Н.Баярсайхан: Зохицуулалтыг сайжруулах үүднээс банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухайт хуулийг шинэчлэн найруулаад байна
- 2025/11/18 20:54
Банк бус санхүүгийн байгууллагын салбарт хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын талаар Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын ахлах референт Н.Баярсайхантай ярилцлаа.
-Санхүүгийн зохицуулах хорооноос 2025 оны эхний хагас жилийн байдлаар ББСБ-ын салбарт ямар бодлого, зохицуулалтын арга хэмжээ авсан бэ?
-2025 оны эхний хагас жилийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй нийт 573 ББСБ үйл ажиллагаа эрхэлж байна. Салбарын нийт хөрөнгө 7.9 их наяд төгрөгт хүрч банкны салбартай харьцуулахад 11.0 хувьд хүрээд байна. Салбарын оролцогчдын үйл ажиллагаа өргөжихийн хэрээр үүсч буй эрсдэл нэмэгдэх, тэдгээрийг чадавхижуулах, үзүүлж буй санхүүгийн үйлчилгээг төрөлжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг хууль эрх зүйн хүрээнд шинэчлэх шаардлага үүсээд байна. Санхүүгийн зохицуулах хорооноос салбарт үүсч буй эрсдэлийг бууруулах, салбарын оролцогчдыг мэргэжлийн институт болгох, үйл ажиллагааг төрөлжүүлэх зэрэг бодлогын хүрээнд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан бөгөөд цаашид УИХ-д өргөн мэдүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахаар төлөвлөөд байна. Мөн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан салбарын зарим зохистой харьцаа болон өр, орлогын харьцааг чангаруулж, оролцогчдын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг илүү тодорхой болгон, тусгайлсан зохицуулалтуудыг хийгээд байна.
-Бодлогын ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 68 дугаар тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-д өөрийн хөрөнгөөр эрсдэл даах чадварыг итгэлцлийн үйлчилгээ эрхлэх ББСБ-ын хувьд 30 хувиас, итгэлцлийн үйлчилгээнээс бусад хэлбэрээр эх үүсвэр татан төвлөрүүлсэн ББСБ-ын хувьд 20 хувиас, аливаа хэлбэрээр эх үүсвэр татан төвлөрүүлээгүй ББСБ-ын хувьд 10 хувиас тус тус доошгүй байхаар тогтоосон. Салбарын өндөр өртөг бүхий эх үүсвэрийг бууруулах, санхүүгийн салбарын нийтлэг хамаарлыг багасган өөрийн хөрөнгөөр эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж зээлийн хүү бууруулах зорилгоор итгэлцлийн үйлчилгээгээр татах эх үүсвэрийн харьцаа өөрийн хөрөнгийн 60 хувиас, гаргасан өрийн бичгийг өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа нь 30 хувиас, хөрөнгөөр баталгаажсан үнэц цаас гаргах замаар эх үүсвэр татан төвлөрүүлэх дүн нь өөрийн хөрөнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тус тус чангаруулсан. Мөн дотоодын арилжааны банк болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчээс эх үүсвэр татан төвлөрүүлэхийг хориглосон. Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оноос эхлэн ББСБ-ын финтек зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын харьцааг тооцож байсан бол 2024 оны аравдугаар сараас ББСБ-ын олгох бүх хэрэглээний зээлд өр, орлогын харьцаа болон суудлын автомашин барьцаалсан болон худалдан авах хэрэглээний зээлийн зээл, үнэлгээний харьцаа 70 хувиас хэтрэхгүй байхаар тогтоож байсан. 2025 оны эхээр улсын валютын нөөц сүүлийн 2 сарын байдлаар 13.6 хувиар буурсан, үүнийг даган төсвийн алдагдал нь өнгөрсөн жилийн дундажтай харьцуулахад 137 хувиар өссөн зэрэг нь инфляцийн хүлээлтийг өсгөж, цаашид эрэлтийн шалтгаантай дарамт нэмэгдэх хандлагатай байгаа нь иргэдийн хэрэглээний зардал өсөж, өрийн дарамтад орох эрсдэлийг нэмэгдүүлж байна. Эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан иргэдийн зээл рүү чиглэсэн зээлийн эх үүсвэрийг бизнесийн зээл рүү чиглүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг өрөөр биш ажил эрхэлсэн орлогын өсөлтөөрөө хэрэглээгээ нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор ББСБ-аас олгох өр, орлогын харьцаа болон суудлын автомашин барьцаалсан хэрэглээний зээлийн зээл, үнэлгээний харьцааг 60 хувиас хэтрэхгүй байхаар чангатгасан бодлогын шийдвэрийг авч хэрэгжүүлсэн. Энэхүү бодлогын арга хэмжээний хүрээнд гадагшаа урсах валютын урсгалыг бууруулах, ханшийн тогтвортой байдлыг хангахад тодорхой нөлөөлөл үзүүлнэ гэж үзэж байна.
