Хөгжлийн банк олон улсын зах зээлд 500 сая ам.долларын бонд арилжлаа
- 2026/06/26 22:22
Монгол Улсын Хөгжлийн банк нь өнөөдөр /2026.06.26/ олон улсын зах зээлд 6.9 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бонд амжилттай арилжжээ. Энэ нь Хөгжлийн банкны 2018 оноос хойш олон улсын зах зээлд арилжаалсан анхны нээлттэй хэлбэрийн бонд аж. Банк олон улсын зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлсний үр дүнд Хөгжлийн банкны гаргахаар зорьсон бондын захиалга 5.3 дахин давсан байна.
Энэхүү бондын арилжаа нь олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Хөгжлийн банканд, тэр дундаа банкны урт хугацааны хөгжлийн стратеги, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, оновчтой удирдлагад итгэл хүлээлгэж байгааг харууллаа гэж санхүүгийн зах зээлийнхэн дүгнэлээ. Түүнчлэн Хөгжлийн банкны олон улсын хөрөнгийн зах зээлд эзлэх байр суурийг шинэ түвшинд аваачсан төдийгүй цаашид эх үүсвэр татан төвлөрүүлэхэд чухал алхам болсон гэж үзэж байна. Мөн дан ганц Хөгжлийн банканд төдийгүй Монгол Улсын бусад банк, банк бус санхүүгийн байгууллагуудын олон улсын зах зээлд бонд гаргах зардлыг бууруулж, хямд эх үүсвэр татан төвлөрүүлэх үүд хаалгыг нээсэн чухал үйл явдал боллоо хэмээн дүгнэжээ.
Хөгжлийн банкны энэ удаагийн бондын хүү нь Монгол Улсын засгийн газрын бондын хүүгээс 0.95% өндөр буюу Засгийн газартай хамгийн ойрхон хүүтэй гарсан Засгийн газрын баталгаагүй бонд болжээ. Хөгжлийн банк нь татан төвлөрүүлсэн тус эх үүсвэрийг Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн бодлогын хүрээнд үндэсний эдийн засгийн өсөлтөд ач холбогдол бүхий стратегийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд ашиглах аж.