Дорнод аймгийн Хэрлэн сумын ЗДТГ-ын хамт олон Баянгол дүүрэгт зочиллоо

  • 2026/10/09 08:27

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал, Хэрлэн сумын ЗДТГ-ын дарга Г.Ариунсувд тэргүүтэй албан хаагчид өнөөдөр зочиллоо.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал “Дорнод аймгийн Хэрлэн сумын нь Баянгол дүүрэгтэй хамтын ажиллагаа эхлүүлэх, танилцахаас гадна ЮНЕСКО-ийн “Суралцагч хотуудын дэлхийн сүлжээ”-нд гишүүнээр элссэн Баянгол дүүргийн туршлага, хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээг судлах, Чойбалсан хотод “Суралцагч хот” санаачилгыг хэрэгжүүлэхэд ашиглах боломжит загвар, сайн туршлагыг судлах зорилгоор хүрэлцэн ирсэн” гэдгийг онцоллоо.

Зочид төлөөлөгчид мөн дүүргийн ИТХ-ын Ажлын алба болон ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцсанаас гадна дүүргийн Насан туршийн суралцахуйн төвд зочиллоо. Энэ үеэр ЮНЕСКО-ийн “Суралцагч хотуудын дэлхийн сүлжээ” (UNESCO Global Network of Learning Cities)-нд нэгдсэн Баянгол дүүргийн суралцагч хотын хөгжлийн бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, иргэдийн суралцах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хуримтлуулсан туршлагатай танилцаж, Чойбалсан хотод “Суралцагч хот” санаачилгыг хэрэгжүүлэхэд ашиглах боломжтой арга барил, сайн туршлага, хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцлоо.