УИХ-ын даргад “Хүнсний хувьсгал”-ыг мөнхжүүлэх санал гаргалаа
- 2026/06/09 14:48
УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр “Хүнсний хувьсгал” төрийн бус байгууллагынхантай өглөөний уулзалт хийж, санал бодлыг нь сонсон, байр сууриа илэрхийллээ. Энэхүү төрийн бус байгууллагыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд байгуулсан. Уг хөдөлгөөний зорилго нь үндэсний үйлдвэрийн эрүүл, аюулгүй хүнсээр иргэдийг хангах юм. Үндэсний хөдөлгөөний хүрээнд 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, 1.3 их наяд төгрөгийн зээлийг хүнс үйлдвэрлэгчдэд олгожээ. Үр дүнд нь 53 хүнсний үйлдвэр шинээр байгуулж, зарим үйлдвэрлэгч үйл ажиллагаагаа тэлсэн байна.
Арилжааны зээлийн хүү жилийн 18-20 хувь байгаа нөхцөлд 3-4 дахин бага хүүтэй санхүүжилт олгож буй нь бизнесийн томоохон дэмжлэг гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тодотгосон. Тэрбээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн дуу хоолойг сонсож, тэдний санаа бодолд тулгуурлан шийдвэр гаргах бодлого баримтлан ажиллаж буйгаа онцолж байв. “Хүнсний хувьсгал” ТББ-ынхан хүнсний хувьсалыг мөнхжүүлэх санаачилга гаргаж, хууль батлуулах хүсэлтэй байгаа УИХ-ын даргад уламжилсан. Өөрөөр хэлбэл, үндэсний хөдөлгөөнийг урт хугацаанд үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэсэн үг. С.Бямбацогт “Хүнс үйлдвэрлэгчид хөнгөлөлттэй санхүүжилт авах нь сайхан байгаа байх. Гэхдээ асуудлыг олон талаас нь судлах нь зүйтэй. Үндэсний үйлдвэрийн хүнсээр иргэдээ 100 хувь хангах нь чухал зорилт. Та бүхэн “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж байх үед нөхцөл байдал ийм байсан. Одоо ийм болоод байна. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг үргэлжлүүлснээр ийм үр дүнд хүрэх боломжтой байна гээд бодитой тооцоо судалгаатайгаар албан бичгээр хандах хэрэгтэй” гэлээ.
Түүнчлэн хүнс үйлдвэрлэгчид татварыг шатлалгүйгээр, орлогын их, бага хэмжээгээр алагчлалгүйгээр хураах санал гаргасан. Мөн татварыг бууруулах тодорхой санал гаргаж байлаа. Засгийн газар Татварын ерөнхий болон Хүн амын орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Аж нэгжийн орлогын албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлжээ. Мөн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Пүрэвдорж нар татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлсэн.
Эдгээр хуулийн төсөл нь бүгд татварын хөнгөлөлт үзүүлэх агуулгатай. Хуулийн төсөлд тусгасан бүх хөнгөлөлтийг эдлүүлье гэвэл Монгол Улсын татварын орлого 10 их наяд төгрөгөөр буурах тооцоо гарсан байна. Өнгөрсөн жилийн байдлаар манай улсын татварын орлого 27 их наяд төгрөг байжээ. Хэрэв татварын хөнгөлөлт эдлүүлэх бүх саналыг дэмжвэл төсвийн татварын орлогын гуравны нэг нь буурна гэсэн үг.
Үүнээс гадна уулзалтад оролцсон үйлдвэрлэгчид гоо сайхны бүтээгдэхүүнийг “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд багтааж өгөх, сав баглаа боодлын стандартын журмыг шинэчлэх, хоол үйлдвэрлэлийг хуульчлах гэх мэт саналуудыг гаргаж байлаа. УИХ-ын дарга зарим саналыг ажил хэрэг болгохоо амлаад, үр дүнтэй мэдээлэл солилцсон уулзалт болсныг онцлон, тус төрийн бус байгууллагынхантай жилд хоёр удаа уулзалт зохион байгуулж байхаар тогтов.