Б.Батчимэг: Сэндбоксод бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлсэн байгууллагыг түр зохицуулах холбогдох заалтыг журамд тусгасан

  • 2025/12/04 20:05

Санхүүгийн зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа хөгжлийн газрын Сэндбоксын албаны дарга Б.Батчимэгтэй ярилцлаа.

-Монгол Улсад технологид суурилсан шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг турших зорилготой сэндбокс зохицуулалт нэвтрээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Энэхүү зохицуулалтын онцлог, хэрэгжилтийн талаар ярилцлагаа эхлэх үү?

-2021 онд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нар “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ыг хамтран баталснаар манай улсад анх сэндбоксын зохицуулалт нэвтэрч байсан. Зах зээлийн хурдтай хөгжлийг урьдчилж харан тохирсон бодлого, зохицуулалтыг бүрдүүлнэ гэдэг бараг боломжгүй. Дийлэнх тохиолдолд зах зээл дэх инновац, хөгжил, өөрчлөлт явагдсаны үндсэн дээр бодлого, зохицуулалт нь дагаж, өөрчлөгдөж байдаг. Зохицуулалттай салбаруудад ажиллаж буй байгууллагуудын хувьд энэ хоцрогдол нь үйл ажиллагааг нь хязгаарлах нэг сул тал болдог. Тэр дундаа технологийн дэвшлийн нөлөөгөөр хурдтай өөрчлөлт, шинэчлэл хийгдэж буй энэ цаг үед тохирсон зохицуулалтын орчин бүрдэхийг хүлээгээд суух нь аж ахуй нэгжүүдэд зардал өндөртэй юм. Сэндбокс зохицуулалт нь энэхүү зохицуулалтын орчны хоцрогдлыг арилган, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг алдалгүй нэвтрүүлэх боломжийг олгож буйгаараа онцлог юм. Хэрхэн яаж зохицуулагдах нь тодорхойгүй байгаа шинэ үйлчилгээг сэндбоксын орчинд хязгаарлагдмал хүрээнд, бодит зах зээл дээр туршсанаар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнээс үүдэж болзошгүй эрсдэлийг бууруулах, тухайн үйлчилгээнд тохирсон зохицуулалтыг бүрдүүлэх чиглэлд ажиллах боломжийг олгож байна. Сэндбоксын орчинд нийт 8 компани орсноос яг өнөөдрийн байдлаар 5 компанийн 9 бүтээгдэхүүн, үйлчилгээ туршигдаж байна. Өөр, өөр салбарын олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ туршигдаад эхнээсээ зах зээл дээр амжилттай нэвтрээд явж байна.

-Сэндбокс зохицуулалтыг хэрэгжүүлэх, байгууллагууд сэндбоксод бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай туршихад тулгарч буй асуудал юу байна вэ?

-Өнөөгийн байдлаар дэлхий даяар нийт 61 улсад 81 төрлийн санхүүгийн салбарт хамаарах сэндбокс бүртгэлтэй байна. Сэндбоксыг анх нэвтрүүлсэн Англи, Сингапур зэрэг улсууд дижитал сэндбокс, хурдасгасан сэндбокс гэх зэрэг олон төрлийн сэндбокс зохицуулалтыг нэвтрүүлж, дан ганц зохицуулалтын дэмжлэг бус санхүүжилт болон технологийн дэмжлэг үзүүлж байна. Гэхдээ эсрэгээрээ байнгын үйл ажиллагаатай бодитоор бүтээгдэхүүн, үйлчилгээ туршаад явж байгаа сэндбокс зохицуулалт бас цөөн байна. Сэндбоксын зохицуулалт амжилттай хэрэгжихэд хууль, эрх зүйн орчин, зохицуулагч байгууллагуудын эрх хэмжээ ихээхэн нөлөөтэй болохыг зохицуулагч байгууллагууд онцолдог. Өөрөөр хэлбэл, сэндбоксын зохицуулалтыг нэвтрүүлээд явж буй улс орнуудын хувьд сэндбоксын дараах үе шат буюу сэндбоксод туршигдсаны дараа тухайн үйлчилгээг хэрхэн зах зээлд гаргаж, шаардлагатай зохицуулалтыг бүрдүүлэх вэ гэдэг нь хамгийн тулгамдсан сорилт юм. Манай улсын хувьд ч ялгаагүй энэ асуудал тулгамдаж буй хамгийн том асуудал болж байна. Манай улсад санхүүгийн салбарт зөвшөөрөгдөх үйл ажиллагааг салбарын хуулиудаар нарийвчлан зааж өгсөн байдаг. Харин сэндбоксод туршигдсан үйлчилгээ нь ихэвчлэн салбарын хуулиудад тусгагдаагүй шинэ үйлчилгээ байдаг нь тухайн үйл ажиллагаанд тохирсон зохицуулалтыг хэрэгжүүлж, сэндбоксоос амжилттай гаргахад хүндрэл үүсгэж байна. Хэдийгээр сэндбокс зохицуулалт хэрэгжсэнээр зах зээлд оролцогчид, финтек компаниудад хууль эрх зүйн орчин нь бүрдээгүй шинэ үйлчилгээг турших, үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгож буй ч, хууль эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлтгүйгээр тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд бүрэн нэвтрүүлэх боломжгүй юм.

