмэгдсэний нэг илрэл гэж үзэж байна” хэмээн тодруулан ярьсан юм.
АН 2012-2016 онд засгийн эрх барьж, Ерөнхий сайдаар эхлээд Н.Алтанхуяг, дараа нь Ч.Сайханбилэг ажилласан. Энэ үед Хөгжлийн банк анхны 600 сая ам.долларын бондоо гаргачихсан байлаа. Дээрээс нь “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын бондыг Хөгжлийн банкаар дамжуулж зээлсэн. Хөгжлийн банканд мөнгө байсан, харин Монгол Улсад томоохон хэмжээний бэлэн төслүүд байгаагүй. Тиймээс жижиг төслүүдийг санхүүжүүлэхээс өөр аргагүй байсан гэж тухайн үеийн Н.Алтанхуягийн Засгийн газарт ажиллаж байсан хүмүүс “888 хөтөлбөр” хэрэгжүүлснээ зөвтгөдөг. МАН 2016 оноос хойш Засгийн эрх барьж байна. МАН-ыг 2016 онд УИХ-ын сонгуульд ялсны дараа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Сангийн яамны газрын дарга асан Б.Батбаяр, Монголбанкны ерөнхий эдийн засагч асан Д.Дэлгэрсайхан, Ч.Энхбат нар удирдлагын багт нь томилогдсон. Энэ үед маш олон жижиг төсөлд зээл олгосон, тэдгээрийнх нь цөөнгүй нь чанаргүй болсон байдаг.
Хөгжлийн банк чанаргүй 27 зээлтэй. АН-ын үед олгосон гурван чанаргүй зээл бий. Бусад нь МАН-ын засаглалын үед олгосон зээлүүд. Гэхдээ АН-ын үед олгосон гурав чанаргүй зээл дотроо нэлээд жин дардаг. “Хөтөл” компани 450, “Эрэл” 170, “Бэрэн групп” 145 орчим тэрбум төгрөгийн зээлээ Хөгжлийн банканд төлөөгүй байна. Нийт 770 орчим тэрбум төгрөг гэхээр нийт чанаргүй зээлийн талаас илүүг АН-ын засаглалын үетэй хамааруулж болно. Харин Б.Батбаяр захирлын үед олгосон 19, Г.Амартүвшингийн үед олгосон таван зээл чанаргүй болжээ. Тэгэхээр Хөгжлийн банкны хүндрэлд АН ч, МАН ч буруутайг нь баримт илтгэж байна.
АН-ын үед Хөгжлийн банк ямар төсөл санхүүжүүлэхийг нь Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэдэг байсан. Мөн зээлийг төслийн санхүүжилт хэлбэрээр тухайн төслийн гүйцэтгэл болон ханган нийлүүлэлтийг хийж буй гэрээт компанид нь шилжүүлдэг механизмтай байжээ. Иймээс олон төсөл муу зээл болоогүй аж. Харин МАН засгийн эрх авснаар Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт оруулан, зээл олгох шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) нь гаргадаг болгосон. Гэхдээ төслийн санхүүжилт хэлбэрээр биш, зээлдэгчид мөнгийг нь бөөнд нь олгодог болжээ. Ингэснээр Б.Баярбаяр, Г.Амартүвшин нарын үед олгосон олон зээл чанаргүй болжээ. Мэргэжилтнүүд Хөгжлийн банкны зээл олголтыг буцаан хөгжлийн санхүүжилт хэлбэр рүү шилжүүлэхгүй бол эрсдэл өндөр хэвээр байх болно гэж үздэг. 2016 онд Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбат “Манай улсад банкны шаардлага хангах бэлэн төсөл нэг ч алга” гэж хэлж байсан. Банкны шаардлага хангах төсөл байгаагүй учраас жижгүүдэд зээл өгчээ гэж зөвтгөж болно. Гэвч маш олон чанаргүй зээл олгосон нь Хөгжлийн банкийг сахилга батгүй, санхүүгийн мэргэжлийн ур чадваргүй хүмүүс удирдаж байсныг харуулж буй хэрэг.
