Сүүлийн 25 жилийн хугацаанд Москвад гарсан зэвсэгт халдлагууд
- 2024/03/24 01:12
Баасан гарагийн орой Москвад гарсан зэвсэгт халдлагын улмаас амь үрэгдсэн хүний тоо 60 хүрснийг Оросын эрх баригчид саяхан мэдээллээ.
Исламын Улс зэвсэгт бүлэглэл үйлдсэн гэгдэж буй уг аллага Москва хотод сүүлийн арав гаруй жилийн хугацаанд гараагүй том халдлага юм.
Сүүлийн 25 жилийн хугацаанд Оросын нийслэлд гарсан томоохон зэвсэгт халдлагуудыг цаг хугацааны дарааллаар танилцуулж байна.
1999 он. Орон сууц дэлбэрсний улмаас 118 хүн алагдав
1999 оны есдүгээр сарын 13-ны өглөө эрт Москвагийн зүүн өмнөд дүүрэгт нийтийн орон сууцны барилгад тавьсан бөмбөг дэлбэрэхэд 118 хүний амь үрэгдсэн юм.
Тухайн үед Москва болон Оросын өмнөд бүс нутагт хоёр долоо хоногийн дотор нийт таван орон сууцны барилга дэлбэрч, нийтдээ 293 хүний амь үрэгдэж байв.
Оросын эрх баригчид эдгээрт Чеченийн салан тусгаарлагчдыг буруутгаж, ерөнхийлөгч Путин салан тусгаарлагчдын эсрэг Ар Кавказад явуулах байлдааны ажиллагаагаа эхлүүлж байжээ.
2002 он. Театрт хүмүүс барьцаалагдах үеэр 130 хүн алагдав
2002 оны аравдугаар сарын 23-ны өдөр Москвагийн Дубровка театрт Чеченийн 21 эрэгтэй, 19 эмэгтэй зэвсэгт этгээд дайран орж, 800 гаруй үзэгчийг барьцаалсан юм.
Театрыг чөлөөлөхөд Оросын тусгай албад хоёр өдөр, гурван шөнийг зарцуулж байв. Тэд эцэст нь театрт хорт хий тавьж довтолсон бөгөөд энэ үеэр 130 барьцааны хүн амь үрэгдсэний ихэнх нь хийнд хордож байжээ.
2003 он. Рок концертын үеэр 15 хүн алагдав
2003 оны долдугаар сарын 5-ны өдөр Москвагийн ойролцоох Тушино агаарын баазад болсон рок хөгжмийн наадмын үеэр Чеченийн хоёр эмэгтэй амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 15 хүний амь үрэгдэж, 50 хүн шархдаж байжээ.
Тухайн үед концертыг үзэхээр 20,000 орчим хүн цуглаад байсан гэдэг.
2004 он. Метронд бөмбөг дэлбэрснээс 41 хүний амь үрэгдэв
2004 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Москвагийн метроны оргил цагийн үеэр Чеченийн жижиг зэвсэгт бүлэглэл бөмбөг дэлбэлсний улмаас 41 хүн алагдсан юм.
2010 он. Метронд амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 40 хүн амь үрэгдэв
2010 оны гуравдугаар сарын 29-нд Москвагийн метронд хоёр эмэгтэй амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ. Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Албаны төв байрны ойролцоох Любянка өртөөнд болсон энэ халдлагын үеэр 40 хүний амь үрэгдсэн юм.
Амиа золиослогчид нь Ар Кавказын бүс нутаг Дагестанаас ирсэн байжээ.
Чеченийн Доку Умаровын толгойлдог Кавказын Эмират бүлэглэл халдлагыг үйлдсэнээ хүлээсэн юм.
2011 он. Нисэх буудал халдлагад өртөх үеэр 37 хүний амь үрэгдэв
2011 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Москвагийн Домодедово олон улсын нисэх буудлын ирэгсдийн танхимд амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 37 хүний амь үрэгджээ.
Халдлагыг бас Кавказын Эмират бүлэглэл үйлдсэнээ хүлээсэн байна.
Эх сурвалж: The Moscow Times