Хувьцаат компаниуд их наяд орчим төгрөгийн ногдол ашиг таарах нь
- 2025/02/20 11:16
Хувьцаат компаниуд санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах, эсэх шийдвэрээ гаргаж, Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэх хуультай. Монголын хөрөнгийн бирж хоёрдугаар 19-ний байдлаар 34 компани ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасныг цахим хуудсаар дамжуулан мэдээллээд байна. Дээрх 34 хувьцаат компани 935.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар болсноо нийтэд зарлалаа.
ХААН банк 2024 оны үйл ажиллагаанаас олсон нийт цэвэр ашгийнхаа 58.5 хувь буюу 373.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг хөрөнгө оруулагчдадаа тараахаар болсон нь хамгийн өндөрт тооцогдож байна. Мөн нүүрс экспортлогч “Тавантолгой” компани 366.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Энэ нь удаах том дүнг эзэлж байгаа юм. Түүнчлэн “Голомт” банк 80.8, АПУ компани 69.1, Төрийн банк 48.09, “Хас” банк 28.4, Монголын хөрөнгийн бирж 16.4, “Лэнд.мн ББСБ” 11.08, “Богд” банк 5.03 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болсон нь өндөр дүн эзлэв.
Хувьцаат компаниуд 2019 онд 112.1, 2020 онд 132.7, 2021 онд 110.5, 2022 онд 150.8, 2023 онд 303.07, 2024 онд 480.24 тэрбум төгрөгийн ногдол ашиг хөрөнгө оруулагчдадаа хуваарилж байсан. Тэгвэл хувьцаат компаниудын энэ онд хуваарилах ногдол ашгийн хэмжээ өмнөх оныхоос хоёр дахин өсөж, бараг их наяд төгрөгт хүрээд байна. Ногдол ашгийн хэмжээ өссөн нь арилжаа банкуудыг олон нийтийн компани болгосноос үүдсэн гэж дүгнэж болохоор байна. Учир нь таван арилжааны банк нийт ногдол ашгийн талаас илүүг бүрдүүлжээ.