Тогтвортой, ногоон хөгжилд нөлөөллийн санхүүжилтийн боломжуудыг хэлэлцэв

  • 2024/11/29 22:27

“Монголын тогтвортой санхүүгийн форум 2024” гурав дахь өдрөө Шангр-Ла зочид буудалд боллоо. Өнөөдрийн эхний салбар арга хэмжээ нь “Нөлөөллийн хөрөнгө оруулалт ба тогтвортой санхүүжилтийн хүртээмж  воркшоп” юм. 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж "Дэлхий нийтээрээ байгаль орчны тогтвортой байдал, нийгмийн шударга ёсыг хангах, эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд хадгалах гэсэн гурван чухал зорилтын өмнө ирээд байна. Үүнд хүрэхэд хөрөнгө оруулалт, санхүүгийн системийн үүрэг хариуцлага онцгой чухал. Тэр дундаа нөлөөллийн хөрөнгө оруулалт болон тогтвортой санхүүжилт нь зөвхөн санхүүгийн үр ашиг бус, нийгмийн эерэг өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг олон талт үнэт зүйлсийг бий болгож, эрүүл мэнд, боловсрол, сэргээгдэх эрчим хүч, цэвэр ус, хөдөө аж ахуй, орон нутгийн хөгжлийг дэмжих орчны хамгаалал зэрэг олон салбарт хийгддэгээрээ ач холбогдолтой. Монгол Улс ногоон таксономи, тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи, тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг зэрэг бодлогын томоохон баримт бичгүүдийг баталснаар бүс нутгийн хэмжээнд аливаа санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалын тогтвортой хөгжлийн зорилтод оруулж буй хувь нэмрийг бүртгэх, тайлагнах, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Санхүүгийн зохицуулах хороо ч урт хугацааны тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, ногоон бүтээгдэхүүн бий болгох, бодлого зохицуулалтын орчныг шинэчлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын санхүүгийн зах зээлд өргөн хүрээнд ашиглаж буй ногоон бонд гаргах зохицуулалтын орчныг бий болгох хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, олон улсын туршлага, тогтвортой санхүүгийн хандлагыг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад анхаарч ажилласаар байна. Өнөөдрийн байдлаар дотоодын зах зээлд 45 сая ам.доллартай тэнцэх хэмжээний ногоон бонд бүртгэгдээд байгаа бол “Тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураг”-т ББСБ-уудыг нийт зээлийнхээ таван хувийг ногоон зээлд олгох арга хэмжээний төлөвлөгөөг тусгаснаар ногоон таксономи ангиллын хүрээнд ББСБ-уудаас олгосон нийт зээлийн 2.5 орчим хувийг ногоон төслийн санхүүжилтэд олгожээ. Мөн  байгаль орчинд ээлтэй, дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц болон автомашины ногоон даатгалын бүтээгдэхүүнтэй, “ногоон даатгал”-ын нэр, томьёоллыг даатгалын салбарын эрх зүйн орчинд тусгаад байна" хэмээсэн юм.

Харин “Тогтвортой хөгжилд хөрөнгийн зах зээлийн оролцоо” салбар арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр тогтвортой хөгжил нь эдийн засгийн өсөлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн тэгш байдлын гурван тулгуур баганад тулгуурладаг. Хөрөнгийн зах зээл нь тогтвортой хөгжлийн эдгээр зорилтыг хэрэгжүүлэх чухал хэрэгсэл төдийгүй уялдаа холбоог хангах чухал платформ тул Санхүүгийн  зохицуулах хороо энэ хүрээнд Өрийн хэрэгслийн бүртгэлийн журмыг шинэчлэн баталж, өнгөрсөн онд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Биржийн бус зах зээлийн үнэт цаасны бүртгэлийн журмын шинэчилсэн найруулгыг батламжилснаар биржийн болон биржийн бус зах зээлд ногоон бонд гаргах замаар байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх тогтолцоо бүрдсэн гэдгийг онцолсон. Мөн манай улсын байгалийн баялаг, шинэ тутам хөгжиж буй хөрөнгийн зах зээлийг тогтвортой байдлын үзэл баримтлалд тулгуурлан хөгжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх улмаар ирээдүйд эерэг үр нөлөө үзүүлэх бодит хөшүүрэг болж чадна. Иймд Санхүүгийн зохицуулах хороо энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих санхүүгийн шийдлүүдийг хөгжүүлэхэд анхаарч ажилласаар байх болно гэв.

Энэхүү салбар арга хэмжээний үеэр тогтвортой санхүү ба уур амьсгалын шилжилтийн үнэлгээний гол чиг хандлага, тогтвортой санхүүжилтэд ассет менежмент компаниудын оролцоо, олон улсын ногоон бондын санаачлага зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, дотоодын нөлөөллийн хөрөнгө оруулалтын боломж, саад бэрхшээлүүд сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.