Ш.Арвай: Би генерал биш, жолооч болох гэж цэрэгт явсан юм

  • 2024/04/20 13:30

Хилийн цэргийн домог хэмээн хүндлэгддэг, дэслэгч генерал Шавийн Арвай гуайг “Хоймор”-тоо урьж, дурсамж дурдатгал, бодол санаанаас нь хуваалцлаа. Тэрбээр БХЯ, НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, Хилийн цэргийг удирдах газрын дарга зэрэг хариуцлагатай алба хашиж явсан арвин намтартай. Цэргийн шинжлэх ухааны доктор тэрбээр НҮБ-ын Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн тэргүүлэгч, Батлан хамгаалахын их сургуулийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөл, Боловсролын доктор хамгаалуулах зөвлөл, Хууль сахиулахын их сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, профессор юм.

-Тантай “Хил амгалан уу” гэж мэндчилье.
-Амгалаан, амгалан байлгүй яах вэ. Сайхан мэндчилгээ байна.

-Таныг хилийн цэргийн домогт генерал гэж олон хүн хэлэхийг сонслоо. Домог гэж хүндлэгддэг тухайгаа бодож үзсэн үү?
-(Инээв). Мэдэхгүй юм даа. Аливаа зүйл цаг хугацаатай байдаг. Би ирэх жил наян насны ойтойгоо золгоно. 1958 онд цэрэгт татагдсан хүн. Цэргийн албанд 60 жил зүтгэж явна. Хилийн цэрэгт байлдагчаас эхлээд даргыг нь хүртэл хийж, олон жил ажилласныг хүмүүс мэдэх байх. Бас судалгааны ажил хийдэг. ЗХУ-д 1984 онд хил хамгаалах тухай судалгаагаар дэд эрдэмтний зэрэг хамгаалж байлаа. Судалгаагаа лавшруулж, “Монгол Улсын хилийн хамгаалалтыг боловсронгуй болгох чиглэл” сэдвээр 2002 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 

Сүүлийн 27 жилд эрдэм шинжилгээний ажилтай зууралдлаа. Улс эх орныхоо төлөө 64 жил ажиллажээ. Төрөөс улс орноо батлан хамгаалах асуудлыг шийдэх, тэр дундаа хил хязгаарыг хамгаалах бодлого, үйл ажиллагаанд өөрийн оюун сэтгэл, чадал хүчээ зориулаад явж байна. Ард түмнийхээ буянаар хангалттай боловсрол эзэмшсэн. Цэргийн хичээлийн чиглэлийн дунд, дээд сургууль, академи төгссөн. Хуучнаар ЗХУ-д Хилийн цэргийн дунд сургуулийг 1960-1963 онд сурч төгссөн юм. Хилийн застав, рот, сумангийн дарга ямар байх ёстойг тэнд заалгасан. 1967-1970 онд мөн ЗХУ-д М.В.Фрунзийн нэрэмжит Команд штабын академи төгссөн.

Шат ахиж, улсын хилийг тактикийн түвшинд хамгаалах онол, практикийг эзэмшсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дивиз командлах чадвартай боловсон хүчин болсон. 1982-1984 онд Жанжин штабын академи төгссөн. Энэ бол улс орны хэмжээнд Зэвсэгт хүчин удирдах, арми командлах, фронтын штабт ажиллах мэдлэг олгодог сургууль. Тухайн үед дэлхийд социалист, капиталист хоёр систем оршиж, “хүйтэн дайн” үргэлжилж байлаа. Хоёр систем нэг нь нөгөөгөө судлахгүй байна гэж юу байх вэ. Тиймээс дэлхийн хэмжээний цэрэг, улс төрийн байдлыг шинжилж, цөмийн дайн гаргахгүй байх, гарвал яаж даван туулахыг судалсан хэрэг.

