Ж.ЯДАМСҮРЭН: Би хувь заяаны төөргөөр төрийн гурван байгууллагын суурийг тавьж, удирдсан
- 2024/04/16 14:26
Эдийн засгийн ухааны доктор, профессор Жигжидсүрэнгийн Ядамсүрэнг “Хоймор”-тоо урилаа. Тэрбээр Монгол Улсын төр, захиргааны байгууллагын албан хаагчдад эдийн засгийн ухааны онол зааж байсны зэрэгцээ нийслэлийн ИТХ, Үнэт цаасны хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж байсан эрхэм юм.
-Таны хүүхэд насны үетэй “танилцъя”. Төрж, өссөн нутаг, сурч хүмүүжсэн цаг хугацааныхаа дурсамжаасаа хуваалцаач?
-Ээж минь намайг гэрийнхээ баруун хатавчинд өтөг дээр араг сандайлж төрүүлсэн. Би Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг Шивэртийн овооны өвөлжөөнд өнгөрсөн зууны дундуур төрсөн хүн. Бага насаа аав, ээжийнхээ сургаалыг сонсож, үеийн хүүхдүүдтэй тоглож наадан, мал хариулж өнгөрөөсөн. Намайг төрөхөд монголчууд нийтээрээ Европын соёл руу хөл тавих үндэс бүрдэж байлаа. Сургууль соёлын мөр хөөх боломжтой цаг үед төрснөө азтай гэж боддог. Тариат сумын дунд сургуульд 10 жил суралцаад МУИС-ийг санхүүч, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Тэгээд МАХН-ын Төв хорооны дэргэдэх Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуульд улс төрийн эдийн засгийн ухааны багшаар ажилласан. Дараа нь Москва хотод ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид аспирантурт сурсан. Улс төрийн эдийн засгийн ухааны багш гэсэн мэргэжлийн диплом өгсөн. Сайн багш нартай хувь тохиолоор тааралдсан. Мэргэн багш нарынхаа ачаар өдий зэрэгтэй амьдарсан гэж боддог. Тиймээс багш нараа дурсах дуртай.
-Багшийн эрдэм шавьд гэдэг. Та багш нараа дурсаж болно шүү дээ.
-Дунд сургуулийн багш нараа зөвхөн Тариатынх биш, бүх Монголын сургуулийн багш нар байжээ гэж боддог. Багш нар минь биднийг эрдэм сурах дуртай, идэвхтэй, зорилготой болгож хүмүүжүүлсэн. Математикийн Батдорж, химийн Мижиддорж, орос хэлний Адъяасүрэн гээд багш нарынхаа зах зухаас дурсъя. Багш нарын минь зарим нь хожим Улаанбаатарт Сурган хүмүүжүүлэх ухааны институтэд ирж ажилласан. Бидний багш нар МУИС, УБДС дөнгөж төгссөн нутгийн хүмүүс байсан, манай нутгийн унаган бөгөөд эхний сэхээтнүүд юм. Тэд бидний психологийг мэддэг учраас түүнд нь тохируулан сургаж, чиглүүлсэн гэж боддог. Математик, химийн хичээлийг гэхэд л багш минь үндсэн программаас гадна Оросын сэтгүүлээс заадаг байлаа шүү дээ. Бүх хичээлдээ жигд сайн байсан даа, бид нар. Бид бас орос хэлийг нэлээд сайн сурч төгссөн. Их сургуульд мөн л мундаг эрдэмтэн багш нартай учирсан. Санхүүгийн Шаравпэлжээ, Лүндэн, нягтлан бодохын Лодой, Дамбадаржаа, дээд математикийн Жадамбаа, Логий, түүхийн Гарамжав, Хүүхэнбаатар, философийн Ү.