Өндөглөдөг тахиагаа хөөж явуулсан нь
Одоо Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж буй Н.Мандуулыг Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар 2021 онд томилсон. Тэрбээр өмнө нь Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хэлтэс, газрын даргын алба хашиж байсан нэгэн. Н.Мандуул ажлаа авсныхаа дараа Хөгжлийн банкны чанаргүй зээлийг бууруулах хэвлэлийн кампанит ажил өрнүүлсэн. Тухайн үед төдөн тэрбум төгрөгийн зээлийг эргүүлж төлүүллээ гэсэн мэдээлэл хэвлэлээр байсхийгээд түгдэг байлаа. Гэвч Н.Мандуулын кампанит ажил байгаа оноогүй баримт харуулав.
Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 2022-2025 онд нийт 1.95 их наяд төгрөг болжээ. Үүний 441 тэрбум төгрөг нь л чанаргүй зээл. Харин 1.51 их наяд төгрөг нь хэвийн зээлийнх. Дөрвөн жилийн хугацаанд их хэмжээний хэвийн зээл төлөгдсөн юм шиг харагдаж байгаа байх. Н.Мандуулын улстөржүүлсэн хэвлэлийн кампанит ажлаас айсан зээлдэгчид нь зээлээ хугацаанаас нь өмнө санхүүгийн өөр байгууллагаас зээл аваад төлчихсөн учраас ингэж харагдаж байгаа юм. “Монполимет”, МАК, “Нью прогресс” групп зэрэг томоохон зээлдэгч хугацаанаасаа өмнө зээлээ төлсөн байдаг. “Нью прогресс” группийн ерөнхийлөгч С.Балжинням “Манай компани Хөгжлийн банкнаас 2031 он хүртэл төлж дуусгах хуваарьтайгаар 28 сая ам.доллар зээлсэн байсан. Хөгжлийн банкны зээлийг улстөржүүлэх, тэр нь компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэн учраас 2024 онд үлдсэн 20 сая ам.долларыг нь хугацаанаас нь өмнө төлж дуусгасан. Өөрийн эх үүсвэр дээр нэмээд бусад санхүүгийн байгууллагаас зээл аваад зээлээ төлчихсөн” гэж ярив.
Их хэмжээний хэвийн зээл хугацаанаас өмнө эргэн төлөгдөхөөр Хөгжлийн банкны зээлийн хүүгийн орлого буурна. Орлого буурахаар гадаад, дотоодоос татсан бондынхоо хүүг төлж хүрэхгүй. Ингээд алдагдал нь нэмэгдэнэ. Хэрэв хэвийн зээлүүд хугацаанаасаа өмнө төлөгдөөгүй бол Хөгжлийн банк хүүгийн орлого олсоор одоогийнхоос алдагдал нь арай бага байх байжээ. Маш олон компани бусад санхүүгийн байгууллагаас зээл аваад Хөгжлийн банкны зээлээ төлсөн гэдэг. Зүйрлэвэл Н.Мандуул Хөгжлийн банкны өндөглөдөг тахиануудыг өөр айлын хашаа руу хөөгөөд явуулчихсан хэрэг. Эцсийн дүнд Н.Мандуул гайхамшигтай ажиллаж, чанаргүй зээлийг нь эргэн төлүүлсэн нэр хүнд өвөртлөөд мандаад явсан, Хөгжлийн банк хохироод хоцорсон.
Муу засаглалын хөнөөл
Өнгөрсөн 15 жилийн түүхээс нь харвал Хөгжлийн банкны засаглал хөлийн жийрэг шиг явж ирсэн нь илэрхий харагдана. Улс төрчид, эрх баригчдаас байнгын гүн хамааралтай, муу засаглалтай явж ирсэн. Түүгээр зогсохгүй улс төрийн өрнөлийг дагаад удирдлага нь байнга солигдож байсан нь Хөгжлийн банкийг доройтуулах гол үндэс болсон гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн 15 жилд Хөгжлийн банкны тухай хуулийг хоёр удаа, дүрмийг нь дөрвөн удаа өөрчилжээ. ТУЗ нь 11, гүйцэтгэх захирал нь есөн удаа солигдсон байна. Банкны бүтэц зохион байгуулалтыг гүйцэтгэх захирал солигдох бүрт өөрчилж, олон хүнийг ажлаас халж байсан гэдэг. Хөгжлийн банк ажлаас халагдсаны тэтгэмжид нэг тэрбум гаруй төгрөг зарцуулсан гэх яриа бий. 15 жилийн хугацаанд гүйцэтгэх захирлыг нь есөн удаа сольсон гэхээр ямар үр дүн хүлээх вэ.
Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн Б.Лакшми “Би Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр 2025 оны тавдугаар сард томилогдсон. Үүнээс хойш Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнийг гурван удаа өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, гурван удаа хоёр хоёр гишүүнийг сольсон. Тэгэхээр хагас жилийн хугацаанд зургаан гишүүнийг өөрчилсөн гэсэн үг. Үүнээс Хөгжлийн банкны засаглал маш тогтворгүй юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн” гэв. Хүний нөөц нь тогтворгүйгээс гадна зээл олгох шийдвэр гаргах эрх бүхий ТУЗ-ийн гишүүдийг банканд ажиллаж байсан туршлагатай хүмүүсээр ер бүрдүүлж байгаагүй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны газар, хэлтсийн дарга нараар л ТУЗ-ийг нь бүрдүүлж, тэд шийдвэр гаргаж иржээ. ТУЗ-ийн гишүүд нь сайд дарга нараасаа хамааралтай. Тэгэхээр Хөгжлийн банк дээр улс төрийн шийдвэр зохилдог байсан нь илэрхий.
Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал асан Л.Болормаа “Хөгжлийн банкийг анх байгуулагдсан зорилгын дагуу ажиллуулах, засаглалыг нь бэхжүүлэх, гүйцэтгэх удирдлагын баг болон Төлөөлөн удирдах зөвлөлийг банк, санхүүгийн салбарт туршлагатай, мэргэжлийн, улс төрөөс хараат бус хүмүүсээр бүрдүүлэх нь зүйтэй. Ингэснээр тус банк нь улс орны эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулж, цаашид стратегийн болон мега төслүүдийг санхүүжилт, хөрөнгө оруулалтаар хангах чадамжтай, тогтвортой хөгжлийн институц болж төлөвшихөд чухал ач холбогдолтой” хэмээсэн. Муу засаглал ямар хөнөөлтэйг Хөгжлийн банкны өнөөгийн уруудаж доройтсон жишээ бэлхнээ илтгэнэ. Хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлтүүдийг сайжруулж болно. Манай Засгийн газарт Хөгжлийн банкны санхүүг сайжруулах чадал бий. Гэвч санхүүг нь дээрдүүлчихлээ гэхэд засаглалыг нь сайжруулахгүй бол Хөгжлийн банк улсын хөгжилд нэмэр болж, өсөлттэй ажиллаж чадах уу. Дахиад улстөрчдийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлсээр дампуурлын ирмэг дээр хүрээд ирвэл яах вэ. Энэ асуултад Засгийн газар тодорхой хариулт өгөх зохицуулалт хийх шаардлага аль хэдийнэ үүсжээ.
Аврах шийдэл
Дахин дурдахад чанаргүй зээлийг нь бууруулж, өөрийн хөрөнгийг нь нэмэгдүүлэн, Хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлтүүдийг сайжруулах шаардлагатай. Засгийн газар Худалдаа хөгжлийн банкныхантай тохиролцоонд хүрвэл хуучин нэрээр “Вейзмент”, одоогийн “Хөтөл” ХХК-ийн 450 орчим тэрбум төгрөгийн өрийг төлүүлэх боломжтой. Мөн Засгийн газар “Эрдэнэс Монгол” компанийг Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх тогтоол баталсан. Эл тогтоолыг хэрэгжүүлэх боломж ч байгаа. Чанаргүй зээлийг ялгаж аваад сайн актив дээр нь тулгуурлан банкийг цаашид хөгжүүлдэг жишиг ч бий.
Монгол Улсад Хөгжлийн банк хэрэгтэй юу гэдэг асуултад бүгд “тийм” гэж хариулна. Харин яаж хөгжлийн банк шиг Хөгжлийн банктай болох вэ. Хөгжлийн банкны зорилго чиглэл маш тодорхой. Төрийн бодлого чиглэлийн дагуу улс орны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах томоохон төслүүдийг урт хугацаатай, хямд санхүүжилтээр хангах зорилготой байдаг. Монгол Улсыг 2026-2031 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд багтсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 60-70 их наяд төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоотой. Хөгжлийн банканд санхүүжилт хийж ажиллах асар олон төсөл энд багтаж буй нь гарцаагүй. Тэгэхээр Хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлт, засаглалыг сайжруулаад хөгжлийн төлөө зүтгүүлэх нь Монгол Улсад ашигтай.
Санхүү, эдийн засгийн их сургуулийн доктор, ахисан түвшний процессор Д.Гэрэлмаа “Хөгжлийн банк улс орны хөгжлийн стратегийн ач холбогдолтой байгууллага. Тиймээс засаглалыг нь маш сайн түвшинд хүргэж байж үр ашгийг нь хүртэнэ. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк төрийн эрх ашиг давамгайлсан, санхүүгийн мэргэжлийн эрх ашиг хойш тавигдсан засаглалтай явж ирсэн. Одоо энэ хоёрын байрыг солих хэрэгтэй. ТУЗ-ийг нь банк санхүү, бизнесийн удирдлагаар өндөр мэргэшсэн, сайн засаглалыг ойлгодог хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй. ТУЗ-ийн есөн гишүүний гурав нь төрийн төлөөлөл, зургаа нь банк санхүү, бизнесийн удирдлагын өндөр мэргэшсэн хараат бус мэргэжилтэн байж болно. Ийм байлгахаар хуульчилж ч болно. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага, менежментийн багаар банк, санхүүгийн салбар өндөр мэргэшсэн хүмүүс бүрдүүлж байх хэрэгтэйг мартаж болохгүй. Аливаа компанийн засаглалыг сайжруулах нэг арга нь төвлөрлийг сааруулах байдаг. Хөгжлийн банкны хувьцааны 49 хувийг гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагуудад эзэмшүүлж болно. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид Хөгжлийн банкны ТУЗ-д ороод ирвэл тэд улс төрийн нөлөөллийг оруулахгүй нь ойлгомжтой” гэв. Л.Болормаа, Д.Гэрэлмаа нар Хөгжлийн банк дахь төрийн оролцоог бууруулж, санхүүгийн мэргэжлийн удирдлагаар хангах нь зүйтэй гэсэн гол санааг хэлж буй анзаарсан байх.
Дэлхийд Герман, Солонгос, Япон гэх мэт улсын Хөгжлийн банк улсынхаа хөгжилд онцгой хувь нэмэр оруулжээ. Эдгээр улсын хөгжлийн банкны өмчлөл төрд байдаг ч мэргэжлийн санхүүчид менежментийг нь гүйцэтгэдэг эрх зүйн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, төр хийгээд улстөрчдийн оролцоог хуулиар хязгаарлаж өгсөн хэрэг. Өнөөдөр манайд ийм хязгаарлалт алга. Тиймээс улстөрчид Хөгжлийн банкийг хөлийн жийрэг шигээ ашиглаж, өнөөгийн доройтолд хүргэсэн. Хөгжлийн банк шиг хөгжлийн банктай байя гэвэл улс төрийн нөлөөллийг хуулиар хязгаарлах шаардлагатай аж. ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын багийг нь банк санхүү, бизнесийн удирдлагаар олон жил ажилласан туршлага хүмүүсээр бүрдүүлэх шаардлагатай юм байна. Олон улсын жишгээс харахад Хөгжлийн банкийг аврах, дахин дахин дампуурлын ирмэг дээр авчрахгүй байх шийдэл ерөөсөө энэ. Гэхдээ өнөөгийн манай улстөрчдийн ёс суртахууны түвшнээс харахад ийм эрх зүйн орчин бүрдүүлж чадах, эсэх нь эргэлзээтэй. Магадгүй Хөгжлийн банкны төвлөрлийг сааруулах нь хамгийн зөв алхам байж болно.
Ингэхдээ нэг сумаар хоёр туулай буудвал ямар вэ. Манай Засгийн газар, хувийн хэвшлийнхэнд хөнгөлөлттэй зээл олгодог Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк гэх мэт санхүүгийн түншлэгч байгууллага бий. Эдгээрт Хөгжлийн банкны хувьцааны тодорхой хэсгийг эзэмшүүлчихвэл ТУЗ-д нь, гүйцэтгэх удирдлагын багт нь төлөөллөө томилоод засаглалыг нь сайжруулна. Монгол Улсын Хөгжлийн банк хувьцаа эзэмшигчтэйгээ хамтраад томоохон төслүүдэд хамтын санхүүжилт хийх, дамжуулан зээлдэгч нь болох боломжтой. Яагаад ийм шийдэл гаргаж болохгүй гэж. Юутай ч Хөгжлийн банкийг улс төрийн нөлөөллөөс холдуулахгүй бол улсын хөгжилд нэмэр болох нь бүү хэл, харин ч нэрмээс болдгийг одоо бид харж байна.
Т.Энхбат