Татвар хөнгөлөхгүйгээр нэмэлт тэтгэврийн хууль “амьлахгүй”
- 2026/03/13 15:47
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хувийн нэмэлт тэтгэврийн хуулийн анхны төслийг боловсруулжээ. Уг хуулийн төслийг Монголын хөрөнгийн биржийн байранд хөрөнгийн зах зээл болон бусад оролцогчдийн дунд хэлэлцүүлэв. Хувийн тэтгэврийн сан буюу хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэх санаачилгыг санхүүгийн зах зээлийнхэн сүүлийн 20 жил гаргаж буй ч амжилт олоогүй. Засгийн газраас улсын төсөв, эдийн засгийн нөхцөл хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэх боломж олгохгүй байна гэж тайлбарладаг.
Монгол Улс одоо эв санааны буюу өнөөгийн залуусын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр хөгшдийн тэтгэврийг тавьдаг тогтолцоотой явж буй. Энэ тогтолцоо бол нэрийн дансанд дахь мөнгөө хүн өвлүүлөх, шилжүүлэх, барьцаалж зээл авах эрх олгодоггүй. Харин хуримтлал бол даатгалын санд төлсөн мөнгөө өвлүүлэх, урьдчилж авах, барьцаалж зээл авах гэх мэт санхүүгийн эрх чөлөөг олгодог тогтолцоо юм. Иргэний төлсөн шимтгэлийг мэргэжлийн хөрөнгө оруулагчид удирдаж өсгөдгөөрөө энэ тогтолцоо чухал онцлогтой.
Одоогийн санаачилсан хууль бол нэмэлт тэтгэврийн тогтолцоо гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Та улсын нийгмийн даатгалын санд хууль, эрх зүйн орчны дагуу нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явна. Харин хүсвэл нэмэлтээр хувийн тэтгэврийн санд ирээдүйд тэтгэвэр авах шимтгэлээ хуримтлуулаад явах эрх зүйн орчныг бүрдүүлэх гэж байгаа хэрэг. Өнөөгийн байдлаар 135.7 мянган иргэн тэтгэврийн хуримтлал санал болгож буй даатгалын болон тэтгэврийн санд хамрагджээ. Тэд нийт 63.4 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэсэн байна. Тэгэхээр хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог санхүүгийн зах зээлийнхэн хууль, эрх зүйн орчингүй ч “ажиллуулаад” эхэлсэн гэсэн үг.
Нэмэлт тэтгэврийн сангийн тогтолцоог зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд хоёр зүйлийг голлон анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, нэмэлт тэтгэврийн сангийн тогтолцоог хөгжүүлэх хөшүүргийг бүрдүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, тэтгэврийн сангуудын эрсдэлийг хаах учиртай. Тэтгэврийн сангуудыг зохицуулалт султай, дур зоргоор нь орхивол иргэдийн мөнгийг үрэн таран хийх эрсдэл байдгийг мартаж болохгүй. Нэмэлт тэтгэврийн санд иргэдийн төлсөн шимтгэлийг өсгөх арвижуулах ач холбогдолтой ч санхүүгийн эрсдэлээс хамгаалсан шалгуур шаардлага тавихгүй бол алдаж, асгах “сүүдэр” бий.
Хэлэлцүүлэгт оролцсон “Өлзий энд ко капитал” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр, “Нэйшнл лайф даатгал” компанийн гүйцэтгэх захирал Г.Монголхүү нар “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхгүй бол Нэмэлт тэтгэврийн тухай хууль цаасан дээр л бичигдсэн үг төдий болж үлдэнэ” гэсэн байр суурь илэрхийлж байв. Б.Өлзийбаяр “Нэмэлт тэтгэврийн санд шимтгэл төлж буй хүнээс хүн амын орлогын 10 хувийн албан татвар хураахгүй байхаар зохицуулах хэрэгтэй. Дэлхийн нийтээр ийм зохицуулалттай байдаг. Ингэх нь хувийн тэтгэврийн сан хөгжүүлэх хөшүүрэг болно” гэж тодруулсан юм.
Тэгвэл тэрбээр “Тэтгэврийн сангийн эрсдэлийг хаахын тулд эхний удаад хөрөнгө оруулалтын шалгуурыг чанга тавьж өгөх зөв байх. Гол нь сангийн хөрөнгөөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхгүй байх нь чухал” гэлээ. Хэлэлцүүлэгт оролцсон Европын сэргээлт босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгч Шахан Шамсиев “Томоохон групп компаниудын дэргэд тэтгэврийн сан байгуулах нөхцөлийг хаах хэрэгтэй. Ийм тохиолдлууд амжилт олохгүйгээр зогсохгүй, муу жишээ болсон нь олон” гэж анхааруулав. Энэ эрсдэлийг хаахын тулд тэтгэврийн сангийн хөрөнгийг удирдах хөрөнгө оруулалтын менежментийг компанийн хувьцааны 20-оос дээш хувийг нэг этгээдэд эзэмшүүлэхгүй байх зохицуулалт хийнэ гэж хууль боловсруулагчид тайлбарласан.
Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг баталснаар Монгол Улс урт хугацаатай хөрөнгө оруулалтын хуримтлал бий болно. Энэ нь санхүүгийн зах зээлийн хөгжилд тустай. Компаниуд ажилтнуудынхаа нэмэлт тэтгэврийн сангийн шимтгэлийг төлөх бодлого баримталж, хүний нөөцөө бэхжүүлэх боломжтой. Иргэд хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд эрт тэтгэвэр тогтоолгох, хуримтлалаа өвлүүлэх нь нээлттэй. Хоёр сангаас тэтгэвэр авч амьдралын баталгаагаа хангах боломжтой гэх мэт олон давуу тал үүснэ.
Дээр дурдсанчлан хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог бүрдүүлэхийн давуу талыг 20 жил ярьсан. Хувийн тэтгэврийн санг хөгжүүлэх санхүүгийн хөшүүрэгтэй эрх зүйн зохицуулалт бүрдүүлж, хэрэгжүүлэх анхны том алхам билээ.