Ч.Алтанбагана: “Эрдэнэс Тавантолгой” уулын ажлын төлөвлөгөөг бүрэн хангаад зогсохгүй зарим үзүүлэлтийг давуулан биелүүлнэ

  • 2024/11/27 12:12

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбаганатай ярилцлаа.

-“Эрдэнэс Тавантолгой” компани оны эхний 11 сарын байдлаар хэдэн тонн нүүрс олборлож, хэдий хэмжээний нүүрсийг экспортод гаргаад байна вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монгол Улсын Засгын Газрын 2010 оны 272 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа эхлүүлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 150 сая тонн нүүрс олборлоод байна. 2024 оны хувьд 11 дүгээр сарын байдлаар 115.7 сая метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, 28.9 сая тонн нүүрс олборлосон үзүүлэлттэйгээр ажиллаж байна. Уулын ажил энэ эрчмийг хадгалан он дуусахад хүлээгдэж буй гүйцэтгэлээр 134.2 сая метр куб хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэж, 30.3 сая тонн нүүрсийг олборлон 2024 оны уулын ажлын батлагдсан төлөвлөгөөг бүрэн биелүүлнэ. 

Экспортын хувьд оны төгсгөлд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 30 сая тонн нүүрс экспортод гаргахаар байгаа.

Бид уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг хариуцлагатай, ил тод зохион байгуулж Монгол Улсын хууль тогтоомжийн нийцлийг бүрэн хангаж ажилладаг байгууллагын хувьд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор батлагдсан Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хүрээнд 2023 оны хоёрдугаар сарын 9-нөөс эхлэн Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний MNS 6457:2022 стандартын ангиллын дагуу коксжих, гурваны нэг коксжих, эрчим хүчний нүүрс, хийн нүүрс гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан худалдаалж эхэлсэн. 

2024 оны арваннэгдүгээр сарын байдлаар 14.5 сая тонн нүүрсийг биржээр борлуулсан, ангиллаар нь авч үзвэл 30 хувийг коксжих, 57 хувийг гурваны нэг коксжих, 18 хувийг эрчим хүчний нүүрс тус тус эзэлж байна.  

Биржийн нүүрсний тээвэрлэлтийг Гашуунсухайт-Ганцмод болон Ханги-Мандал боомтын чиглэлд тус тус төмөр зам болон авто замаар тээвэрлэж байгаа. Ханги-Мандалын чиглэлд төмөр замаар 788 мянган тонн, Гашуунсухайт-Ганцмодны чиглэлд 1 сая 400 мянган тонн нүүрс тээвэрлэсэн. Үлдсэн хэсгийг нь авто замаар тээвэрлэлээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш бид худалдан авагчтай ам нөхцөлөөр нэг ч гэрээ байгуулаагүй. Зөвхөн биржээр дамжуулж арилжиж байна. Биржийн тухай хуулиас өмнө ам нөхцөлөөр борлуулахаар хийгдсэн дөрвөн гэрээ бий. Үүний дагуу нийлүүлэх нүүрс уурхайн агуулахад 5.5 сая, Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайд 3.4 сая тонн байна. 

-Биржээр 14.5 сая тонн нүүрсийг борлуулсан гэж байна. Олборлосон нүүрстэй харилцуулбал бага нүүрс экспортолсон юм биш үү?

-Биржээр нүүрс борлуулсан 49 гэрээ бий. Гэрээнд тусгасан графикийн дагуу нүүрсээ нийлүүлээд явж байгаа. Борлуулсан нүүрсний төлбөр дотоодын зах зээлд аль хэдийнэ орж ирсэн. Нүүрс овор хэмжээ ихтэй бүтээгдэхүүн учраас нийлүүлэлт, хүргэлт нь энгийнээр хэлбэл, нэлээд сунжирдаг. Нүүрсний ачилтын болон нүүрсний экспортын нэвтрэлтийн хэмжээ харилцан адилгүй. Энэ жилийн хувьд 30 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн, арваннэгдүгээр сарын байдлаар 28.9 сая тонн нүүрс олборлосон тухай дээр дурдсан. Нүүрс тээвэрлэлтийн хэмжээ 28.2 сая тонн, хилээр нэвтэрсэн нүүрсийн хэмжээ 22.6 сая тоннд хүрлээ. 

