Т.Жамбаажамц: Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмж бусдаас 1.5 дахин бага байдаг

  • 2026/05/05 19:00

Санхүүгийн зохицуулах хороо Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI)-тэй хамтран “Жендэрт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийн хяналтын тогтолцоонд нэвтрүүлэх нь” олон улсын хурлыг Улаанбаатарт хийж байна. Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцаас зарим зүйлийг тодрууллаа.

-Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн олон улсын хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь ямар ач холбогдолтой вэ?

-Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг гэж дэлхийн 200 гаруй орны Санхүүгийн зохицуулах хороо, Төв банк болон Сангийн яамыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага байдаг. Манай улсын Санхүүгийн зохицуулах хороо 2010 онд энэ нийгэмлэгийн гишүүнээр элссэнээс хойш идэвхтэй, тогтвортой ажиллаж ирлээ. Энэ байгууллагын гол зорилго бол олон улсын санхүүгийн зах зээл, ялангуяа зохицуулагч байгууллагуудын чиг хандлага, санхүүгийн хүртээмжийг тэгш байдлаар хэрхэн хүргэх, сайжруулахыг гол чиглэлээ болгож ажилладаг. Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг долоон ажлын хэсэгтэй. Эдгээр ажлын хэсгүүдэд манай Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд идэвхтэй оролцож ажиллаж байна. Зарим ажлын хэсгийг нь манайхан ахалж байгаа. Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг жил бүрийн есдүгээр сард бодлогын чуулганаа хийдэг уламжлалтай. Энэ үеэр санхүүгийн зах зээл гарч буй өөрчлөлтүүд, чиг хандлагууд, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогууд, системийн эрсдэлүүдийн талаар хэлэлцэж, зөвлөмж гаргадаг. Энэ байгууллагатай Санхүүгийн зохицуулах хороо жендэрт суурилсан санхүүжилтийн хүртээмжийг хэрхэн сайжруулах вэ, зохицуулалтыг нь хэрхэн оновчтой болгох вэ гэсэн сэдвийн хүрээнд Төв болон Зүүн Ази, Африк, Латин Америкийн 40 гаруй орны дундаас дээш түвшний менежер 70 гаруй төлөөллийг оролцуулсан олон улсын хурал хийж байна. Хурлаар хиймэл оюун ухааныг жендэрийн санхүүжилтэд хэрхэн ашиглах вэ, хэрэглэгчийн эрх ашгийг яаж хамгаалах вэ, урт хугацааны санхүүжилтийг хэрхэн оновчтой зохион байгуулах вэ гэдэг талаар ярилцана. Сүүлийн жилүүдэд санхүүгийн зохицуулагч байгууллагууд эрсдэлийн түвшнийг үнэлдэг болсон. Эрсдэлд суурилсан шалгалтыг хэрхэн оновчтой хийх вэ, технологийг хэрхэн ашиглах гэсэн сэдвээр олон улсын мэргэжилтнүүд мэдээлэл өгнө. Манай Санхүүгийн зохицуулах хорооны гол гол нэгжийн удирдлага өөрсдийн хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулна.

-Манай улсад эмэгтэйчүүдэд хандсан санхүүжилтийн механизм хэр хөгжсөн бэ? 

-Монгол Улсын хувьд санхүүгийн хүртээмж өндөр орны тоонд ордог. Манай улсын иргэдийн 98 хувь нь албан ёсны санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авдаг гэсэн судалгаа бий. Энэ нь дэлхийн дунджаас хавьгүй өндөр. Гэхдээ эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ байсаар байна. Монголын томоохон банкууд жилийн өмнө “Жендер бонд” гаргаж, 300 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжсэн. “WE finance code” буюу “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” санаачилгад Монгол Улс Ази тивээсээ манлайлж нэгдлээ. Энэ хүрээндээ эмэгтэй бизнес эрхлэгчдийн нэгдсэн дата мэдээллийг цуглуулах юм. Манайх Төв Азидаа жендэр бонд гаргасан анхны орон болсон. Технологи, инновацыг нэвтрүүлж байгаа туршлагаараа манайх Төв Азийн орнуудаа манайлж байгаа. Энэ сайн туршлагаа уулзалтын үеэр бусад орнынхонд танилцуулна.

-Эмэгтэй бизнес эрхлэгчийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх ямар тодорхой ажил хийж байна вэ? 

-Дэлхийн даяар жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 60-70 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Бусад чиглэлийн бизнес эрхлэгчдээс эмэгтэй бизнес эрхлэгчдэд санхүүжилт 1.5 дахин бага олддог гэсэн судалгаа бий. Манайх Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгтэй хамтраад 2025 оны арваннэгдүгээр сараас хадгаламж, зээлийн хоршоодын гишүүн жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд аймаг, сумд үйл ажиллагаа явуулдаг хадгаламж, зээлийн хоршооны эмэгтэй гишүүдэд сургалт хийж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг грант буюу буцалтгүй тусламж хэлбэрээр Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг өгч байгаа. Хоёр долоо хоногийн өмнө нийгэмлэгийн төлөөлөл ирж, орон нутаг ажилласан. 

-Хадгаламж, зээлийн хоршоогоор дамжуулж, бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж байгаа юм байна. Тэгвэл банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж эмэгтэй бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих вэ?

-Түрүүнд дурдсан “WE finance code” санаачилгад манай 28 банк бус санхүүгийн байгууллага нэгдэж орсон. Энэ санаачилгад нэгдсэнээр нэгдүгээрт, нэгдсэн дата мэдээлэлтэй болно. Хоёрдугаарт, эмэгтэй бизнес эрхлэгчдээ тодорхойлно. Гуравдугаарт, тэдний санхүүжилтийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлно. Үүний үндсэн дээр тодорхой замын зурагтай болно. Замын зураг нь гарсан тохиолдолд эмэгтэйчүүдийн санхүүжилт авах боломж нэлээд өргөн болно. Европын сэргээн босголт, хөгжлийн банк “WE finance code”-д нэгдсэн, замын зургаа гаргачихсан санхүүгийн байгууллагуудад эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих урт хугацаатай, хөнгөлөлттэй санхүүжилт өгдөг юм байна. Тэдний шалгуур, стандартыг биелүүлсэн тохиолдолд банк бус санхүүгийн байгууллагуудад эмэгтэйчүүдэд санхүүжилт олгох хямд санхүүжилт татах боломж бий.