"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Сандагсүрэн "Шилэн барилга" хэмээн олны нэрлэж заншсан, Нийслэлийн Засаг захиргааны дөрөвдүгээр байранд ажиллалаа. Нийслэлийн Засаг, захиргааны дөрөвдүгээр байрны барилга 1997 онд ашиглалтад орсон аж. Уг барилгад их засвар, шинэчлэлийн ажлууд огт хийгдээгүй, өнгө үзэмж муудсан, өвлийн улиралд хүйтэн, агааржуулалтын систем хангалтгүй, лифт ашиглалтын хугацаа дууссан байжээ. 28 жил болж байгаа тус барилга нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй гэж гарсан тул “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нийслэлийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нийслэлийн өмчит барилга, байгууламжуудын засвар, үйлчилгээ, ашиглалт, менежментийн үйл ажиллагааг сайжруулахаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр нээлттэй сонгон шалгаруулалт хийж, хувийн хэвшилд хариуцуулан засварын ажлыг гүйцэтгүүлж байна.