-Төвлөгөөгөө биелүүлнэ биз дээ. 

-Төлөвлөгөөгөө хангаж ажиллана. Төлөвлөгөө хангахтай холбогдуулаад хэдэн тоо хэлэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 онд 9.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлогоос 2.8 их наядын татвар, хураамжыг улсад төвлөрүүлж, 3.5 их наядын цэвэр ашигтай ажилласан. 

Тэгвэл 2024 оны гуравдугаар улирлын байдлаар 8.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлогоос 2.6 их наядын татвар, хураамж төсөвт төвлөрүүлж, 4.3 их наядын цэвэр ашигтай ажиллаж байна. Тэгэхээр оны эцэст төлөвлөгөөгөө биелүүлээд зогсохгүй жилийн эцсийн дүнгээр борлуулалтын орлого, татвар төлөлт, цэвэр ашгийн хэмжээ нэмэгдэх нь тодорхой тул өнгөрсөн оны ажлын үр дүнгийн үзүүлэлтээ давуулан биелүүлэх төсөөлөлтэй байгаа. 

2022 оны аравдугаар сараас компанийн олборлолт, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагаанд ихээхэн өөрчлөлт гарсан гэж хэлж болно. Тодруулбал, хямд үнээр борлуулдаг ам нөхцөлийг халж, өндөр үнэлгээгээр биржээр борлуулж, борлуулсан нүүрсээ хүргэж өгдөг болсон байна. Энэ бүх өөрчлөлтийг хийснээр 2023 оны ажлын үзүүлэлт, ашиг, орлого, татвар, хураамж гээд бүхий л үзүүлэлтүүдэд эерэг үр дүн гарсан. Энэ оны хувьд ч мөн сайн гарах нь тодорхой харагдаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа сүүлийн хоёр жилийн хугацаанд төр, засгийн дэмжлэгтэйгээр 2.7-3.5 дахин тэлж, үндэсний хамгийн том компани болон өргөжлөө.   

Энэхүү том үйл ажиллагааны ард нэг ээлжид үндсэн, гэрээт болон тэдгээрийн ханган нийлүүлэгчдийн 5000 орчим уурхайчид ажилчид 14/14 хоногийн ростерийн системээр буюу нийт 10 орчим мянган уурхайчид хоёр ээлжээр 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байна. 

-“Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн зургадугаар сард баяжуулах үйлдвэрийнхээ жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай модулийг ашиглалтад оруулсан. Энэ онд хэдэн тонн нүүрс баяжуулсан бэ?

-Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д зааснаар Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэгтэй бөгөөд зөвхөн ашиг олох зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглодог. Энэ үүргийг бүрэн хэрэгжүүлж, олборлолтоос гарах бүх чанарын нүүрсийг иж бүрэн борлуулахад нүүрс баяжуулах үйлдвэр чухал үүрэгтэй. 

Бэлчээрийн мал аж ахуйгаас эрчимжсэн мал аж ахуйн руу шилжих нь зүйтэй гэж ярьдаг шиг нүүрсэн бүтээгдэхүүний хувьд олборлоод түүхийгээр нь зардаг байсан бол дараагийн шат нь баяжуулсан нүүрс юм. Бид нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2022 онд эхлүүлж 2024 оны зургадугаар сард төслийн эхний үе шат болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий үйлдвэрийг ашиглалтад оруулж, олон улсын стандартын шаардлагад нийцсэн хоёр төрлийн баяжмалыг үйлдвэрлэж эхэлсэн.

