Даатгалын салбарын 90 жилийн ойн хүрээнд "Дижитал галерей" цогц арга хэмжээ боллоо
- 2024/11/21 23:18
Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгалын холбоо хамтран Монгол Улсад даатгалын тогтолцоо үүсэж бэхэжсэний 90 жилийн ойн хүрээнд "Дижитал галерей" цогц арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр даатгалын салбарын нийгэм, эдийн засгийн эерэг нөлөөг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх, гарсан үр дүнд үндэслэн зохицуулалтын болон зах зээлийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлох "Даатгал-нийгэм эдийн засгийн дархлаа" бодлогын форум, салбарын түүхэн замнал, дижитал болон инновац шийдлүүд, дотоодын нийгмийн орчны эрсдэлүүдийн танилцуулга, түүнийг хэрхэн даван туулах шийдлүүдийг танилцуулсан "Дижитал галерей" болов.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж “Даатгалын салбар улам өсөн бэхжиж, олон улсын даатгалын зах зээлийн жишиг, зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулж, даатгуулагч иргэд, байгууллагуудад олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэн ажиллаж байгаа их амжилтаар бид ойгоо угтаж байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгасанчлан Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн зах зээлийг олон тулгуурт бүтцэд шилжүүлэх, даатгал болон хөрөнгийн зах зээлийн эзлэх хувийг нэмэгдүүлэх хүрээнд бодлогын шийдвэрүүдийг гарган, холбогдох арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллаж ирлээ. Тухайлбал, даатгагчийн хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох зохицуулалтын орчныг сайжруулснаар даатгалын компаниуд мэргэжлийн хөрөнгө оруулагчаар ажиллах боломж бүрдэж, энэ оны гуравдугаар улирлын байдлаар даатгалын компаниудын бонд, хувьцаа хэлбэрээр хөрөнгийн зах зээлд оруулсан нийт хөрөнгө оруулалт 100 тэрбум төгрөгт хүрээд байна. Мөн даатгалын компаниуд олон нийтэд нээлттэй хувьцаат компаниар бүртгүүлснээр даатгалын компаниудын хөрөнгийн зах зээл дэх оролцоо ч эрс нэмэгдсэн. Үүний үр дүнд салбарын хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн тоо 2018 оны мөн үетэй харьцуулахад 135 дахин өсөж, 24 мянгад хүрлээ. Энэ хэрээр иргэд, олон нийтийн даатгалын салбарт оролцох боломжийг нэмэгдүүлээд байна. Мөн өнгөрөгч онд УИХ-аас холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, даатгалын компаниуд даатгагчийн баталгаа гаргах хууль эрх зүйн орчныг бүрдүүлснээр даатгалын салбараар дамжуулж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд худалдан авах ажиллагаандаа шаардлагатай баталгааг олон эх үүсвэрээр гаргуулах, санхүүгийн хүндрэлийг эдийн засгийн үр өгөөжтэй, түргэн шуурхай шийдвэрлүүлэх цаашилбал иргэдийн орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон эерэг үр нөлөөг үзүүлэхийн зэрэгцээ даатгалын компаниудын үйл ажиллагааны цар хүрээ өргөжих боломж бүрдсэн. Түүнчлэн салбарын эрсдэлийн хяналт, удирдлагын тогтолцоог бүрдүүлсний зэрэгцээ тогтвортой санхүүжилтийн зарчмыг хэрэгжүүлэх, дэлхий даяар тулгамдаад буй цаг уурын өөрчлөлт, байгаль орчны бохирдол зэргийг бууруулахад дэмжлэг болох зорилгоор “ногоон даатгал”-ын зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгах арга хэмжээг хэрэгжүүллээ. Мөн салбарын эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах зорилгоор Даатгалын салбарын багц хуульд өөрчлөлт оруулахаар эрчимтэй ажиллаж байна” гэв.
Форумын үеэр салбарын нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөлөл, бизнесийн орчинд нөлөөлж буй хүчин зүйл, даатгалын салбарын хүртээмжийг тэлэх боломж зэрэг сэдвийн хүрээнд хэд,хэдэн илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо