Өндөр настнуудын тэтгэврийг дунджаар 215 төгрөгөөр нэмнэ
- 2026/06/11 18:51
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.06.11/ ахмад настнуудтай уулзаж, тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлэх Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гурван онцлох зохицуулалт тусжээ.

Баталгаат тэтгэвэр. Бага орлоготой тэтгэвэр авч буй иргэдээ ядуурлаас хамгаалах зорилгоор тэтгэвэрт гарсан бүх ахмад настны тэтгэврийг ажилласан жил, тэтгэврийн хэмжээнээс хамааран 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх нь. 504 мянган ахмад настны одоо авч буй тэтгэвэр дунджаар 215 мянган төгрөгөөр нэмэгдэх аж. Олон жил шимтгэл төлсөн ч бага цалинтай, бусдыг асарч, цөөн жил ажилласан иргэдэд энэ нь нэмэлт баталгаа болно. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгч, албан бус салбарт ажиллагсад ч мөн адил нэмэлт баталгаа санал болгосноор олон жил шимтгэл төлөхийг нь урамшуулж өгнө. Ийм тогтолцоо Австрали, Швед, Канад улсад хэрэгждэг аж.
Олон жил нийгмийн даатгал төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авна. Төлсөн шимтгэлийн хэмжээ, хугацаанаас хамаарч тэтгэврийг тогтоох нь. 25-аас дээш жил шимтгэл төлсөн жил тутамд олгодог цалингийн 1.5 хувийн нэмэгдлийг хоёр хувь болгоно. 35 жил ажилласан хүн цалингийнхаа 67.5 хувиар тэтгэвэр тогтоолгодог байсныг 72.5 хувь болгох аж. Тэтгэвэртээ гарсан хүн ажил хийвэл шимтгэлгүй. Иргэн тэтгэвэр тогтоолгох наснаас хойш үргэлжлүүлэн ажиллавал жил тутамд тэтгэврийг дөрвөн хувиар нэмэгдүүлэн тооцно. 57 настай эмэгтэй 60 насандаа тэтгэвэрт гаръя гэвэл тэтгэвэр нь 12 хувиар нэмэгдэхээр хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхол нэмэгдэнэ гэж үзэж байна.

Хувийн нэмэлт тэтгэвэр. Нэмэлт тэтгэврийнхээ 30 хүртэлх хувийг урьдчилж зарцуулж болно. Мөн нэг удаа бүгдийг нь авах, эсвэл сар бүр нэмэлтээр авах сонголт өгөх аж. Энэ нь сайн дурын, нэмэлт, бүрэн хуримтлалын тогтолцоо. Шимтгэлийн хэмжээг ажил олгогч ажилтан хоёр тохиролцох гэнэ. Шимтгэлд нь ХХОАТ, Аж ахуйн нэгжийн татварын хөнгөлөлттэй. Хувийн нэмэлт тэтгэвэр нь үр хүүхэд, хань ижилд нь өвлөгдөнө. Шимтгэлийн хөрөнгийг гадаад, дотоод зах зээл дээр арвижуулах аж.
Мөн оюутан, ахмад настныг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх гэнэ. Даатгуулагч хэд хэдэн гэрээгээр давхар ажил эрхэлбэл хоёр хүртэлх гэрээг өөрөө сонгож нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болох зохицуулалт хийхээр болжээ. Эдгээр өөрчлөлт нь тэтгэврийн шударга тогтолцоог бий болгох тулгын гурван хөшүүрэг гэдгийг Ерөнхий сайд онцолсон байна.
Тэтгэврийн одоогийн тогтолцоо нь илүү олон жил ажил хөдөлмөр эрхлээд үр ашиг нь гардаггүй, тэтгэвэр нь амьдралын наад захын хэрэгцээг нь хангаж чаддаггүй гэдгийг ахмадууд Ерөнхий сайдад хэлжээ. Улсад 30-35 жил ажилласан хүн 20 жил ажилласан хүнтэй адилхан тэтгэвэр авдаг, сүүлийн таван жилээ өндөр тооцуулж тэтгэвэр авдаг нь олон жил ажилласан ахмадуудад шударга бус тусдаг гэдгийг мөн хэлсэн байна. Ахмадуудын 57 хувь нь 769 мянга, түүнээс бага тэтгэвэртэй. Амьдралд нь хүрэлцэхгүй байгааг хөндөөд тэтгэврийн шинэ тогтолцоог дэмжиж буйгаа илэрхийлжээ.