-Энэ онд “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан байсан. Энэ нэмэлт өөрчлөлтөөр дээр дурдсан асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг оруулсан уу. Ер нь журамд ямар нэмэлт, өөрчлөлтүүд орсон талаар товч мэдээлэл өгнө үү?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-д холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан. Эдгээрийн нэг нь сэндбоксод амжилттай туршигдсан бүтээгдэхүүн, үйлчилгээнд шаардлагатай тохиолдолд түр зохицуулалт хэрэгжүүлэх зохицуулалт юм. Өмнө нь дурдсанчлан сэндбоксод туршигдаж буй зарим үйлчилгээ нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар зохицуулагдахгүй, хуулийн өөрчлөлт, шинэчлэлт шаардагдах шинэ төрлийн үйлчилгээ байдаг. Гэтэл хуулийн өөрчлөлт, шинэчлэлт нь олон төрлийн хүчин зүйлсээс хамаардаг, зарим тохиолдолд хугацаа их шаардагддаг. Сэндбоксод бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай туршигдсан байгууллагын хувьд холбогдох хуулийн өөрчлөлт хийгдэх хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байх шаардлагатай тул бид түр зохицуулалттай холбоотой заалтыг журмын нэмэлт, өөрчлөлтөөр тусгаж өгсөн. Сэндбоксын оролцогч байгууллагууд нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хязгаарлагдмал хүрээнд туршиж буй хэдий ч бодит хэрэглэгчдэд хүргэж байгаа. Мөн оролцогчид дунд маань ямар нэгэн санхүүгийн үйлчилгээний зөвшөөрөл аваагүй гарааны бизнесүүд ч бий. Эдгээр байгууллагуудын хувьд нэгэнт санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж буй тул мөнгө угаахтай тэмцэх хууль, журмын зохицуулалтыг зайлшгүй мөрдөж ажиллах шаардлагатай байдаг. Олон улсын туршлагаас харахад ч тэр сэндбоксын оролцогч байгууллагуудад мөнгө угаахтай тэмцэх чиглэлийн шаардлагууд бусад санхүүгийн байгууллагуудын адил үйлчилж явдаг. Тийм учраас бид сэндбоксын оролцогч нь мэдээлэх үүрэгтэй этгээдийн нэгэн адил мөнгө угаахтай тэмцэх, холбогдох шаардлагуудыг хангах зохицуулалтыг журмын нэмэлт, өөрчлөлтөөрөө тусгасан. Түүнчлэн гарааны бизнесүүдэд хүндрэлтэй байдаг зарим технологийн шаардлагуудыг хассан.

-Цаашид сэндбокс зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар?

