СЗХ, цагдаагийн байгууллагатай хамтран ломбардуудыг шалгаж эхэллээ

  • 2025/05/23 17:17


Санхүүгийн зохицуулах хорооноос Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй этгээдүүдэд энэ сарын 21-22-нд шалгалт хийжээ. Шалгалтад нийт 33 этгээд хамрагдсанаас 19 нь харьяа байгууллагын бүртгэлгүйгээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа зөрчил илрүүлсэн байна.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд болон байнга, ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэд нь мөнгөн хөрөнгийн хэмжээ, үйл ажиллагаа явуулах байршлаас хамааран харьяа аймаг, дүүргийн Засаг дарга болон СЗХ-д бүртгүүлэх үүрэг хүлээдэг. Мөн хуулиар анз буюу алданги тооцохыг хориглосон бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд банк, санхүүгийн байгууллагатай адил зээлийн хүүгийн хувь хэмжээг 20 хувиар тооцох зохицуулалт хийсэн. Энэ нь хууль батлагдахаас өмнө хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцож иргэдийг хохироож ирсэн үйлдлийг таслан зогсоосон хуулийн хамгаалалт болсон юм.

СЗХ-ны Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоож, 2025 оны гуравдугаар сарын 31-нээс хэрэгжүүлж эхлээд буй. Хамтарсан шалгалтаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс баталсан зээлийн хүүгээс илүү хүү тооцон зээл олгосон, нэмэлт төлбөр, шимтгэл хураамж авсан, хаяг байршлын өөрчлөлтийг харьяа байгууллагад бүртгүүлээгүй, бүртгэлгүй салбар нээн ажиллуулсан зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрсэн байна. Одоо зөрчилтэй этгээдүүдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийж байгаа аж. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 516 этгээд ломбард буюу мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчээр бүртгүүлсэн. Эдгээрийн 348 нь хуулийн этгээдээр, 167 нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх  иргэнээр бүртгүүлж, иргэдэд чиглэсэн мөнгөн зээлийн үйлчилгээ эрхэлж байна.

Санхүүгийн зохицуулах хороо Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хамтарсан шалгалт бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх гэнэ. Нийслэл, дүүрэг, аймаг орон нутагт мөнгөн зээлийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хуулийн хэрэгжилтийг хангуулах, мөнгөн зээлийн үйлчилгээ авч буй иргэдэд хууль сурталчлах, иргэдийн эрхийг хамгаалах зорилгоор шалгалтыг үргэлжүүлэх юм байна.