-Дотоодын арилжааны банк болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчээс зээл авахыг хориглосон байна. Энэ зохицуулалт хэр удаан хэрэгжих вэ?
-2025 оны I дүгээр улирлын байдлаар ББСБ-уудын эх үүсвэрийн бүтцийг авч үзэхэд итгэлцлийн үйлчилгээнээс татан төвлөрүүлсэн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг, бондын эх үүсвэр 550.0 тэрбум төгрөг, дотоодын арилжааны банкнаас 622.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус татан төвлөрүүлж үйл ажиллагаандаа зарцуулсан байна. 2025 оны I улирлын байдлаар итгэлцлээр татан төвлөрүүлсэн хөрөнгийн жигнэсэн дундаж үр шим жилийн 16.8 хувь, дундаж хугацаа 15.7 сар, банк санхүүгийн байгууллагаас татсан зээлийн эх үүсвэрийн дундаж хүү 19 хувь, дундаж хугацаа 16.9 сар, өрийн бичгээр татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн дундаж хүү 24 хувь, хугацаа 18.1 сар байна. Эх үүсвэрийн хүүгийн дундаж 19.2 хувь байгаа нь арилжааны банкуудын хадгаламжийн жигнэсэн дундаж хүү (жилийн 12 хувь)- нээс 7.2 пунктээр өндөр үзүүлэлттэй байна. Эндээс харахад дотоодын арилжааны банкууд ББСБ-уудыг санхүүжүүлэх замаар иргэдэд учрах санхүүгийн ачааллыг нэмэгдүүлж, мөнгө хүүлэлтийг тэтгэх үндсэн нөхцөл болж байна гэж үзэн Санхүүгийн зохицуулах хорооноос дээрх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Цаашид эдийн засгийн нөхцөл байдал, салбарын санхүүгийн үзүүлэлтүүдийг харгалзан сулруулах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
-Дээрх бодлого, зохицуулалтын үр дүн хэрхэн гарч байна вэ. Арилжааны банкнуудаас зээл авсан байгаа ББСБ-уудад энэ хэрхэн нөлөөлж байгаа вэ?
-ББСБ нь Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын арга хэмжээг үйл ажиллагаандаа шууд мөрдөн ажиллаж байна. Энд нэг зүйлийг онцлоход гадаадаас татан төвлөрүүлж буй эх үүсвэрт хязгаарлалт хийгээгүй. Иймээс ББСБ нь өртөг багатай эх үүсвэр татан төвлөрүүлэхээр илүү ажиллаж байна. Шийдвэр гарснаас хойш хугацаанд буюу ББСБ-ын салбарын 2025 оны I улирлаас хагас жилийг хүртэлх хугацааны өртөг бүхий эх үүсвэрийн бүтэц 41.9 тэрбум төгрөгөөр буюу 1.3 хувиар буурсан байна. Тухайлбал, итгэлцлийн үйлчилгээний эх үүсвэрийн хэмжээ 41.0 тэрбум төгрөгөөр буюу 3.5 хувиар буурсан бол дотоодын арилжааны банкуудаас татсан эх үүсвэрийн хэмжээ 46.0 тэрбум төгрөгөөр буюу 8.0 хувиар буурсан байна. Мөн энэхүү бодлогын шийдвэр гаргахаас өмнө бусдаас хөрөнгө татан төвлөрүүлсэн харилцаанд буцаан хэрэглэхгүй байхаар заасан. Өөрөөр хэлбэл, дотоодын арилжааны банкнаас зээл авсан ББСБ-уудын хувьд үүргийн гүйцэтгэлийн хангах хүртэлх хугацаанд тухайн зохистой харьцааг хангасан гэж үзэхээр зохицуулсан бөгөөд харин нэмж зээл авахыг хориглосон гэж ойлгох хэрэгтэй.