Дэлхийн хамгийн үнэтэй 10 уран зураг
- 2024/04/23 12:30
Гэрэл зургийн эх сурвалж: “Forbes India”
Ямар урлагийн бүтээл тэр дундаа уран зураг хамгийн өндөр үнэ хүрсэнийг та мэдэх үү. Түүнчлэн алдартай зарим уран зургийн үнэ жижиг буурай орнуудын ДНБ-ээс илүү үнээр зарагддаг гэвэл та итгэх үү. Дэлхийн хамгийн үнэтэй уран зургуудаар нэрлэгдсэн эдгээр бүтээл нь зөвхөн үнэтэй биш, харин үнэлж баршгүй үнэ цэнтэй болохыг сонирхуулъя.
Дэлхийн хамгийн үнэтэй уран зургууд, тэдгээр шилдэг бүтээлүүдийг туурвисан уран бүтээлчид, тэдний үнийн дүн
Бүтээлийн нэр | Уран бүтээлч | Үнэ /сая ам.доллароор/
|
“Salvator Mundi” | Леонардо да Винчи | 450.3 |
“Interchange” | Виллем де Кунинг | 300 |
“The card players” | Поль Сезанн | 250-300 |
“Nafes faa ipoipo” (When will you marry?) | Поль Гоген | 210 |
“Number 17A” | Жексон Поллок | 200 |
“The standard bearer” | Рембрандт | 198 |
“No.6” (Violet, green and red) | Марк Ротко | 186 |
“Wasserschlangen II” | Густав Климт | 183.8 |
Леонардо да Винчи “Salvator Mundi” буюу “Дэлхийг аврагч”
“Salvator Mundi” нь дэлхийн хамгийн үнэтэй уран зураг гэдгээрээ алдартай. Есүс Христийг дэлхийн аврагч хэмээн дүрсэлсэн энэхүү урлагийн бүтээл нь удаан хугацааны турш устаж, үгүй болсон хэмээн тооцогдож байсан ч эргэн олдсоных нь дараа хуулбар хэмээн андуурч, сэргээн засварлаж, эцэст нь Леонардо да Винчигийн бүтээл болохыг баталсан юм. 2017 онд “Christie's” компанийн дуудлага худалдаагаар Италийн алдарт зураач Леонардо Да Винчигийн уг уран зургийн анхны үнийг 100 сая ам.доллараар тогтоосон бөгөөд оролцогчид 19 минутын турш үнэ хаялцсаны эцэст уг бүтээл нь 450.3 сая ам.доллароор эзэндээ очжээ. Худалдан авсан эзнийх нь өдгөө ч нэрээ нууцалсан хэвээр буй.
Виллем де Кунинг “Interchange” буюу “Солилцоо”
Экспрессионист бүтээл “Солилцоо” нь Америкийн урлагийн түүхэн дэх чухал мөчийг төлөөлдөг. Тодруулбал, эл бүтээлд дэлхийн хоёрдугаар дайны дараах үеийн гутамшигт бодит байдлыг тусган харуулсан хэмээн онцолдог. 2015 онд “Citadel” гэх хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх захирал Кеннет С.Гриффин уг бүтээлийг 300 сая ам.доллароор худалдан авсан юм.
Поль Сезанн “The card players” буюу “Хөзөр тоглогчид”
Пол Сезанны 1890-ээд оны эхээр бүтээсэн “The card players” цуврал тосон зураг нь XIX зууны импрессионизмаас XX зууны кубизм руу шилжих үеийн хамгийн чухал бүтээлүүдийн нэг юм. Таван бүтээлээс бүрдэх уг цуврал нь ээдрээтэй үзэгдлүүдийг энгийн хэлбэрт оруулж илэрхийлснээрээ алдартай бөгөөд энэ техник нь модернист олон зураачийн замыг зассан юм. Цувралын дөрөв нь “Metropolitan museum of art”, “Musée d’Orsay”, “Courtauld”, “Barnes foundation” зэрэг дэлхийн томоохон музейд дэлгэгдсэн бол тав дах нь 2011 оныг хүртэл Грекийн тэрбумтан, уран бүтээл цуглуулагчийн эзэмшилд байсан юм. Тэрбээр амьсгал хураахаасаа өмнө уг бүтээлээ Катар улсын хааны гэр бүлд зарсан байна.
Поль Гоген “Nafea faa ipoipo”
Францын зураач Пол Гоген 1892 онд Таитид хийсэн анхны аялалынхаа үеэр эл бүтээлийг зуржээ. 2015 онд ойролцоогоор 210 сая доллараар зарагдсан энэхүү тод урлагийн бүтээл нь хамгийн үнэтэй зургуудын нэг юм. Уран зурагт Таити арлын хоёр бүсгүйг дүрсэлсэн бөгөөд нэг нь нутгийн уламжлалын дагуу цэцэг зүүсэн нь удахгүй нөхөрт гарах гэж буйг илэрхийлжээ. Тус бүтээлийг 2015 онд мөн л адил Катар улсын хааны гэр бүл 210 сая ам.доллараар худалдаж авсан юм.
Жексон Поллок “Number 17A”
Жексон Поллок бол хамгийн алдартай абстракт экспрессионист зураачдын нэг юм. Энэхүү бүтээлийг зурахын тулд тэрбээр шалан дээр зотон даавуугаа байрлуулж, дээрээс нь өнгө өнгийн будаг цацжээ. Мөн аалзны тор мэт дүрсийг бийрээр биш, харин модны мөчрөөр зурсан нь олны анхаарлыг татдаг. Тус зургийг “Intercharge” бүтээлийн хамтаар АНУ-ын тэрбумтан Кеннет С.Гриффин худалдан авчээ.
Рембрандт “The standard bearer”
Голландын мастер Рембрандт ван Райны 1636 онд зурсан эл бүтээл нь түүний хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлэх ур чадвар, гэрэл сүүдрийг нарийн хослуулахын гайхамшгийг харуулжээ. Судлаачид энэхүү хөргийн эзнийг цэргийн зүтгэлтэн, магадгүй Рембрандтын өөрийн хөрөг ч байж магадгүй гэж үздэг. Рембрандтын бүтээлүүд нь үе үеийн уран бүтээлчдэд нөлөөлж, дэлхийн өнцөг булан бүрт үзэгчид, цуглуулагчдын анхаарлыг татсаар ирсэн бөгөөд туурвисан арга барил, сэтгэлзүйн гүн гүнзгий ойлголтоороо алдартай.
Марк Ротко “No. 6 (Violet, green and red)”
Орос гаралтай АНУ-ын зураач Марк Ротко энэхүү абстракт бүтээлээ 1951 онд зуржлээ. Тус уран зураг нь түүний бусад бүтээлүүдийн адил тэгш бус шугамтай, тод болон бараан өнгөнүүдээр дүрслэгдсэн юм. Дмитрий Рыболовлев эл бүтээлийг 186 сая ам.доллароор худалдан авч өөрийн урлагийн бүтээлийн арвин цуглуулгадаа нэмсэн байна.
Густав Климт “Wasserschlangen II”
Австрийн зураач Густав Климт энэхүү сонирхолтой тосон уран зургаа 1907 онд бүтээсэн. Тэрбээр нарийн хээ, өнгөний зоримог хослол, бодит байдал болон уран зөгнөлийг хослуулсан эл онцлог бүтээлдээ эмэгтэй хүний бие махбодийн эмзэг байдал болон ижил хүйстнүүдийн харилцааны сэдвийг тусгажээ. “Wasserschlangen II” бүтээл нь Венийн торгоны үйлдвэрийн эзэн, нацистууд, Густавын хууль бус хүүхэд зэрэг хүмүүсийн эзэмшилд байсан ч хожим нь ОХУ-ын тэрбумтан Дмитрий Рыболовлев нэрээ нууцалсан нэгэн эрхэмд худалджээ.
Эх сурвалж: “Forbes India”