Аравдугаар сарын 25-нд компанийн түүхэнд шинэ хуудас нээгдэж анхны 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг 2.1 сая ам.доллароор Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжаагаар борлууллаа. Ирэх жилийн дунд үе гэхэд баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг жигдрүүлж, ордын хувьд урт хугацаанд тогтвортой ашиглагдах нөхцөл, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх суурь хангагдана.

-Баяжуулах үйлдвэрийн ажиллагаа жигдэрсний дараа “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний найман ангиллын нүүрсийг борлуулдаг болох уу?

-Шууд утгаар бүх ангиллын гэж ойлгож болохгүй. Компанийн хувьд эдийн засгийн өндөр үр ашигтай, ордын нөөцийн чанарт тулгуурласан ямар төрлийн эцсийн бүтээгдэхүүн баяжуулж экспортлох вэ гэдгээ тодорхойлж байж, урт хугацаанд тогтвортой нийлүүлнэ. Худалдан авагч талд ч бүтээгдэхүүний чанар тогтвортой, их хэмжээтэй байх нь ашигтай байдаг. Харин бүтээгдэхүүний үнэ ямар байхыг зах зээлийн систем, нөхцөл л шийднэ.

-Баяжуулах үйлдвэрээс өөр уурхайг хөгжүүлэх, нэмүү өртөг бий болгох ямар төслүүд хэрэгжүүлж байна вэ? 

-Та бүхэн мэдэж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2022 оны аравдугаар сард онцгой дэглэм тогтоосноос хойш буюу сүүлийн хоёр жилийн хугацаанд томоохон эерэг өөрчлөлтүүд, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн.  Жишээ дурдвал, ордын хэмжээнд нэмэлт хайгуул, судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэн нөөцийн хэмжээг 6.3 тэрбум тонноос 8.1 тэрбум тонн буюу 30 орчим хувиар нэмэгдүүлэн Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2024 оны гуравдугаар сард шинэчлэн батлууллаа. Ордын нөөц нэмэгдсэнээр компанийн хувьцаа эзэмшигч иргэдийн ирээдүйд хүртэх өгөөжийн үнэ цэнэ өсөж байгаа хэрэг. 

Бид уулын ажлын өртөг зардлыг бууруулах, уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгахад чиглэсэн олон цогц төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн.

Тодруулбал, бидний нүүр тулсан хамгийн том асуудлуудын нэг бол тоосжилт. Том массын ажлыг дагаад олон тооны техник ажилласнаар тоосжилт даруй нэмэгдэж байгаа. Цаашид энэ эрчим буурахгүй тул дараагийн томоохон шийдлүүд хэрэгтэй. Хэдэн том шийдэл байгаа нь хөрс, нүүрс тээврийн асуудлыг дан ганц авто тээврээр бус авто-конвейр хосолсон системээр гүйцэтгэх, уулын ажлыг цөөн тооны том оврын бүтээлийн техникүүдээр гүйцэтгэх, задгай ачилт буулгалтын талбайг сайжруулах, битүүмжийг хангах, байнгын замуудыг хатуу хучилттай болгох юм.

Уурхайн хөрс, нүүрс тээвэрт конвейрийн систем нэвтрүүлэхээр ТЭЗҮ-ийг боловсруулж Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан. Нүүрс ачилтын ажлыг автоматжуулах үүднээс “Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төв” байгуулах төслийг хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэн туршилтын шатанд ажил хийгдэж байна. Би дээр цогц байдлаар төслүүд хэрэгжүүлж байгаа гэж дурдсан. Тэгэхээр төсөл, хөтөлбөрүүд маань бүгд уялдаатай ажиллахаар төлөвлөгдсөн гэсэн үг. 

“Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төв”-өөс нүүрс тээврийн конвейероор Баяжуулах үйлдвэрийг тэжээлээр хангана. Нүүрс тээврийн конвейерийн хувьд 12.3 км урттай буюу Монголд анхны хамгийн урт туузан дамжуулгын систем байх юм. Гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан төслийн ажлыг эхлүүлсэн. Одоогоор 15 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Дараагийн шийдэл нь уулыг цөөн тооны том оврын бүтээлийн техникүүдээр гүйцэтгэх юм. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь уурхайн олборлолтын үйл ажиллагааг 100 хувь гэрээт компаниар гүйцэтгүүлдэг байсан бол өнөөдрийн байдлаар уурхайн олборлолтын 30 орчим хувийг гүйцэтгэх хүчин чадал бүхий өөрийн өмчлөлийн бүтээлийн техникүүдийг худалдан авч ажилд гаргалаа. 

Уулын ажлын тоног төхөөрөмжүүдийг урт хугацаанд, өндөр бүтээлтэй ажиллах нөхцөл боломжыг хангахад найдвартай засвар үйлчилгээний бааз шаардлагатай. Бид үүнийг давхар төлөвлөж засвар механикийн төвийн иж бүрэн төвийг ашиглалтад оруулахаар хөрөнгө оруулалт хийж өнгөрсөн тавдугаар сард барилгын ажлыг эхлүүлсэн. Гүйцэтгэл нь 40 орчим хувьтай байна. Гэх мэт ажлыг цогц байдлаар төлөвлөн хийж байна.

Мөн нүүрсийг далд аргаар ашиглах боломжийг судлах үүднээс хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад явсан. 

Тавантолгой ордын хэмжээнд усны асуудал чухал. Ордын хэмжээнд гидрогеологийн судалгааны ажил дутмаг, хүндрэлтэй нөхцөл байдал бий. Иймээс нэн түрүүнд усны хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэж, нөөцтэй эсэхээ тодорхойлох нь чухал гэж үзэн компанийн тусгай зөвшөөрлийн талбай, эргэн тойрны 100 км радиусыг хамруулан гидрогеологийн томоохон хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэхээр нээлттэй тендер шалгаруулалтыг зарласан. Усны нөөцийн мэдээллийг тогтоох нь цаашид бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн усан хангамжын асуудал, усны чанар буюу унд ахуй, үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэх нөөцийн мэдээлэл тодорхой болох ач холбогдолтой.  

-Засгийн газар нүүрсний экспортыг их хэмжээгээр нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд “Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайн шинэ ам нээх шаардлагатай юу?

-Тавантолгой ордод нийт 68 мянга га талбайг хамарсан ашиглалтын найман тусгай зөвшөөрлийн талбай эзэмшдэг. Тус  найман талбайн гурван хэсэгт л ТЭЗҮ хийгдсэн байдаг. Дээр дурдсан томоохон төсөл, хөтөлбөрүүд ч гэсэн тус тусдаа ТЭЗҮ-тэй гэсэн үг. Тэгэхээр ордыг цогцоор, иж бүрэн ашиглахад нэгдсэн бодлого төлөвлөлт, уялдаа холбоо маш чухал. Иймд Тавантолгой ордын хэмжээний нэгдсэн ТЭЗҮ-ийг боловсруулахаар ажиллаж байна. Нэгдсэн ТЭЗҮ миний дээр дахин дахин дурдсан цогц, иж бүрэн, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг явуулахад ихээхэн ач холбогдолтой. 

Өнгөрсөн хугацаанд сайн чанарын коксжих нүүрсний борлуулалт дээр ахнаарч ажилладаг байсан бол цаашид эрчим хүчний нүүрсийг их хэмжээгээр борлуулах бодлого баримталж ажиллана. Хятад улс оны эхний есөн сарын байдлаар 89 сая тонн коксжих нүүрс импортолсон. Үүний 43 саяыг манай улс нийлүүлсэн. Мөн эхний 9-н сарын байдлаар нийт 389 сая тонн нүүрс авсны 69 сая тонныг Монгол Улс нийлүүлсэн байна. 