Нямдорж, Норовсамбуу, статистикийн Цэрэндорж, Элдэв-Очир, улс төр, эдийн засгийн ухааны Занабазар, Ж.Батмөнх, Миеэгомбо гээд Монголын ланжгар эрдэмтдээс номын дуу сонссон доо. Намайг нэгдүгээр курс төгссөний дараа багшаар тэнхимдээ бэлтгэх гэж Москвагийн их сургуульд явуулахаар Ж.Батмөнх багш Дээд боловсролын хорооны дарга Санжаасүрэн гуай дээр дагуулж ороод шийдвэр гаргуулж байлаа. Тэр жил аав минь хүнд өвдөөд Москва руу явж чадаагүй. Сургуулиа төгсөөд их сургуульдаа багшаар үлдэхээр болсон юм. Гэтэл Намын сургууль авна гэж мундагдсан. Нийгмийн ухааны академийн Политэкономийн тэнхимд дэлхийн хэмжээний, тухайлбал, Л.И.Абалкин, В.А.Медведев, Е.М.Примаков, Г.Н.Сорвина, В.С.Афанасьев, Р.А.Белоусов, В.В.Цакунов, Г.А.Куликов гээд том эрдэмтдээр хичээл заалгасан. Намын сургуульд политэкономийн хичээлийг өдөр, оройн болон эчнээ ангид дөрвөн жил заасан учраас овоо “мэдлэгтэй” тэнд очлоо. Гэтэл багш нар минь “Чи Барууны эдийн засгийн ном үз” гэж даалгасан. Сурах бичгийн боловсролтой би тэнд дэлхийн эдийн засгийн онолын түүхээр минимум шаардлага хангах шалгалт өгч байлаа.
-Дунд сургуулийн ангийнхан тань бүгд их, дээд сургуульд элссэн гэж сонссон. Тариатын 10 жилийн дунд сургуулийн хэд дараалсан ангийн төгсөгчдийн олонх нь их, дээд сургуульд элссэн түүхтэй юм билээ. Тариатын сургууль үнэхээр сайн байжээ.
-Тухайн үед Тариатын 10 жилийн дунд сургууль улсдаа толгой цохидог байлаа. Бид багш нараасаа их айдаг байж. Хичээлийн бус цагаар багш нартай тааралдвал зугтчихна. Хэрэв баригдвал “Яасан их завтай явж байна” гээд хичээл асуугаад залхаадаг байсан сан. 20 эрэгтэй хүүхэд нэг ангид сурч, бүгд их, дээд сургууль төгссөн түүхтэй. УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч агсан Б.Энхтүвшин, Байгаль орчны сайд асан Ц.Адъяасүрэн, ШУТИС-ийн эрдэмтэн багш Д.Очирбат, хэл бичгийн ухааны эрдэмтэн Шижээ, Монголын урдаа барьдаг мэс засалч байсан Я.Тойвгоо гээд ангийнхан минь ажил, амьдралдаа ч амжилт гаргасан даа. Биднээс долоо нь докторын зэрэг хамгаалсан юм. 4-5 нь л хөдөө ажилласан байх. Бусад нь Улаанбаатарт ажиллаж, амьдарсан. Далай Чойнхор вангийн хошууны хүүхдүүд гайгүй толгойтой юм гэсэн яриа сонсож л байсан.
-Таны нутаг хуучнаар Сайнноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошууны төв хэсэг. Тэр нутгийн дархчууд болд төмөр ширээж хийсэн эдлэлээрээ алдартай байсан гэдэг.