-Сэндбоксод амжилттай туршигдаад тус орчноос гарахдаа бэлтгээд явж буй хэд хэдэн бүтээгдэхүүн, үйлчилгээ байна. Эдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирсон зохицуулалтын орчныг бүрдүүлэх, сэндбоксын орчноос зохицуулалттай зах зээлд амжилттай гаргах ажлууд хүлээгдэж байна. Санхүүгийн зохицуулах хороо нь “Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг” олон улсын байгууллагын гишүүн байгууллага юм. Тус нийгэмлэгийн гишүүн орнууд өөрсдийн бүс нутагтаа бүс нутгийн санаачлагыг гарган санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажилладаг. Өнгөрсөн онд Санхүүгийн зохицуулах хороо Зүүн Европ, Төв Азийн бүсэд бүс нутгийн сэндбокс нэвтрүүлэх ажлын ахлагчаар томилогдон, холбогдох ажлуудыг гүйцэтгээд явж байна. Энэ бүс нутгийн хувьд Монгол Улсаас өөр тасралтгүй үйл ажиллагаатай сэндбокс нэвтрүүлсэн улс байхгүй тул бид өнгөрсөн онд гишүүн орнууддаа туршлагаа хуваалцах, сэндбоксын хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн. Мөн улс орнуудын хэрэгцээ, шаардлага, зохицуулалтын орчны ялгаатай байдлаас хамааран сэндбокс, инновацын нэгжийн аль нь илүү тохиромжтой болохыг хараахан шийдээгүй байна. Магадгүй шууд бүс нутгийн сэндбокс зохицуулалтыг нэвтрүүлэх бус инновацын цонх нээх зэрэг шат дараатай алхмуудыг хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй байж болох юм. Энэ жилийн хувьд гишүүн орнууд бүс нутгийн зохицуулалтын хэрэгцээ, шаардлагын судалгааг гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

-Санхүүгийн зах зээлийн хөгжил тасралтгүй явагдаж, энэ салбарт олон төрлийн инновац нэвтэрч байна. Харин Санхүүгийн зохицуулах хороо сэндбокс зохицуулалтаас гадна инновацыг дэмжсэн ямар бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлж байна вэ?

-Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулалтын салбар бүрдээ технологийн дэвшил, шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжсэн олон төрлийн бодлого, зохицуулалтыг гарган ажиллаж байгаа учраас би энд зөвхөн өөрийн нэгжийн хариуцан хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн нь зөв болов уу. 2024 оноос эхлэн “Монгол Улсад финтек салбарын хууль, эрх зүй, зохицуулалтын орчныг хөгжүүлэх мэргэжлийн болон техник туслалцааны төсөл” Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр хэрэгжин энэ 9 дүгээр сард дуусаж байна. Төслийн хүрээнд “Монголын финтек, инновацын экосистемийг хөгжүүлэх замын зураг”, “Санхүүгийн хяналт, шалгалтад суптекийг нэвтрүүлэхэд шаардлагатай үнэлгээний болон бодлогын зөвлөмжийн тайлан” зэрэг баримт бичгүүдийг Сингапур Улсад төвтэй “Access Partnership Ltd” зөвлөх компани боловсруулан өглөө. Технологид суурилсан санхүүгийн салбарын хөгжилд ямар саад бэрхшээл үүсэж буйг, мөн ямар боломжууд байгаа талаар салбарын оролцогч байгууллагууд, мэргэжлийн холбоод мөн Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны албан хаагчидтай хэлэлцэн, олон улс орнуудын туршлагыг судалсны үндсэн дээр боловсруулсан учраас дээрх зөвлөмж, баримт бичгүүд нь финтекийн зах зээлийн хөгжлийг дэмжсэн дараа, дараагийн үйл ажиллагаанд шаардлагатай эх сурвалж болох болов уу. Мөн зах зээлийн оролцогчдын хөгжлийг даган зохицуулагч байгууллага бид өөрсдийн бодлого, зохицуулалт, хяналт, шалгалтын үйл ажиллагаандаа инновац нэвтрүүлэх шаардлага бий. Энэ жилээс бид Кэмбриджийн Суптек Лабтай хамтран Санхүүгийн зохицуулах хороонд хяналтын технологи нэвтрүүлэх стратеги, төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлээд байна.