-Та асуултаас тойроод байна уу даа.
-Би долдугаар анги төгсөөд Зүүнбаянд очсон. Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр 1953 онд байгуулагдаж, дэргэдээ техник, мэргэжлийн сургууль нээлээ. Тэнд сурч сантехникч мэргэжил эзэмшсэн. Нефтийн үйлдвэрийн анхны монгол ажилчдын нэг болж байлаа. Түүнээс хойш сурсан сургууль бүрээ онц төгссөн. Биднийг сургасан мөнгө эцсийн эцэст ард түмнийх. Тиймээс сайн сурах ёстой гэж бодож, өдөр, шөнөгүй зүтгэдэг байж. Цэргийн сургуульд өглөө зургаан цагт босоод шөнө дүл болтол суралцана. Тэнд ачаалал дааж сурсан. Одоо нас өндөр болсон ч хоногт 15-16 цаг ажилладаг.

Уншаад, судлаад, бодож, бясалгаад сууна. Цэрэгт урт цагаар ажилласаар байгаад амьдралын хэвшил болчихож. Ажил алба хашиж байхад цаг үеийн нөхцөлөөс шалтгаалаад юу эс тохиолдох вэ. Өнгөрсөн хугацаанд манай оронд өчнөөн зүйл тохиолдсон. Нэгэн жаран гэдэг бага хугацаа биш. Эх орон газар шорооныхоо төлөө ажиллаж явсан он жилүүдээ дурсахад сайхан байдаг юм. Далай багшийн “Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэж бодоход хоёр удаа амьдарсан мэт сэтгэл ханах болно” гэсэн үг гүн утгатай санагддаг. Би энэ үгийг хүмүүст хэлэх дуртай. Мундаг болъё гэж бодож явсангүй. Уйгагүй ажиллаж явсны үр дүн тодорхой хэмжээгээр үлдсэн байж мэднэ. Иймэрхүү санаагаар ойлгох нь зөв болов уу.

-Магадгүй та хэтэрхий даруухан хариулж байх шиг байна. Ийм даруухан хүн үү?
-Байгаа маань л энэ. Бас ч тийм даруу гэж хэлж болохгүй ээ. Шаггүй үедээ шаггүй ээ. Олон жил цэрэг удирдсан. Батлах хамгаалахын нэгдүгээр орлогч, Нийгмийг аюулаас хамгаалахын нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж, одоогоор Хил хамгаалах ерөнхий газрын даргаар 10 гаруй жил ажилласан. Олон хүн удирдахад бүтэх, бүтэхгүй зүйл их гарна. Санасан, бодсон, хийж хэрэгжүүлэх ажил бүтэхгүй зовооно. Тэр болгонд даруу загнаад байж болохгүй.

-“Их зарчимч, ширүүн. Гэхдээ буулт нь зөөлөн дарга байсан” гэж нэг цэрэг тань ярьсан. Их эрэмгий хүн гэж төсөөлж байлаа.
-Надад нэг зарчим бий. Би хүнийг шийтгэх тухай боддоггүй. Аав минь лам байлаа. Баригдаж хоригдоод 10 жилийн дараа нас барсан юм. Би ээжийнхээ гар дээр өсөж хүмүүжсэн. Миний зарчим өр зөөлөн хүмүүжилтэй маань холбоотой. Гэхдээ хүнийг шийтгэсэн тохиолдол байдаг байх. Шийтгэхээс илүү аль болох ойлгуулахыг л хичээдэг. Намайг их ярьдаг гэж шүүмжилдэг байсан. Тэр үнэн. Би 1976 онд хилийн цэргийн даргаар томилогдоод дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл хилийг хүчтэй хамгаалах бодлого баримталсан. Дулааны улиралд хөршийнхөн хил зөрчих нь ихэсдэг юм.

