"Эрдэнэт Тавантолгой" наймдугаар сард 2.9 сая тонн нүүрс борлуулжээ
- 2025/09/04 16:11
Улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэр, хил нэвтрүүлэх үйл ажиллагаа, салбар дундын уялдааг сайжруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” компанид 2025 оны долдугаар сард Онцгой дэглэм тогтоож бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилсон. Бүрэн эрхт төлөөлөгчийн баг хоёр сарын хугацаанд ачилт болон борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд шат дараалсан арга хэмжээг авч, нээлттэй, ил тод өрсөлдөөний зарчмаар борлуулалтыг идэвхжүүлэн ажиллаж байна.
Оны эхний хагас жилд нүүрсний зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор борлуулалт буурч нийт 10.2 сая тонн нүүрс борлуулаад байжээ. Тэгвэл 2025 оны долдугаар сараас зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан оновчтой бодлого хэрэгжүүлснээр тухайн сард 2.6 сая тонн нүүрс, наймдугаар сард 158.1 сая ам.доллларын үнэлгээ бүхий 2.9 сая тонн нүүрс борлуулжээ. Ингэснээр наймдугаар сар 2025 оны хамгийн өндөр борлуулалттай сар болжээ.
Наймдугаар сард борлуулсан нүүрсний 62 хувийг коксжих, 13 хувийг эрчим хүчний, 22 хувийг 1/3 коксжих, 3 хувийг баяжуулсан нүүрс тус тус эзэлсэн байна. Нүүрсний цахим арилжааг Уул уурхайн биржийн тухай хуулийн дагуу нээлттэй, ил тодоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хийж байгаа бөгөөд тээвэрлэлтийн үе шатыг оновчлон худалдан авагчдад бүтээгдэхүүнийг богино хугацаанд хүргэх боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.