Манай улсаас ФАТФ-ын стандартын сургалтад анх удаа сургагч багш бэлтгэгдэж, багшиллаа
- 2026/10/05 22:56
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр бүс нутгийн улс орнуудын зохицуулагч, хууль сахиулах болон холбогдох байгууллагын албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадавхыг бэхжүүлэх зорилгоор “ФАТФ-ын Стандартын сургалт”-ыг тогтмол зохион байгуулдаг. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албаны хянан шалгагч Г.Ивээл нь ФАТФ-аас зохион байгуулсан сургагч багш бэлтгэх сургалтад амжилттай хамрагдаж, гэрчилгээ авснаар Монгол Улсаас ФАТФ-ын стандартын чиглэлээр олон улсын сургалтад багшлах эрх бүхий сургагч багш болсон юм.
Энэ хүрээнд Ази, Номхон далайн бүсийн Мөнгө угаахтай тэмцэх бүлгээс ирүүлсэн урилгаар тэрбээр Малайз Улсад зохион байгуулсан ФАТФ-ын стандартын сургалтад анх удаа Монгол Улсаас сургагч багшаар оролцож, ФАТФ-ын Зөвлөмж 15 буюу виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид, Шууд хэрэгжилтийн 3 буюу санхүүгийн байгууллага болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавих хяналт шалгалт, Шууд хэрэгжилтийн 5 буюу хуулийн этгээд, эрх зүйн зохицуулалтын ил тод байдал болон эцсийн өмчлөгчийн талаарх чиглэлээр сургалт явуулж, Монгол Улсын хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохицуулалт, хяналт шалгалтын туршлага, практик жишээг оролцогчдод танилцууллаа. Сургалтад Япон, Сингапур, БНХАУ, Австрали, Малайз, Индонез зэрэг 25 орны 44 төлөөлөгч хамрагдсан байна.