Харин аравдугаар сараас дараа оны дөрөвдүгээр сар хүртэл хил зөрчих нь багасдаг учраас арай өөр бодлого баримталдаг байлаа. Арав, дөрөвдүгээр сарын эхээр хилийн отрядуудаар явж, ажлыг нь шалгана, үүрэг даалгавар өгнө. Тухайн үед хилийн цэргийн удирдах байгууллага онгоцтой, нисдэг тэрэгтэй байлаа. Хүмүүсээ дагуулаад десант буулгачихна. Бүх бие бүрэлдэхүүнийг нь цуглуулж байгаад төрийн бодлого, хил хамгаалах арга зүйн талаар ойлгуулах гээд гурван цаг ярьчихдаг байсан. Алдаа гаргасан, болхи арга барилаар ажилласан офицеруудыг ширүүхэн донгогдох тохиолдол ч гарна. Хожим түүхийн эх сурвалж судлахад Чингис хаан арав, дөрөвдүгээр сард цэргийн дарга нараа цуглуулж чиглэл өгдөг байсан юм билээ.

-Таныг цэргийн сургуулийн алдартай сонсогч байсныг сонссон. “Азийн Арвай шиг сур” гэсэн хэллэг хүртэл гарсан гэл үү?
-Хилийн цэргийн дунд сургуульд группийн ахлагч байлаа. Фрунзийн академид Монголынхоо бүлгийнхнийг ахалж явсан. Жанжин штабын академи хоёр факультеттэй. Нэг нь үндэснийх, нөгөөх гадаадынх. Би гадаадын сонсогчдын факультетийн ахлагч байв. Факультетийнхээ сонсогчдыг оросоор командлаад, багш нартаа илтгээд явна.

Үргэлж өөрөө командлаад байхгүй ээ. Долоо хоногоор ээлжилж, бусдаараа командлуулдаг байлаа. Азийн олон орны офицеруудыг монгол хүн командлаад явж байсан нь хөндлөнгөөс бахархалтай харагдсан биз. Тухайн үед ерөөсөө бахархал гэж бодоогүй. Хожим монгол хүний үнэ цэнийг олон орны офицеруудын өмнө харуулж явсан юм болов уу гэж бодогдсон. Жанжин штабын академид хурандаагаас дээш цолтой хүн суралцдаг юм. Би л гэхэд дэслэгч генерал цолтой тэнд очиж байлаа. Онц сурдаг, хамт суралцаж буй хүмүүсээ удирддаг байсан нь нөлөөлсөн юм байлгүй. Хүмүүс “Азийн Арвай шиг сур” гэсэн хэллэг гарсан талаар ярьдаг л юм.

-Газрын тосны үйлдвэрээс гараад, төмөр замд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр цэрэгт татагдсан гэсэн. Гэнэт л цэргийн хүн болмоор санагдав уу?
-Цагийн байдал сайхан болчихсон, арми, хилийн цэргийг татан буулгачихсан үе. Хэрэгцээ байгаагүй учраас одоогийнхтой адил эрчүүдийг 18 нас хүрүүт нь цэрэгт татдаггүй байлаа. Аймаг бүрээс цөөхөн хүн цэрэгт татна. Батлан хамгаалах, Дотоод хэргийн яам нэгдчихсэн цомхон бүтэцтэй байв.

Цөөн хүн цэрэгт татахдаа бие бялдар, сахилга бат гээд олон үзүүлэлтээр шилж сонгоно. Би жолооч болох гэж цэрэгт явах хүсэлт гаргалаа. Генерал болно гэж ер бодоогүй. Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт өндөр цалинтай мундаг ажилчин байв шүү дээ. Тэр үед нефтийн үйлдвэр маш амархан босгочихож байсан юм шүү дээ. Одоо л манайхан чадахгүй юм. Цаг үе нь өөр болсон юм байлгүй. Нефтиэ нэрээд бензин гаргаад, үлдсэн шаарыг нь чанаад кокс болгодог байсан. Улаан уулын төмөр замыг зөвлөлтийнхөн тавьж өгөөд буцсан.

Тэнд 18 км урт шугамтай, усан сантай тосгон байгууллаа. Тэгээд төмөр замынхан намайг сантехникийн мэргэжилтэй гэж олзуурхаад ажилд авсан хэрэг. Төмөр замынхан намайг цэрэгт явуулахгүй гээд, аймгийн төв дээр Гомбосүрэн гэж цэргийн хэлтсийн хүн ирчихсэн авъя гээд байдаг. Хулгайгаар л явсан. Улаанхуаранд гурван сар карентлагдсан. Өглөө босоод Туул руу гүйнэ. Мөс цоолж, нүүр гараа угаана.