-Манай хошууныхан хар төмөр хийцээрээ Монгол даяар алдартай байсан юм билээ. Зөвхөн гангийн дархчуулаараа гэлтгүй гар урлал, уран барилга барих арга ухаанаар ч ихэд алдартай байсан нь баримт сэлтээс харагддаг. Дархчуулын гол төв нь одоогийн манай сумтай залгаа Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг байсан. Төмрийг болтол хувиргадаг, хатыг нь маш сайн тохируулдаг байсан гэдэг. Ерэнтэй дархны хийсэн хэт хутгыг Москвад шинжлээд “Ийм зэвэрдэггүй, ир нь удаан харьдаг ган төмрийг одоо хийх боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан тухай баримт бий. Төмрийг цагаан шаргал, улаавтар, ягаавтар, солонгон өнгөтэй гэх мэтээр хатаалгын хэр хэмжээг тохируулж улайсгадаг, тэгээд хэдэн зуун удаа давтан нягтруулаад найрлагаас нь шалтгаалж, салхинд, усанд, тосонд, давсанд, малын бууцанд хатааж байсан юм билээ. Тухайн үеийн Тариатын хүрээ 10 мянган хүн төвлөрсөн том суурин байжээ. Оросын эрдэмтэн А.М.Позднеев “Энэ бол хот” гэж бичиж үлдээсэн нь бий. Тариатын хүрээний сүм, дуганы барилга хятад, төвөд, монгол загвар хослуулсан өвөрмөц хийцтэй байсан гэдэг. А.М.Позднеевийн авсан Тариатын хүрээний хар фото бий. Түүнээс санаа авч, сэргээж зуруулъя гэсэн санаачилга гаргасан ч чадаагүй л явна. Уг нь байшингуудынх нь суурийн хэмжээг хүртэл авч, материал цуглуулсан.
Үнэт цаасны хорооны дарга Ж.Ядамсүрэн өдөр тутмын сонинд хэвлэгдсэн Монголын хөрөнгийн биржийн арилжааны мэдээг нягталж суугаа нь
-Халхад хамгийн өндөр, нарийн ур хийцтэй алтан ганжиртай хүрээ байсан гэж түүхэнд тэмдэглэснийг уншиж байсан юм?
-Алсын газраас алтан ганжир нь гялалзанхан харагддаг байсан гэдэг. Тариатын хүрээг нүдээр үзсэн хүний хувьд А.М.Позднеев, бас Б.Ширэндэв гуай дурсан бичсэн нь бий. Тариатын хүрээний алдарт маарамба Лүнхрэг Дандар гэдэг хүний Энэтхэг, Төвөдийн анагаах ухааны эндүүрэл ташаарлыг шүүмжилсэн дөрвөн боть, бас бус номыг өнөөг хүртэл Энэтхэг улсын оточ нар анагаахын сургуульдаа ашиглаж байгааг би нүдээр харсан. Гэсэр лам гэж эрдэм чадалтай хүн байсан. Тариатын хүрээнд сууж байсан Н.Эрдэнэпил лам Гандантэгчэнлин хийдийн хамбаар 1944-1960-аад он хүртэл сууж байсан гэдэг. Тариатын хүрээ мухар сүсэг бишрэл биш, шинжлэх ухаан талаас нь авч үзвэл анагаах ухаан, гүн ухаан, боловсрол, соёлын нөлөө бүхий том төв болж байсан газар юм билээ. Даанч одоо юу ч үлдсэнгүй дээ.
-1932 оны ардын бослогыг дарахад сүм хийдийг нь шатаагаад, тэр нутгийн лам нар, дархчуулыг бүгдийг нь хөнөөчихсөн гэдэг байх аа?
-Энэ үйл явдал 1932 онд одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас анх үүссэн түүхтэй. Феодал, лам нарын бослого, эсэргүү хөдөлгөөн, зэвсэгт үймээн, хувьсгалын эсэргүү бослого, ардын бослого гэх мэт янз бүрээр нэрлэж ирсэн. Одоо зарим сурвалжид бүр иргэний дайн болсон гэж бичих боллоо. Түүхэн баримтаас үзэхэд энэ бол 1921 онд Монголд тогтсон төр, засгийг солих, Орос улсаас монгол түмнийг хөндийрүүлэх санаа бодолд тулгуурласан юм билээ. Түүний эх үүсвэр ард олноос биш, өөр талаас тавигдсан байдаг. Тэр үеийн нам, төрөөс явуулсан алдаатайбодлого нөлөөлсөн нь мэдээж. Энэ үйл явцыг хуучин Манж Го улсын үлдэгдэл Хятад, Төвөд, Япон зэргээс турхирч байсан баримт бий.
