Т.Жамбаажамц: CAREC-ийн орнуудын хөрөнгийн зах зээлийн форумыг байгуулах санаачилга гаргалаа
- 2026/10/01 13:01
CAREC буюу Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн сайд нарын 2025 дугаар бага хурал манай оронд болж байна. Энэ удаагийн хурлаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийн талаар нэлээд дэлгэрэнгүй хэлэлцэх, туршлагаа хуваалцахаар төлөвлөөд буй. САРЕС-ийн хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага болон оролцогчид туршлагаа хуваалцах, хэрхэн хамтарч ажиллах, хөгжлийн хэтийн төлөвөө хэрхэн харж байгаа талаар мэдээлэл өгсөн хурлыг маргааш зохион байгуулах юм. Түүнчлэн манай улсын Санхүүгийн зохицуулах хороо CAREC-ийн орнуудын хөрөнгийн зах зээлийн форумыг байгуулах санаачилга гаргасан. CAREC-ийн гишүүн болон ACEAN-ийн гишүүн зарим орон, Азийн хөгжлийн банкны төлөөлөл хөрөнгийн зах зээлийн форум байгуулах талаарх тусгай хурлыг өнөөдөр хийлээ. Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцаас зарим зүйлийг тодруулав.
-Санхүүгийн зохицуулах хороо CAREC-ийн орнуудын хөрөнгийн зах зээлийн форумыг байгуулах санаачилга гаргажээ. Төв Азийн бүсийн орнуудын хөрөнгийн зах зээлийн хөгжил ямар түвшинд байна вэ?
-CAREC-ийн орнуудын сайд нарын 25 дугаар бага хурал манай улсад болж байна. Энэ үеэр CAREC-ийн гишүүн 11 орны хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллагуудын форумыг Санхүүгийн зохицуулах хороо бүс нутагтаа анх удаа санаачлан хэрэгжүүлэхээр боллоо. Гишүүн орнуудын хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллагын дарга нар хуралд ирсэн байгаа. Зүүн өмнөд Азийн бүс нутаг буюу ACEAN-ийн орнууд хөрөнгийн зах зээлийн форумаа 2000-аад оны эхээр байгуулсан. Тэд форумаа ээлжилж даргалдаг, зорилгоо тодорхойлж, хийх ажлын төлөвлөгөөгөө богино, дунд, урт хугацаанд гаргачихсан, техникийн ажлын хэсгүүд байгуулчихсан, хамтарч ажиллаж байна. Техникийн ажлын хэсгүүд нь жилд хэд хэдэн удаа уулзаад санал зөвлөмж боловсруулдаг. Хамтын ажиллагааны ийм бүтцийг Азийн хөгжлийн банк нэлээд дэмжиж ажилладаг юм. Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо энэ жил Азийн хөгжлийн банктай хамтраад CAREC-ийн орнуудын хөрөнгийн зах зээлийн форумыг байгуулах санаачилгыг гаргаад байна. CAREC-ийн орнуудын хөрөнгийн зах зээлийн хөгжил өндөр биш. Манайх шиг санхүүгийн зах зээлд банкны сектор нь өндөр оролцоотой. Төв азийн бүс нутагт хөрөнгийн зах зээл 1990 оноос хөгжиж эхэлсэн. Бүгд гараанаас зэрэг гарснаараа онцлогтой. Шинээр хувьцаа гаргах, бондын зах зээлээ хөгжүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурийг тэлэх гэх мэт адилхан бэрхшээлийг даван туулж яваа орнууд. Хөрөнгийн зах зээлийн форумыг байгуулснаар хамтарч ажиллах, туршлагаа хуваалцах талбар үүсэх юм.
-Өнөөдрийн хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллагын дарга нарын хурлаар юу хэлэлцэх вэ?
-Энэ хурлаар бид 2027-3031 он хүртэлх хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргах юм. Мөн дүрмээ батална. Бонд, хувьцааны зах зээл, хөрөнгө оруулалтын сангууд, эрх зүйн зохицуулалтаа хариуцсан гэх мэтээр техникийн ажлын хэсгүүд байгуулах гэж байна. Манай Санхүүгийн зохицуулах хороо эхний жилээ форумыг даргална. Форумоо байгуулсны дараа техникийн ажлын хэсгийн уулзалт, дарга нарын түвшний гэх мэт хэд хэдэн уулзалт хийхээр төлөвлөсөн. Форумыг бид хамтын ажиллагааны платформ гэж нэрлэж байгаа. Платформоо амжилттай байлгах, үйл ажиллагааг тогтворжуулахын төлөө бид бүхэн манлайж ажиллах болно. Энэ хуралд Азийн хөгжлийн банкныхан оролцоо өндөртэй байна. Нөгөө талаас Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хөрөнгийн зах зээлийн форумын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа, Филиппин улсын Үнэт цаасны хорооны дарга ирсэн. Мөн Сингапурын санхүүгийн зохицуулагч байгууллагын дарга ирсэн. Тэдгээр эрхмүүд туршлагаа хуваалцана. Бид дүрмээ батална, дарга, дэд даргаа сонгоно.