Цувдайны шөлөөр л хооллоно. Ер бэрхшээлтэй байгаагүй. Намайг төмөр замд ажиллаж байсан гээд Сэлэнгийн төмөр замын байцаан өнгөрүүлэх боомтод хуваарилдаг юм байна. Ингээд жолооч болох хөг өнгөрлөө. Ингэж л эх орныхоо хилийг хамгаалах үйлсэд зүтгэх хаалга нээгдсэн. Бууны жад жавар зүсэн исгэрэх чимээ сонсон, эх орныхоо хилийг нүд чавчилгүй манаж явснаараа үргэлж бахархдаг. Нэгэн явдлыг сонирхуулж ярья. Хиагтад том шорон байдаг байлаа. Тэндээс хэсэг этгээд оргоод манай руу хил давсан хэрэг. Оросын талаас утсаар ярьж, дуулгаж байна. Би анги руугаа мэдэгдлээ. Оросууд удалгүй машинтай давхиад ирсэн.

Тэр үед манайд машин байхгүй, мориор л шогшуулна. Хамтын эрэлд явлаа. Оргодлууд Алтанбулагийн баруунтай Буурын голын хөвөөнд усны шуудууны нүхэнд суучихсан байхад нь бид бүсэлсэн. Шувууны буутай юм. Эсэргүүцэл үзүүлэлгүй баригдсан. Хил давсан оргодол барихад оролцсон гээд намайг Монгол Улсын болон ЗХУ-ын Онц хилчин тэмдгээр шагнаж байв. Тэндээс л хойшоо Хилийн цэргийн дунд сургуульд сурахаар явсан. Зүүнбаян, Улаан уулд оросуудтай ажиллаж, боломжийн хэрээр хэл нэвтрэлцчихдэг болсон маань нөлөөлсөн байх.

-Таны өвөг дээдэс хүртэл хилчин хүмүүс байсан гэж сонссон.
Тийм шүү. Би Дорноговь аймгийн Эрдэнэ сумын хүн. Эрдэнэ сум бол одоогийн Замын-Үүд. Миний өндөр өвөө Шавины Дорж гэж хилийн цагдаа, гэлэн хүн байсан гэдэг. Түүхийн архиваас 1907 оны үед 50 эргэм настай байхдаа ажиллаж байсныг нь мэдэж авсан. Өвөө маань улсын хил хязгаарт тагнуулын чиглэлээр ажиллаж байж. Ингэхээр удам угсаа маань 150 орчим жилийн өмнөөс хилчин байсан болж таарах нь. Ах нар минь эх орныхоо хоёр дайнд оролцож явсан хүмүүс. Миний удам угсаа, амьдрал эх орныг батлан хамгаалах хүрээнд эргэлдэж явна даа.

-Хилийн цэрэг ямар онцлог, үүрэгтэйг та энгийнээр тайлбарлаж өгөөч?
-Дэлхий 510 сая ам км газар нутагтай. Үүний 77 хувь нь далай тэнгис. 148.9 сая ам дөрвөлжин нь хуурай газар. Үүний 1.5 сая ам км нь Монголын газар нутаг. 7.6 тэрбум хүн төрөлхтний 3.1 сая нь монголчууд. Дэлхийд 203 улс бий. Тэдний дунд 2000 жилийн түүхтэй Монголын төрт улс оршин тогтнож байна. Дэлхий биднийх. Тэндээс ногдсоноо бид эзэмшиж байна. Хүн төрөлхтөн бидний ахан дүүс болж байна. Улсаа удирдах төр маань байна. Туулсан түүхээ эргэж харахаар эх орноороо бахархмаар санагддаг.