Монголчууд гадаадын нөлөө, тэдний зохион байгуулалтын явцад өөр хоорондоо дайсагналцсан гэж үзвэл үнэнд ойртоно. 1696 оноос хойш бүтээн босгосон бүх зүйлийг нь хүн зонтой нь устгачихсан юм шүү дээ. 6000 орчим хүнийг хөнөөж, олон сүм, дугана түүх, соёлын дурсгалыг үгүй хийсэн. Тариатын хүрээ үнсэн товрог болсон. Миний хүүхэд үед Тэрх, Гичгэнийн голын хөндийгөөр хүний гавлын яс цагаан мөөг шиг л ярайж байсан. Учир мэдэхгүй бид өшиглөж тоглодог байлаа. 1960-аад оны эх хүртэл байсан. Байгаль өөрөө цэвэрлэчихдэг юм билээ. Тэр үед хүмүүсийг эгнүүлж зогсоогоод пулемётаар шүрших явцад нутгийн нэгэн ах толгой руугаа өшиглүүлж, ухаан алдаж хэвтээд шөнө хүүрэн дундаас босож явж, амьд үлдсэн байсан. Тэр хүн 1960-аад он хүртэл амьдарсан. Бослого гэгчийг дарахдаа гэмтэй, гэмгүй хүмүүсийг хоморголон хөнөөсөн нь манай нутгийнхны голд орсон. Хүнээ алдаагүй айл үлдээгүй гэдэг.
-Бослогыг дарсны дараа Архангайнхныг “Танк хүлдгийнхэн” гэж хочлох болсон. Одоо ч ингэж шоглох нь намжаагүй байгаа. Танк хүлсэн нь бодит түүх үү?
-Нэгэн баримт түшин хариулъя. Алдарт археологич Хөдөөгийн Пэрлээ гуай энэ талаар ярьсан нь үлджээ. Тэрбээр Хэнтий аймаг руу 1974 онд томилолтоор явж, шинэхэн шавь Д.Цэвээндоржийн хамт Дадал сумын төвд очин 1932 оны үймээний үеэр анх танилцсан Батаагийнд хоногложээ. Х.Пэрлээ гуай Тариат сумд багшилж байгаад хавар сургууль тармагц нутаг руугаа явахаар аймгийн Гэгээрлийн хэлтэст очиход “Амралтын мөнгө өгнө. Харин нутаг руу чинь явуулахгүй. Тариатад лам нарын эсэргүү гараад Улаанбаатараас цэргүүд ирсэн. Чи зам мэдэх тул газарчил” гэсэн байна. Ингээд Улаанбаатараас ирсэн, тус бүр жижиг хуягт тэрэг ачсан, хоёр талаар нь цэргүүд эгнэн суусан хоёр “ЗИС-5” машины нэг дээр суулган Тариат руу явуулжээ. Эртний хоёр танил Тариатын хүрээний урд болсон тулааны тухай ярилцаж хоносон байна. Тэдэнд “Энгийн ардыг буудаж болохгүй, толгой дээгүүр нь хий бууд” гэж үүрэг өгсөн, нэг хуягт тэргийг машинаас буулган, эсэргүү нарыг хэдхэн удаа шүршсэн, тэгэхэд эсэргүү нар зугтаад явсан тухай ярихад нь Д.Цэвээндорж “Танк хүлээгүй юм уу” гэж асуужээ. Тэд “Танк хүлсэн гэдэг яриа шал худлаа. Бүр эрт 1920-иод онд Оросын иргэний дайны үед улаан армийнхны дунд хуучин Цагаан хаант засгийн цэргийн дарга нарыг орчин цагийн зэвсэг мэдэхгүй гэж зохиосон шог яриа юм. Үүнийг Орост сурч байсан манай цэргийн зарим дарга нар сонсоод Тариатад болсон мэтээр ярьсан хэрэг” гэж хариулсныг академич Д.Цэвээндорж “Монголын археологийн судалгаа ном”-ынхоо VII удирдсан ботид бичсэн байдаг. Танк Монголд 1936 онд анх орж ирсэн юм байна лээ.