Энэ үзүүлэлтээс харахад бид коксжихоос бусад төрлийн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай нь харагддаж байна. Тавантолгойн ордын нөөцийн 40 орчим хувийг эрчим хүчний нүүрс эзэлдэг. Хятадын зах зээлд жилд 10 гаруй сая тонн эрчим хүчний нүүрс нийлүүлдэг болох нь манай компанийн хувьд хоёр өөр түүхий эдээс ашиглах боломжийг бүрдүүлнэ.

-Одоогоор эрчим хүчний нүүрс хэдэн тонныг экспортолж байна вэ? 

-2010 онд Уурхайн үйл ажиллагаа эхэлснээс хойш 2022 он хүртэл нийт 6.4 сая тонн эрчим хүчний нүүрс экспортолсон байдаг. 2023 онд 1.23 сая тонн, энэ онд хоёр сая тонн эрчим хүчний нүүрс экспортолчихсон байна. Цаашид эрчим хүчний нүүрсний экспортоо боломжит хэмжээгээр нэмээд явна.

-Баяжуулах үйлдвэрийн хоёр, гурав дахь модулийг үргэлжлүүлээд барих уу, эсвэл ажиллагааг нь жигдрүүлсний дараа болох уу?

-Баяжуулах үйлдвэрийн хоёр болон гурав дахь шатыг эхлүүлэхийн тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай. Усан хамгамжын асуудлыг тодорхой болгох гэх мэт. Инженер хүний хувьд одоо ашиглалдад оруулсан баяжуулах үйлдвэрийн эхний модулийг 1-ээс 2 жилийн хугацаанд тасралтгүй ажиллуулж үр дүнд нь дүн шинжилгээ хийх, тус хугацаанд төслийг өргөтгөх бусад суурь судалгааг хийх шаардлагатай гэж бодож байна. Эхний модулын үйл ажиллагаа жигдрээд ирэхээр бүтээгдэхүүний өртөг зардал, чанар стандартууд тодорхой болно. Үүний дараа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг, шинэ төсөл учраас хэт туйлширч хөдлөхөөс болгоомжилж эдийн засгийн, шинжлэх ухааны, инженерийн тооцоололтой хөдлөхөд буруудахгүй байх. Одоогийн нөхцөлд шууд хөрөнгө оруулаад дараагийн модулийг барих нь эрсдэлтэй гэж харж байна. 

-Говийн бүс рүү ус дамжуулах “Хэрлэн тоонот”, “Орхон-Онги” төсөл Засгийн газрын яаралтай хэрэгжүүлэх 14 төсөлд багтсан. “Эрдэнэс Тавантолгой” компани эдгээр төслийг хэрэгжүүлэх судалгааны ажилд оролцох уу?

-Манайд тодорхой чиглэл ирээгүй байна. Төсөл хэрэгжүүлэх асуудал тодорхой болох үед холбогдох байдлаар оролцоод явна. Одоогийн байдлаар гадаргын усны хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс 2023 онд уурхайг гадаргын үерийн уснаас хамгаалах, түүнийг хуримтлуулах далан байгуулан ажиллаж байна. 

Өнгөрсөн зуны хувьд говийн бүсэд хур бороо их хэмжээгээр орж, гадаргын ус ихтэй байлаа. Уурхайн ойр орчимд 4.3 орчим шоо метр ус тогтоож авснаас хөлдөлт үүсэх хүртэл үйл ажиллагаандаа тасралтгүй ашиглаж үйлдвэрлэлд ашиглах үйлдвэрлэлийн гүний усны хэрэглээг багасгасан үзүүлэлт гарсан. Цаашид гадаргын болон үерийн усны эх үүсвэрээс үйлдвэрлэлийн усны хуримтлал үүсгэх боломжийг нэмэгдүүлэхээр нэвчилт, ууршилтаас хамгаалсан тусгай технологи бүхий хөв цөөрмийг байгуулахаар зураг төслийн ажлыг төлөвлөн ажиллаж байна.