Яагаад гэвэл улсын хилтэй холбоотой байдаг учраас тэр. Хүмүүс хилийг шугам гэж ойлгодог байж магадгүй. Хил нь нэг улсын газар нутгаас нөгөө нь зааглаж байдаг дундын өмч. Зэргэлдээ хоёр улсын төрийн эрх барих дээд байгууллага нь ярилцаж, газрын зурагт зураад, дараа нь Засгийн газар нь барьж байгуулдаг, гэрээгээр баталдаг, олон улсын баримт бичиг болдог зүйл юм. Хилээ тогтоож чадаагүй бол хоёр улсын хороонд маргаан будлиан гарч, дайн дажин үүсдэг. Хилээ тогтоочихвол энх тайван ноёлоод, сайн харилцаа үүсгэдэг жамтай.

Хил гэдэг ойлголт агуу. Хилчин рүү гал нээвэл дайн дэгдэнэ. Хилчин олон улсын цэрэг болчихдог. Гэрээ байгуулдаг учраас өндөр ач холбогдолтой болдог юм. Эргээд харахад Монголын төр хил хязгаарынхаа талаар гайхамшигтай бодлого баримталж явжээ.

-Тухайлбал, ямар бодлогыг гайхамшигтай гэж та дүгнэж байна вэ?
Төрөөс улсын хил хязгаарын талаар баримталсан бодлогын есөн гайхамшиг байна гэж би боддог юм. Үүнээсээ тоймолж ярья. Гайхамшиг гэж харьцангуй дэвшилтэй, дахин давтагдашгүй, маргашгүй зүйлийг хэлээд байгаа хэрэг. Манай улс XX зуунд л улсынхаа хилийг тогтоож авлаа шүү дээ. 1911, 1921 оны хувьсгалын ололтыг найдвартай хамгаалсан гайхамшиг бий. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал мандахад манайх хилээ хамгаалж байж. Урд талд дотоод Монголоос заагласан 110 харуултай байсан. Хойд талдаа ч хилтэй байсан.

Манж, Оросын хэлэлцээрээр 1727 онд Монголын умард хилийг тогтоосон байдаг. Үндсэндээ монголчууд Манжийн тусламжтайгаар хилээ тогтоосон гэж үзэж болно. 1915 оны гурван этгээдийн хэлэлцээрээр манай хилийг Баргаар тогтоож байсан юм. 1921 оны хувьсгалын гол хүч хойд хилийн харуул байлаа. Хилийн цэргээ байгуулсан нь гайхамшигт явдал. Хятадтай сайн харилцаатай болсон гээд 1953 онд 10 мянган хилийн цэргээ тараагаад, 210 хүн үлдээсэн байдаг. Ингээд Хятадаас айлууд манай нутаг нүүж ирээд суучихдаг болсон. Иймэрхүү явдлаас үүдэж, хилийн цэргээ яаралтай дахин байгуулж, ирсэн айлуудыг нь буцааж гаргасан. Хилийн цэргээ байгуулсан явдал улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалах боломж бүрдүүлсэн.

Хилийн цэсээ хөдөлшгүйгээр тогтоосон нь бас нэг гайхамшиг. Манай улс нэлээд хөөцөлдөж байж 1961 онд НҮБ-ын гишүүнээр элссэн түүхтэй. Хил нарийн тогтоогүй байсан нь сунжрах шалтгаан болсон гэдэг. Ингээд дараа жил нь Хятадтай, 1976 онд ЗХУ-тай хилээ тогтоож, гэрээ байгуулсан. Одоо Монгол Улс эргэн тойрон 8256 км хилтэй болсон. ОХУ-тай 3453, Хятад улстай 4706 км-ээр хиллэдэг. Түүнээс хойш эх орны газар шорооноос нэг алхмыг ч алдаагүй хамгаалсан. Тагнуул туршуул хийх, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах гэх мэт зүйл аль аль талдаа их болно. Тэр бүгдийг хилчид илрүүлж байлаа.