-Та нутаг усныхаа түүхийн талаар нэлээд судалжээ. Хэр нутаг амьтай хүн бэ?
-Би түүхэн баримт цуглуулж, нутгийнхаа тухай ном бичсэн. Нэлээд нутаг амьтай хүн шүү. Жилдээ 2-3 удаа нутаг руугаа явдаг. Нутаг бодогдоод, хэн нэгэн дуудаад ч байгаа юм шиг санагдаад байдаг юм. Шивэртдээ очиж, тарваганы мах иднэ, булагтаа биеэ угаана, жимс, самар, мөөг түүнэ, мэхээр ухна. Нутаг бол юугаар ч орлуулшгүй эрдэнэ. Атга шороо нь хүртэл алтнаас илүү үнэтэй эд. Манай Шивэртэд дутуу юмгүй. Гол горхи, булаг шанд, ширэг зүлэг, нуур, ой мод, жимс, самар, ховор ургамал бүхэн бий. Сайхан нутгаасаа гарч, хотод суурьшсаар олон жил өнгөрчээ.
-Тэгээд багш болоод нийслэлд суурьшчихсан. Тухайн үед багш маш нэр хүндтэй мэргэжил байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Сайхан мэргэжил. Одоо ч хааяа оюутнуудад лекц уншиж, эрдмийн зэрэг хамгаалахад нь шүүмж бичдэг юм. Манай сургууль Монгол Улсын удирдлагын бүх шатанд ажиллах боловсон хүчнийг бэлтгэдэг байлаа. Төгсөгчид маань тэр үеийн сум-нэгдлийн дарга болон сумын намын үүр, хороодын даргаас дээш албан тушаал эрхэлдэг байсан. Аль ч аймаг, 334 сумд очиход удирдлагад бидний шавь ажиллаж л байдаг байсан шүү.
-Багшилснаас улс төртэй “хутгалдсан” хугацаа тань илүү юм биш үү?
-Багшилж байгаад төрийн ажилд шилжсэн гэх үү дээ. Намын сургуульдаа багш, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байтал гэнэт л дуудаад Төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгчээр, сарын дараа эрхлэгчээр томилсон. Намын ажлыг дөрвөн жил хийсэн. Улаанбаатар хотын намын хорооны дарга, бас МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Энэ үед Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцаж байсан.
-Хаанаас сонгогдож, шинэ Үндсэн хууль батлах ажилд оролцсон бэ?
-Архангайн Булган сумаас сонгогдсон. Тариатаас Р.Гончигдорж, Хангай сумаас Ц.Адъяасүрэн сонгогдсон. Дунд сургуулийн нэг ангийн гурав Ардын Их Хурлын депутат болж, Үндсэн хууль батлалцаж явлаа. С.Ламжав гүн гэж манай нутгийн эрдэм, мэдлэгтэй хүн баруун хязгаарт ажиллаж байхдаа дуудагдаж, 1924 оны анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах, батлах ажилд оролцсон түүхтэй юм билээ.
-Ардчилсан Үндсэн хууль баталсны дараа та нийслэлийн ИТХ-ын анхны даргаар ажилласан. Улаанбаатар хотыг удирдах эрх зүйн шинэ орчныг бий болгоход тэргүүлэн оролцсон гэж ойлгож болох уу?
