"Эрдэнэс Тавантолгой" ХК: Бортээгийн ордод хэн ч лиценз эзэмшээгүй, нэг тонн ч нүүрс олборлоогүй
- 2025/10/04 12:02
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд “нүүрсний хулгайч” гэх тодотгол зүүж, Тавантолгойн ордын Бортээгийн хэсэгт лиценз эзэмшиж байна гэсэн мэдээллийг баримтаар няцааж байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас 2021 онд нээлттэй тендер зарлаж, 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд МТАС түншлэл гэдэг компанитай 36 сарын гэрээ байгуулсан ч улстөржилтөөс шалтгаалж 2024 оны нэгдүгээр сарын 16-нд УИХ уг гэрээг цуцлах тогтоол гаргасан. Тус түншлэлийн "Админерал" компанид зөвхөн нүүрс угаах үйлдвэр барих 35 га газрыг таван жилийн хугацаатай ашиглах зөвшөөрөл олгосон ч мөн л цуцлагдсаныг баримтаас харж болно. Энэхүү гэрээний хугацаанд МТАС түншлэл нь нэг ч тонн нүүрс олборлоогүй бөгөөд 2025 оны нэгдүгээр сард МТАС түншлэлд гэрээ цуцлах мэдэгдлийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хүргүүлж, гэрээний харилцаа бүрэн дуусчээ. Өөрөөр хэлбэл, Бортээгийн хэсэгт уул уурхайн ямар ч үйл ажиллагаа явуулж эхлээгүй, нэг ч төгрөгийн ашиг олоогүй, нэг ч тонн нүүрс олборлоогүй байна.
Үүнээс үзэхэд:
-Тавантолгойн ордын Бортээгийн хэсэг одоог хүртэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн мэдэлд хэвээр байгаа, өмнө нь ч хэн нэгэнд шилжүүлээгүй.
-Бортээгийн ордод одоо ч, өмнө нь ч олборлолт хийгээгүй. Нэг шанага нүүрс ч олборлоогүй. Бортээгийн бүх нүүрсийг шавхаад ч 44 их наяд, 404 их наяд гэх мэт их хэмжээний мөнгө хүрэхгүй. Энэ мөнгө бол харьцуулбал Монгол Улсын 10 жилийн төсөвтэй тэнцэнэ. Овор хэмжээгээр харьцуулбал монгол мөнгөөр 20 мянгатын дэвсгэртээр 3600 портер ачаа болно гэсэн үг.