Энэ тухай архивын хөдөлшгүй баримтад тулгуурлан бичсэн “Эгэл хилчдийн ээдрээт замын сургамж” гэсэн ном бий. БНХАУ, ОХУ-ын удирдлагууд маргалдаад, бие биенээ дайсан гэж үздэг болчихсон үе байсан. Энэ үед манай өмнөд хилийн цаана хятадууд, наана нь ЗХУ цэргээ байрлуулсан. Аль нэг тал нь гал нээвэл будлиан гарчих нөхцөл бүрдсэн үед манай хилчид өдөр шөнөгүй, сонор соргог хамжаалж, хилийн будлиан мөргөлдөөнд хүргээгүй нь гайхамшиг. Хоёр улс хилээсээ болж маргалдаж, мөргөлдсөн явдал дэлхийд олон бий. Улсын хилийн хаалга үүдийг нээсэн явдал бас нэг гайхамшиг юм. Манай хил жилдээ 300 мянган хүн орж, гардаг, 500 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг хоцрогдсон, хөдөлгөөн багатай байцаан өнгөрүүлэхүүдтэй байлаа.

Өнөөдөр 4-5 сая хүн нэвтэрч байна. Олон улсын шаардлагад нийцсэн боомтуудтай боллоо. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжих эгзэгтэй үед манай хилчид, дотоодын цэргийнхэн өндөр түвшинд ажилласан нь мөн л гайхамшиг. Манай улсыг хил хязгаараа хамгаалахад тусалцаа үзүүлэх зорилготойгоор байрлуулсан Зөвлөлтийн цэргүүдийг улс төрийн шахалтаар гаргачихсан. Энэ үед Монголын батлан хамгаалах салбарт тодорхой орон зай онгойсон юм шүү дээ. Эгзэгтэй үед улс орноо энх тайван замаар өөр нийгэмд шилжихэд хувь нэмрээ оруулсан нь хилчдийн гайхамшиг юм. Хилээ шинжлэх ухааны үндэслэлтэй, төрөөс баримтлах бодлого, хуультайгаар хамгаалах болсон нь өөр нэг гайхамшиг гэж боддог.

-Хилийн цэргийн түүхэн дэх есөн гайхамшигт үйл явдлыг эмхтгэж бүтээл хийх үү?
-Оролдох санаа бий. Гэхдээ миний бүтээлүүдэд санаанууд нь туссан.

-27 жил судалгаа хийхдээ эрдэм шинжилгээний хэдэн бүтээл туурвисан бэ?
-20 гаруй номтой. Хамтраад хийсэн бүтээл ч бий. Эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэлүүдээ оруулаад тооцвол улсын хил хязгаарыг хамгаалах бодлого, арга зүйн судалгааны 200 гаруй бүтээл байгаа.

-Таны гишүүнчлэлтэй НҮБ-ын Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академи гэж ямар учиртай байгууллага вэ?
-НҮБ-ын гишүүн орны Төрийн тэргүүнүүд 2000 онд цуглаад мянган жилийн үйл явдалд дүн шинжилгээ хийж, Дэлхийн I, II дайн шиг гашуун зовлонг хүн төрөлхтөнд амсуулахгүй байя, гурав дахь мянганыг дайн дажингүй өнгөрөөе гэсэн тунхаглал гаргасан. ХХ зуун ээдрээтэй зуун байлаа. Олон улс гүрэн газар нутгаа алдлаа. Олон сая хүн дайны хөлд үрэгдлээ. “Гурав дахь мянганы тунхаглал”-аас 2030 он хүртэл дэлхийн нийтээр амар амгалан байх зорилт тавьсан. Үүнийг дагуулж байгуулсан академи л даа.

Мэдээлэл, мэдээллийн бүх төрлийн хэрэгсэл, мэдээллийн шинжлэх ухаан, мэдээллийн нөөц гэсэн дөрвөн зүйлийг багтаасан зүйлийг мэдээлэлжүүлэлт гэж нэрлээд байгаа юм. Москвад төвтэй, НҮБ-д бие төлөөлөгч суудаг академи. Энэ академийн дүрэмд улс орноо удирдаж буй Төрийн тэргүүн, сайд, парламент, Засгийн газрын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэд гурав дахь мянганд хүн төрөлхтнийг жолоодож байгаа юм шүү гэсэн санаа агуулагддаг. Тиймээс тэднийг мэдээллээ академид нэгтгэхийг албан ёсоор уриалан дуудсан байдаг. Манай академид надаас гадна Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд гээд төрийн зүтгэлтнүүд, Л.Түдэв, Ч.Далай, Б.Лхашид тэргүүтэй Монголын сор болсон эрдэмтэд багтдаг.