-Шинэ Үндсэн хуулийн дагуу сонгогдсон нийслэлийн ИТХ-ын анхны дарга болж, хотын эрх зүйн байдлыг шинэ нийгэмд зохицуулах ажлыг удирдсан. Бидний боловсруулсан дүрэм, журмыг эмхэтгэсэн гурван боть ном бий. Хотын амьдралыг бүгдийг шинээр журамлах шаардлага гарсан. Бид эхлэлийг нь тавьсан. Улаанбаатар хотыг сүлд тэмдэгтэй болгосон. Бямбын Ринчен гуай хангардийг Улаанбаатар хотын сүлд болгохоор 1956 оноос хойш бичсэн байдаг. Улаанбаатар хотын 70 жилийн ойг 1994 онд тэмдэглэх гэж байсныг Засгийн газрын хуралдаанаар оруулж, 355 жилийн ойг нь тэмдэглэх шийдвэр гаргуулж байлаа. Улаанбаатарынхаа түүхийг олон жил урагшлуулж чадсан шүү. Гадаад харилцааны яамны арын цэцэрлэгт мэлхий суурьтай гэрэлт хөшөө бий. Хотын шавыг Алтан тэвшийн хөндийд анх тавьсан газарт нь гэрэлт хөшөө босгосон юм. Мэлхий суурьтай хийсэн нь урт удаан наслахын бэлгэдэл.
-Та бас одоогийн Санхүүгийн зохицуулах хороог Үнэт цаасны хороо байхад нь анхны даргаар нь ажилласан хүн. Монголд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд бэрхшээлтэй байв уу?
-Үнэт цаасны хорооны даргаар 1994-2000 онд ажиллаж, шинэ байгууллагын үндсийг тавьж байгуулсан. Тухайн үед эрх зүйн үндсийг нь зөв тавих, үнэт цаасны зах зээлийн сайн мэргэжилтнүүд бэлтгэх нь тулгамдсан асуудал байлаа. Хуулиа батлуулж, журмуудаа боловсруулаад, мэргэжилтнүүдээ бэлтгэсэн. Нийт 34 журам, дүрэм боловсруулан баталсан санагдаж байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх тогтолцоо 2000 онд гэхэд овоо зүгширсэн шүү. Шинэ зах зээл учраас хүндрэлтэй зүйл олон тохиолдсон. Намайг дарга болонгуут 1994 онд АНУ-ын Үнэт цаасны зах зээлийг судлах институтэд урьж, сар гаруйн сургалтад хамруулсан. Нью-Йорк хотод Дэлхийн худалдааны төвийн хоёр өндрийн 34 дүгээр давхарт ном үзсэн. Террористууд хожим онгоцоор мөргөж нураасан тэр барилгад шүү дээ. Вашингтонд онол үзээд, Нью-Йоркт практиктай нь танилцаад сар гаруй болсон. Дараа нь Австрийн Вена хот дахь ОУВС-гийн институтэд үнэт цаасны зах зээлийн сургалтад суусан. Мөн Дэлхийн банкны Истанбул дахь салбарт очиж сургалтад хамрагдсан. Намайг төр энэ чиглэлээр бэлтгэж ажиллуулсан юм. Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх үндсийг Монголдоо тавилцах нь миний үүрэг байсан гэж боддог. Англи хэл муу учраас оросоор их мэдээлэл авсан даа. Оросууд Барууны эдийн засгийн бүх номыг орчуулчихсан байсан нь их нэмэр болсон.
-Барууны эдийн засаг сонирхдог байсан учраас үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын байгууллагыг үүсгэж, хөгжүүлж чадна гэж энэ ажилд томилсон юм уу?
-Барууны эдийн засаг сонирхдогоос шалтгаалаагүй байх. Зүгээр л намайг чадна гэж томилсон болов уу. Би Марксын эдийн засгийн онолоор анх суралцсан хүн шүү дээ. Мундаг, нэгдмэл шинжлэх ухаан. Барууны эдийн засаг нэгдмэл бус шинжлэх ухаан юм. Ургаа модоор жишээ авч энгийнээр тайлбарлахыг оролдъё. Марксын эдийн засаг модыг яавал сайн ургуулах вэ гэдгийг дотроос нь, учир холбогдлоос нь, мөн чанараас нь хийсвэрлэн судалдаг. Барууны эдийн засаг модыг мөчир бүрээс нь эхэлж судалдаг юм. Марксын онол эдийн засгийг хийсвэрлэх ухаан, логик шинжилгээгээр судална. Барууны онол эдийн засгийг мөчрүүдээр нь судлаад, дараа нь нийлүүлэх гэж оролддог. Маш бүдүүлгээр тайлбарлахад ийм ялгаатай. Маркс социализм байгуул гэж хэзээ ч хэлээгүй. Хүн төрөлхтний хөгжил явсаар түүнд хүрч болох юм л гэж үзсэн байдаг. “Капитал” зохиолынх ундарга дуусашгүй мэт санагддаг. Манайхан түүнийг бүрэн уншиж, судалчихаад шүүмжлээсэй гэж бодогддог юм.
-Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны даргаар ажилласан. Тэр үед нэлээд баалуулсан уу. Сонин, хэвлэлээр шүүмжилсэн мэдээлэл олон гарч байсан?
-Сонгуулийн ерөнхий хорооны даргаар 2000-2006 он хүртэл бас зургаан жил ажилласан. Эхлээд тэгдэггүй байсан юм. УИХ-ын 2004 оны сонгуулийн үеэр намууд шүүмжлэх нь ихэссэн. Өмнө нь намайг намын ажил хийж байсан болохоор тэгдэг байсан юм болов уу гэж боддог. Анх ажил авахад УИХ-ын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хороо гээд ганц хүний орон тоогоор ажилладаг бүтэц байлаа. Бас л байгууллага болгох шаардлага надад тулгарсан. Би хувь заяаны төөргөөр төрийн гурван шинэ газрыг байгууллага болгож, удирдсан хүн. Дараа 2010-2016 онд Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар ажилласан.
-Намын хүн гээд шүүмжлэлийн “гал”-д өртдөг байж. Уг нь хорооны даргаар ажиллахын тулд намаас татгалзах шаардлагатай биз дээ?
-Төрийн албанд томилогдоход намаас түдгэлзүүлдэг хуультай. Миний бие 1994 онд түдгэлзсэн. Би МАХН-ын батлахыг нэг намын үед, нам нийгмийг хуулийн дагуу удирдаж, төр аж ахуйн ажлыг удирдан чиглүүлж байх үед 1970-аад оны дундуур авсан. Одоо ч надад байгаа. Энэ бол өнөөгийн МАХН-ын батлах биш. Тэр батлах миний хувьд үнэ цэнтэй зүйл. Юугаар гэвэл жирийн малчны хүүхэд өдий зэрэгтэй амьдарсныг би МАН-тай холбож ойлгодог. Сурлага, хичээл зүтгэл сайтай л байгаа биз, тэр нь намайг дангаар өдий зэрэгт хүргээгүй.
-Нутаг усныхаа тухай ном бичсэн гэсэн. Одоо үзэг цаас нийлүүлж байна уу?
-МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо огцрох үйл явцыг хажуугаас нь харж байлаа. Нийгмийн шилжилтийн үеийн зарим түүхийн эхлэлийг үнэн зөв үлдээх зорилгоор энэ үйл явцын тухай нэгэн ном баримтад тулгуурлан бичиж байгаа. Би 20 гаруй ном хэвлүүлсэн. Голчлон сурах бичиг, эдийн засаг, санхүү, үнэт цаасны зах зээлийн судалгааны бүтээл бичлээ. Бас түүх, дурсамжийн ном ч бий.
-УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө намууд иргэдийн цалинг 3-5 сая төгрөгт хүргэнэ гэж амлалаа. Популист амлалт эдийн засгаа хорлож, улсынхаа хөгжлийг уяж байна. Төрийн албан хаагч нь хүртэл популист мэдэгдэл хийдэг болсон. Полулизмын тухай та ямар бодолтой явдаг вэ?
