“Оюутолгой”-н зэсийн үйлдвэрлэл 50 хувиар нэмэгджээ

  • 2025/04/28 16:02

“Оюутолгой” компани энэ оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр танилцууллаа. Тус компани энэ оны нэгдүгээр улиралд 65.2 мянган тонн зэс үйлдвэрлэжээ. Энэ нь өмнөх оны нэгдүгээр улирлынхтай харьцуулахад зэсийн үйлдвэрлэл 50 хувиар өссөн үзүүлэлт аж. Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл бүрэн дуусаж, гүний уурхайн хоёрдугаар анхдагч бултлуур ашиглалтад орохтой зэрэгцэн 2025 оны хоёрдугаар хагаст үйлдвэрлэлийн хэмжээ цаашид нэмэгдэх төлөвтэй гэнэ. Гүний уурхайгаас газрын гадарга руу хүдэр тээвэрлэх туузан дамжуурга тогтвортой ажиллаж, өдөрт дунджаар 28 мянган тонн хүдэр тээвэрлэж байгаа аж. Улмаар өдөрт 45 мянган тонн хүдэр боловсруулсан нь “Оюутолгой” компанийн хувьд шинэ дээд амжилт болжээ. 

Тэднийх энэ онд 314-350 мянган тонн зэс үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж буй. Гүний уурхайн бүтээн байгуулалт хэвийн үргэлжилбэл, 2028-2036 онд гүний болон ил уурхайгаас жилд 500 мянган тонн зэс олборлох зорилготой гэнэ.

“Оюутолгой” компани энэ оны нэгдүгээр улиралд улсын төсөвт 418 тэрбум төгрөгийн татвар, хураамж төлжээ. Тус компани 2010 оноос хойш татвар, хураамж болон үндэсний компаниудад нийт 12.5 их наяд төгрөг төлсөн байна. Энэ оны эхний улиралд нийт 770 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 598 нь дотоодынх байжээ. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 90 хувийг дотоодын компаниудаас бүрдүүлсэн байна.. 

Тус компанийн санхүүжүүлдэг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” байгуулагдаад 10 жил болсон. “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” 2015 оноос хойш Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд 160 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүний 46.3 тэрбум төгрөгийг сургууль, цэцэрлэгийн барилга барих, тохижуулах, тоног төхөөрөмжөөр хангах, багш нарыг сургах зэрэг боловсролын салбарын 169 төсөлд зарцуулжээ. 

Т.Энхбат