-Та олон дууны үг бичсэн, бас морин хуур, баян хуур тоглодог чамгүй авьяастай хүн.
-Өөртөө л болж байдаг юм. Түүнээс авьяас чадвар нь гайхуулах юмгүй ээ.

-“Мартахын аргагүй маргад эрдэнийн орон” шүлгээ уншиж өгөөч. Ингээд хоёулаа ярилцлагаа өндөрлөе.

Тэртээд цэнхэртэх алсын хязгаарт
Төрийн сүлдээр мөнхөлсөн хилийн багана ярайж байна
Дархан хилийн торгон шугам
Тэднийг эмжээд зурайж байна
Тэнд тэнгэрээ, хилээ, хязгаараа манаж
Төрөө, нийгмээ, таныг, намайг хамгаалж
Тэмүүжин Чингисийн удамт Хилчин баатрууд тэмцэж байна
Эх оронд минь юу байна
Эхээс мэндэлсэн хэн байна
Сорчилж тийш нь илгээ
Эзэнгүй нутаг энд байна гэж
Эндүүрч явагсад нь мэдэж аваг
Улсын минь хилийг зөрчсөн
Хэнийг боловч цээрлүүл
Учруулсан хохирлыг нь
Мянга дахин өсгөж төлүүл
Улс нь төртэй
Хил нь дархан юм байна гэж санаж яваг
Эх орныхоо төлөө зүтгэе гэж
Амиараа тангарагласан хилчдийнхээ
Эгнэшгүй их гавьяаг нь үнэлж
Энгэрийг нь одонгоор мялаа
Ээлжгүй албанд тодорч шалгарагсдыг нь
Баатар болгож нэрийг мөнхөл
Эргэн тойрон дөрвөн зүг найман зовхист
Эх орончдоороо хамгаалуулсан
Эзэн улсынхаа сайхан бүгдээс
Хэмжээ хязгаартай хүртэцгээ
Ирээдүйдээ үлдээх, өртэй шүү гэдгийг бүү мартаарай
Эх орон минь та эрдэнийн дээд эрдэнэ билээ
Энэ бол Чамлаж болшгүй агуу их соёл
Мартаж болшгүй ариун тансаг монгол хэл
Алдаж болшгүй эх орны минь тусгаар тогтнол
Халдаж болшгүй улсын минь дархан хил билээ
Хэрэв та Үүний төлөө төрснөө мэдэрч
Түүний төлөө зүтгэж яваа бол
Жинхэнэ монгол хүн мөн
Өвөг дээдсийн минь сургаал гэвэл ийм л байсан юм
Өнөөдрийн бидний гайхамшиг гэвэл үүнд оршиж байна
Өлгийтэй нялхсын минь ирээдүй гэвэл тийм байх болно
Өнөд Монголын бахархал энэ л байх болно
Миний эх орон бол Үүлгүй цэнхэр тэнгэрт нь
Үлгэрийн одод яралзсан Үзэсгэлэн төгөлдөр байгальд нь
Үртэй бүхэн жаргасан
Миний, таны хүндэлж дээдэлдэг
Мартахын аргагүй маргад эрдэнийн орон
Хайрлаж хамгаалж яваарай.

-Та зуу наслаж зургаадай таяг тулаарай.
-Баярлалаа. Намайг тоож ярилцлага авсанд талархъя. Дахин хэлэхэд би эх орныхоо хил хязгаарыг хамгаалахын төлөө нэгэн насны амьдралаа зориулж яваагаараа үнэн сэтгэлээсээ бахархдаг. Монголын үеийн үеийн хилчид, цэрэг эрсээрээ бахархаж явдаг.

("Өнөөдөр" сонины "Хоймор" буланд 2017 онд нийтлэгдсэн болно)

Т.Энхбат