-Төрийн ажил хийж байгаа хүн улс төрд хутгалдаж ер болохгүй. Би ийм зарчим баримталж ажиллаж ирсэн. Ингэж ажиллахаар урьд харьяалагдаж байсан намынхан нь их гомддог юм шиг байна лээ. Дээр, доороос ирүүлдэг шахалтыг нь авч хэлэлцэхгүй болохоор тэгдэг байх. Төрийн албан хаагч үндсэн зарчмаа, хуулиа л баримталж ажиллах ёстой. Нийт улсын, олон түмний эрх ашгийг түрүүнд, тэгээд хэсэг бүлгийнхийг, сүүлд нь өөрийнхийгөө эрэмбэлж ажиллах учиртай юм. Төрийн албан хаагчид намын шахалтаар л популизм хийж байгаа. Популизмыг энгийн иргэд ялгаж салгаж, зөв ойлгохгүй хөтлөгдөөд байх шиг. Цалинг тоон үзүүлэлтээр таван сая төгрөгт хүртэл өсгөж болно л доо. Тэгвэл хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг одоогийнхоос 4-5 дахин өсгөхөд болчихно. Баахан цаас л өвөртөлж тоолсон хүмүүс л болох биз. Ингэх нь хэнд ч ашиггүй. Улс орон юу бүтээж байна, түүнийгээ хэрэглэнэ. Бүтээмж, цалин хоёр ямагт уяатай байдаг. Энэ хоёр уяатай байсан цагт эдийн засгийн хөөсгүй, бодит өсөлт гардаг.
-Ёс суртахуунгүйгээс популизм газар авч байгаа нь харагддаг. Монголчуудыг үнэт зүйлгүй гэж ярьдаг. Үнэт зүйлээ олоогүй учраас ёс суртахуунгүй байна уу?
-Манайхан нийгмийг хуулиар удирддаг гэж бодоод өч төчнөөнийг батлаад байна. Ингэж болохгүй. Бараг л бие засахыг хуульчлах нь халаг байна. Бүхнийг хуулиар удирдана гэвэл ерөөс бүтэхгүй. Нийгэмд шинэ юм хийх зай үлдээж байж хөгждөг юм. Хүн төрөлхтний түүхээс үзэхэд шинэ юм дандаа хууль, дүрэмтэй зөрчилдөж, түүнийг давж гарсан түүхтэй. Нийгмийг хууль биш, ёс суртахуун удирддаг. Ёс суртахуун хамгийн чухал. Тэр нь хүмүүжлээс эхэлнэ. Буруу юм хийж болохгүй гэдгийг яс махандаа ойлгосон хүн хүмүүжилтэй байдаг. Хүмүүжил бол дипломоос илүү боловсрол юм шүү. Манай улстөрчид ёс суртахуунгүй байгаа нь хамаг муу муухай зүйлийн үүтгэл болж байна. Улс төр бол ёс суртахуун, ёс суртахуун бол өөрөө улс төр юм. Ардчилсан тогтолцоонд ёс суртахууны хэм хэмжээ тогтооход төвөгтэй бололтой дог. Маш товчоор хэлбэл, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг чинь ёс суртахуунтай бай гэсэн мундаг сургаал.
-Ахмадууд “Одооны хүүхдүүд хэрэг алга” гэдэг. Таны залуу үед монголчуудын ёс суртахууны хэм хэмжээ ямар байсан бэ?
-Ерөөс хүн төрөлхтний түүх ийм л байсан. Хууччуул нь залуу үеэ ямагт голно. Амьдарч байсан цаг үе, нийгэм нь өөр учраас харьцуулах боломжгүй гэж боддог. Аль, аль цаг үед хүмүүст сөрөг болон давуу зүйл бий. Гол нь хүн амьдрал үзэж, алдаж, онож байж ухаардаг байх. Энэ л үнэн гээд итгэж явтал цаана нь шал өөр бодит зүйл байх жишээтэй. Хүн, амьдрал гэдэг хязгааргүй ертөнц шүү дээ. Хүнээс эмээж, хүнийг хайрлаж явах хэрэгтэй санагддаг.
("Өнөөдөр" сонины "Хоймор" буланд 2020 онд нийтлэгдсэн болно)
Т.Энхбат