ХЗХ-дын ногоон санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх чадавхийг бэхжүүлнэ
- 2026/10/28 14:19
Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж, зээлийн хоршоодын ногоон санхүүжилтийн талаарх мэдлэг, бүтээгдэхүүн хөгжүүлэх чадавхыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй санхүүгийн үйлчилгээг дэмжих зорилгоор “Тогтвортой ногоон санхүүгийн бүтээгдэхүүнийг турших” сургалтыг үе шаттайгаар зохион байгууллаа. Тус сургалтыг Олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI)-тэй хамтран хэрэгжүүлж буй “Хадгаламж, зээлийн хоршооны гишүүн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан хүртээмжтэй ногоон санхүүжилт” төслийн хүрээнд Орхон аймгийн Баян-Өндөр сум болон Улаанбаатар хотод зохион байгуулав. Сургалтад хангайн бүсийн таван аймгийн 15 хоршооны 30 төлөөлөгч, Улаанбаатар хот болон төвийн бүсийн 87 хадгаламж, зээлийн хоршооны төлөөлөл хамрагдлаа.
Сургалтыг Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбоо (ACCU)-ны гүйцэтгэх захирал Эленита С.Р. болон техникийн багийн ахлагч Ранжит Х. нар удирдан явуулж, олон улсын туршлага, тогтвортой санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх арга замын талаар мэдлэг, мэдээлэл өглөө. Сургалтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад хадгаламж, зээлийн хоршоодын гүйцэтгэх үүрэг, ногоон санхүүжилтийн ач холбогдол, тогтвортой санхүүгийн дэлхийн чиг хандлага, байгаль орчинд ээлтэй санхүүгийн бүтээгдэхүүнийг хоршооны гишүүдэд таниулах арга замыг хэлэлцэв. Мөн Монгол Улсын нөхцөлд хэрэгжүүлэх боломжтой хоёр төрлийн ногоон хадгаламж, дөрвөн төрлийн ногоон зээлийн бүтээгдэхүүний талаар оролцогчид санал солилцож, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, туршлагаа хуваалцлаа. Түүнчлэн олон улсын хадгаламж, зээлийн хоршоодын туршлагад тулгуурлан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой хөгжлийг дэмжих, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаарх мэдлэгийг хоршооны гишүүдэд түгээх боломжийг танилцуулсан юм. Энэхүү сургалт нь хадгаламж, зээлийн хоршоодын ногоон санхүүжилтийн талаарх ойлголт, бүтээгдэхүүн хөгжүүлэх чадавхыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг тодорхойлох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн ногоон санхүүжилтийн хүртээмжийг дэмжихэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Мөн санхүүгийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шийдлийг хөгжүүлэхэд хадгаламж, зээлийн хоршоодын оролцоог нэмэгдүүлэх чухал алхам болж байна.