Хөрөнгийн захад нээсэн боломжууд

  • 2024/11/18 12:32

УИХ энэ оны тавдугаар сарын 16-д Үнэт цаасны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав. Нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн, Сангийн сайд Б.Жавхлан тухайн үед “Үнэт цаасны тухай хуулийн 30 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж онцолж байлаа. Анх 1994 онд баталсан Үнэт цаасны тухай хуулийг 2002, дараа нь 2013 онд шинэчлэн найруулсан. Хамгийн сүүлд шинэчлэн найруулахдаа Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага (IOSCO)-аас гаргасан зарчим, зөвлөмжид тулгуурласан билээ. Үүнээс хойш 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч дорвитой “шинэчлэл” хийгээгүй юм. 

Тэгвэл уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа давхардал, хийдлийг арилгах, хөрөнгийн зах зээлд шинээр үүссэн биржийн бус зах зээл, номинал данс гэх мэт ойлголтуудыг тодорхойлж, холбогдох зохицуулалтыг тусгах, холбогдолтой заалтуудыг Хөрөнгийн оруулалтын сангийн тухай хуульд “шилжүүлэх”, зарим заалтуудыг илүү тодруулах, хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилт тавьснаа Санхүүгийн зохицуулах хорооныхон дуулгаж байв. Угаас хөрөнгийн зах зээлийн эрх зүйн зохицуулалтыг хийхдээ хөрөнгө оруулагчийг эрсдэлээс хамгаалах, зах зээлийн хөгжлийг дэмжих зарчим баримталдаг. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хөрөнгө зах зээлийн хөгжилд, хөрөнгө оруулагчдад ямар боломж нээснийг нь дор сонирхуулъя. Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох журмуудыг баталснаар уг боломжуудыг хөрөнгийн зээлд нээлттэй ашиглаж эхлэх юм байна. Өөрөөр хэлбэл, журмуудыг баталснаар эрх зүйн бүрэн зохицуулалттай болно гэсэн үг.      

Нэгэн зүйл. Биржийн болон биржийн бус зах зээлд компанийн бонд гаргах журмыг Санхүүгийн зохицуулах хороо батлах нь. Өмнө нь биржээр дамжуулан бонд гаргахад Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авдаг байсан. Тэгвэл биржийн бус зах зээлд ч бонд гаргахад Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авдаг болох юм байна. Компанийн бондыг биржийн бус зах зээлд хаалттай хүрээнд арилжиж, хөрөнгө босгох, үнэт цаас гаргах, баримтжуулах, холбогдох эрхийн бүртгэлд бүртгүүлэх зохицуулалт сул байна гэж Санхүүгийн зохицуулах хорооныхон үзжээ. Тухайлбал, хөрөнгийн зах зээлд “хаалттай хүрээнд худалдах бонд” гэж нэрлээд байгаа санхүүгийн хэрэгсэл нь ихэвчлэн зээлийн гэрээний хэлбэртэй, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд, эсвэл кастодиан банканд бүртгэгддэггүй байна. Иймээс хоорондоо худалдах зориулалттай санхүүгийн хэрэгсэлд тооцогдохгүй байгаа аж. Тиймээс зохицуулалтыг нь тодорхой болгохоор шийджээ. 

Бас нэгэн зүйл. Фьючерс, опцион, форвард, своп гэрээ байгуулахыг санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглах гэдэг. Үнэт цаасны тухай хуульд өмнө нь фьючерс, опцион гэрээ байгуулах, арилжихыг зөвшөөрч, зохицуулсан байсан. Тэгвэл хуульд форвард, своп гэрээ байгуулах, арилжихыг нэмжээ. Гэхдээ хуульд “форвард гэрээ” гэж талуудад тодорхой тоо, хэмжээ бүхий хөрөнгийг урьдчилан тохиролцсон үнээр тогтоосон хугацаанд худалдах, худалдан авах үүргийг үүсгэх биржийн бус зах зээл дээр арилжих үүсмэл санхүүгийн хэрэгслийг, “своп гэрээ” гэж талуудад хоёр өөр суурь хөрөнгө, санхүүгийн хэрэгслээс үүсэх ирээдүйн мөнгөн урсгал болон төлбөрийн үүргийг тогтоосон хугацаанд солилцох үүргийг үүсгэх биржийн бус зах зээл дээр арилжих үүсмэл санхүүгийн хэрэгслийг” гэж тодорхойлон тусгажээ. Тэгэхээр форвард, своп хэлцлийн гэрээг зөвхөн биржийн бус зах зээлд арилжина гэсэн үг. 

