Хөрөнгийн зах зээлийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх санамж бичиг байгуулав
- 2026/09/29 21:40
Монгол Улсын Засгийн газар 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)-ийг ахалж буй бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд Сайд нарын 25 дугаар бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум, Бизнес форум зэрэг өндөр түвшний арга хэмжээ Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд болж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Сайд нарын бага хурал өнөөдөр болсон бөгөөд энэ үеэр CAREC-ийн “Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум” болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (ASEAN)-ийн “Хөрөнгийн зах зээлийн форум” хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форумыг хамтран зохион байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форумын даргалагч Т.Жамбаажамц, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Хөрөнгийн зах зээлийн форумын даргалагч Филиппиний үнэт цаас, биржийн хорооны дарга Фрэнсис Эдралин Лим, Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Инмин Ян нар үзэглэлээ.
Санамж бичгийг байгуулснаар CAREC-ийн “Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум”-ыг олон улсын түвшинд таниулан сурталчлахын зэрэгцээ Зүүн Өмнөд Ази болон Төв Азийн бүс нутгийн гишүүн хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага, мэдлэг солилцох, чадавхыг хөгжүүлэхэд хамтарч ажиллах юм. Мөн хоёр бүс нутгийн хөрөнгийн зах зээлийг холбосон бодит хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж, цаашдын хамтарсан санаачилга, үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжийг өргөжүүлж, санхүүгийн салбарын харилцаа, уялдаа холбоог гүнзгийрүүлэхэд хамтарч ажиллах юм.
Санхүүгийн зохицуулах хороо нь Азийн хөгжлийн банктай хамтран хөрөнгийн зах зээлийн хөгжлийн асуудлаарх бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих, зохицуулагч байгууллагуудын бодлогын яриа хэлэлцээ, мэдлэг, туршлага солилцоог хөгжүүлэх зорилгоор CAREC-ийн “Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум”-ыг анхлан санаачилж улмаар форумын стратегийн манлайллыг хэрэгжүүлж даргалах үүргийг хүлээсэн юм.
CAREC нь 11 гишүүн орон бүхий хамтын ажиллагааны түншлэл бөгөөд бүс нутгийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах зорилготой хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн хүрээнд 2025 онд 57.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий 300 төсөл хэрэгжсэн бөгөөд Монгол Улс 2003 онд гишүүнээр нэгдэж, өнгөрсөн хугацаанд нийт 1.49 тэрбум ам.долларын 19 төслийг хэрэгжүүлж байна.
“Түншлэлийн 25 жил — Ирээдүйг хамтдаа бүтээе” уриатай сайд нарын бага хурлаар CAREC-ийн өнгөрсөн 25 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, эдийн засгийн коридор, дижитал холболт, хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалт, эрчим хүч, худладааны хүрээнд цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна.