Монголын үндэсний бөхийн холбооны "Алтан цом"-ын төлөөх шигшээ найман багийн барилдаан эхэллээ. Эхний барилдаан Архангай-Төв аймгуудын хооронд өрнөж, Архангай аймгийн баг 18:7-аар илт давуу ялалт байгуулснаар шөвгийн дөрвөн багт шалгарч үлдэв.
Архангай аймгийн баг улсын харцага Б.Зоригтбаатар /5/, улсын харцага С.Сүхбат /4/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /2/, аймгийн арслан Д.Ням-Очир /4/, цэргийн заан Ө.Батсуурь /2/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /1/ нийт 18 даваа авсан бол Төв аймгийн багт улсын начин Д.Хүдэрбулга /4/, аймгийн хурц арслан Э.Төгөлдөр /0/, аймгийн арслан Л.Даваажамц /2/, аймгийн арслан Н.Дашдаваа /1/, аймгийн арслан Л.Энхтүвшин /0/ нийт 7 даваа авлаа. Төв аймгийн баг сэлгээгүй барилдав.
Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг, Төв аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Ө.Даваабаатар нар ажилласан юм.
Ялсан Архангай аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарч 20 сая төгрөгийн шагналын болзол биелүүлсэн бол ялагдсан буюу наймд шалгарсан баг таван сая төгрөгийн шагналаа гардлаа.
Хоёр дахь барилдаан Өвөрхангай – Өмнөговь аймгуудын хооронд өрнөж, Өвөрхангай аймгийн баг 14:11-ээр ялалт байгуулснаар шөвгийн дөрвөн багт шалгарч үлдэв.
Өвөрхангай аймгийн баг улсын гарьд Ц.Бямба-Отгон /3/, улсын харцага Х.Гантулга /3/, улсын начин Б.Лхагвадорж /3/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /1/, цэргийн арслан Б.Өлзийсайхан /2/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Довчинсэмбээ /2/ нийт 14 даваа авсан бол Өмнөговь аймгийн багт улсын заан Ц.Одбаяр /3/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Ш.Дарханбат /1/, улсын начин Э.Нямаа /1/, аймгийн арслан Т.Төгсдөлгөөн /3/, аймгийн арслан Ц.Лувсан-Адъя /0/, аймгийн заан С.Доржпалам /3/ нийт 11 даваа авлаа.
Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр, Өмнөговь аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Одбаяр нар ажилласан юм.
Ялсан Өвөрхангай аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарч 20 сая төгрөгийн шагналын болзол биелүүлсэн бол ялагдсан буюу наймд шалгарсан баг таван сая төгрөгийн шагналаа гардлаа.