Москвагийн халдлагад амиа алдсан хүний тоо 93 хүрч, алуурчдыг баривчилсан тухай Оросын албаныхан мэдээлжээ

  • 2024/03/24 01:20

Баасан гарагийн орой Москва хотын “Crocus City Hall” концертын танхимд зэвсэгт халдлага гарсныг Исламын Улс бүлэглэл үйлдсэнээ хүлээсэн билээ.

Энэ үеэр олон арван хүн буудуулж алагдсанаас гадна байгууламжид гал түймэр гарч, дээвэр нь нурсан юм.

Тэгвэл дөнгөж сая Оросын Мөрдөн Байцаах Товчоо халдлагын үеэр амиа алдсан хүний тоо 93 хүрсэн, энэ тоо цаашдаа өсөхөөр байгааг мэдээлжээ. Бас 140 гаруй хүн шархдаж, эмнэлгийн тусламж авсныг мэдээлсэн байна.

Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Албаны тэргүүн өнөөдөр өглөө ерөнхийлөгч Путинтэй уулзахдаа халдлагатай холбогдуулан 11 этгээдийг баривчилснаас дөрөв нь биечлэн үйлдсэн хүмүүс болохыг тогтоосноо танилцуулжээ.

Мөрдөн Байцаах Товчооны эх сурвалж халдлагад ашигласан галт зэвсэг, сум хэрэгсэл зэргийн гэрэл зургийг нийтэлсэн байна.

ОХУ-тай дайны байдалд байгаа Украины эрх баригчид уг халдлагад ямар нэг оролцоогүйгээ өмнө нь мэдэгдсэн юм.

АНУ-ын тагнуулын албаныхан халдлагыг Исламын Улс зэвсэгт бүлэглэлийн нэг салбар үйлдсэн байх магадлалтайг өөрийн эх сурвалжаас олж тогтоосноо мэдээлжээ.

 
 
 
 

 

Эх сурвалж: BBC