Монгол Улс Камбож Улстай ФАТФ-ын Зөвлөмж 15-ын хэрэгжилтийн туршлагаа хуваалцлаа

  • 2026/07/03 11:58

Камбож Улсын Пномпень хотноо "Виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн зохицуулалт, хяналтыг бэхжүүлэх нь: ФАТФ-ын зөвлөмж 15-ын хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын туршлага" сургалт боллоо. Сургалтад Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуунаар ахлуулсан төлөөлөгчид оролцож, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн зохицуулалт, хяналтын чиглэлээр Монгол Улсын туршлагаас хуваалцав.

Сургалтын нээлтийн үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун хэлсэн үгэндээ Монгол Улс, Камбож Улс ФАТФ-ын харилцан үнэлгээний үйл явцад ижил төстэй сорилт, бэрхшээлийг туулсан болохыг онцолж, олон улсын стандартыг үр дүнтэй хэрэгжүүлж, дараагийн харилцан үнэлгээндээ чанартай бэлтгэх нь санхүүгийн тогтолцооны бүрэн бүтэн байдлыг хамгаалах, олон улсын санхүүгийн зах зээл дэх итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэжээ.

Харин Камбож Улсын Санхүүгийн мэдээллийн албаны дарга Хэнг Бомакара Камбож Улс виртуал хөрөнгийн салбарын зохицуулалт, хяналтын эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж буйг дурдан, Монгол Улс ФАТФ-ын шинэчилсэн зөвлөмж 15-ын шаардлагыг амжилттай хэрэгжүүлж, техникийн хэрэгжилтийн үнэлгээгээ ахиулсан ФАТФ-ын гишүүн бус анхны улс болсон нь манай улсын хувьд үнэтэй туршлага, бодит жишиг болж байгааг онцоллоо. Тэрээр энэхүү туршлага нь Камбож Улсыг 2029 онд болох ФАТФ-ын тав дахь шатны харилцан үнэлгээнд бэлтгэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уг сургалтын хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албаны дарга У.Ганчимэг, хянан шалгагч Г.Ивээл нар Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн зохицуулалт, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоо, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, гадаадын хяналтгүй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн зохицуулалт, P2P арилжаа, төвлөрсөн бус санхүү (DeFi)-тэй холбоотой шинээр үүсэж буй эрсдэл, тэдгээрийг бууруулах арга зам, мөн ФАТФ-ын ээлжит харилцан үнэлгээнд бэлтгэх үйл ажиллагааны талаар илтгэл тавьж, оролцогчидтой санал солилцлоо.

Сургалтад Камбож Улсын Санхүүгийн мэдээллийн алба, Төв банк, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх байгууллага, Улсын прокурорын байгууллага, Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам зэрэг нийт 31 төрийн байгууллагын 100 орчим төлөөлөгч оролцсон бөгөөд арга хэмжээ нь ФАТФ-ын Зөвлөмж 15-ын хэрэгжилтийн хүрээнд мэдлэг, туршлага солилцох, холбогдох байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо. Түүнчлэн хоёр улсын зохицуулагч байгууллагуудын урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ шатны эхлэлийг тавьсан үр дүнтэй арга хэмжээ болов.