Өөр нэгэн зүйл. Олон улсын санхүүгийн байгууллагууд дотоодын зах зээлд төгрөгийн бонд гаргах зохицуулалт хийжээ. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк гэх мэт олон улсын банкууд манай улсад урт хугацаатай зээлийн санхүүжилтээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Олон улсын санхүүгийн байгууллагууд гадаад валютын эх үүсвэрээр төгрөгийн орлоготой төсөл санхүүжүүлэх тохиолдол бий. Энэ тохиолдолд ханшийн зөрүү гарч, зээлдэгчид дарамт болдог. Хэрэв олон улсын санхүүгийн байгууллагуудад төгрөгийн бонд гаргаад, түүгээрээ санхүүжилт хийвэл ханшийн зөрүүнээс дарамт үүсэхгүй юм.    

Ийм нэгэн зүйл. Банкнаас үнэт цаасны зах зээлд хадгаламжийн сертификат гаргах эрхийг нээв. Хуульд “хадгаламжийн бичиг” гэж хадгаламжийн бичиг гаргагч /депозитор/ суурь үнэт цаасыг үнэт цаасны хадгаламж /кастодиан/-ийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад хадгалуулсны үндсэн дээр өөр улсын үнэт цаасны зах зээлд арилжих зорилгоор гаргасан үнэт цаасыг хэлнэ гэж тусгажээ. Тэгэхээр банк хадгаламжийн сертификатаа кастодиан банканд хадгалуулаад, гадаадын хөрөнгийн зах зээлд арилжих санхүүжилт татах боломжтой болсон гэсэн үг. “Голомт капитал” компанийн Хууль, эрсдэлийн газрын захирал Б.Ган-Эрдэнэ “Хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээлд арилжих боломж бүрдсэнээр хөрвөх чадвар сайжрах, хадгалах, арилжаалах хэлбэр нь биет бус хэлбэртэй болох давуу талтай” гэжээ. 

Дахин нэгэн зүйл. Санхүүгийн зохицуулах хороо хувьцааны хамтын санхүүжилтийг зохицуулах эрхгүй байсан. Тэгвэл хуульд тусгаж, холбогдох журмыг боловсруулснаар хөрөнгө оруулалт татах энэ төрлийн аргыг зохицуулалттай болгох нь. Үнэт цаасны тухай хуульд “хувьцааны хамтын санхүүжилт” гэж гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч тусгай программ хангамжаар дамжуулан өөрсдийн бизнесийн төсөл, хөтөлбөрөө хөрөнгө оруулагчид танилцуулж, хувьцаагаа санал болгох замаар санхүүжилт татах үйл ажиллагааг хэлнэ гэсэн агуулгатайгаар тусгажээ. Хувьцааны хамтын санхүүжилт нь шаардлагатай хөрөнгөө олон хүн, аж ахуйн нэгжээс богино хугацаанд, олон бичиг баримт бүрдүүлэхгүйгээр цахим орчин ашиглан татдагаараа онцлогтой. 

Давхар нэгэн зүйл. Үнэт цаас зээлэх, зээлдүүлэх зохицуулалтыг Санхүүгийн зохицуулах хороо хуульд тусгаж, журмыг нь батлуулахаар болсон. Хөрөнгийн зээлээс хувьцаа эзэмшигч ногдол ашиг, ханшийн өсөлтөөс ашиг олдог байсан. Харин нэг нэгэндээ хувьцаа зээлдүүлж арилжих эрхийг нээснээр ханшийн уналтаас ашиг олох боломж бүрдэж буй юм. Арилжаачин өөрт байхгүй хувьцаагаа бусдаас зээлж борлуулаад, хэсэг хугацааны дараа ханш нь унахаар эргүүлж худалдаж аваад зээлсэн хувьцаагаа төлөхөөр ашиг олох нь тодорхой. Жишээ авч илүү ойлгомжтойгоор тайлбарлая. Таны нэгж 100 мянган төгрөгийн ханштай байгаа 10 ширхэг хувьцааг найз чинь хагас жилийн хугацаатай зээлж авчээ. Тэгээд нэг сая төгрөгөөр зарсан. Зургаан сарын дараа мөнөөх хувьцааны ханш 70 мянган төгрөг унав. Тэгвэл найз чинь зургаан сарын дараа таны 10 ширхэг хувьцааг 700 мянган төгрөгөөр худалдаж аваад танд эргүүлэн өгөх нь байна. Энэ тохиолдолд найзад чинь 300 мянган төгрөгийн ашиг унаж байгаа юм. 

Т.Энхбат