"Сэндли ББСБ" хөрөнгийн захаас 10 тэрбум төгрөг босгох нь

  • 2024/08/01 13:54

"Сэндли ББСБ" ХК-аас олон нийтэд санал болгож буй "Сэндли бонд 2.0" анхдагч зах зээлийн арилжааг өнөөдөр эхлүүллээ. Арилжааны нээлтийн арга хэмжээнд Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, “Өлзий энд ко капитал ҮЦК" ХХК-ийн захирал Б.Өлзийбаяр, "Голомт капитал ҮЦК" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-эрдэнэ, "Райнос инвестмент ҮЦК" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Т.Хулан нар оролцож үг хэлсэн бол "Сэндли ББСБ" ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат Монголын хөрөнгийн биржийн энэ удаагийн арилжааг нээж, хүндэтгэлийн цан цохилоо.


Цан цохих ёслолын арга хэмжээг нээж Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр Монгол Улсын банк, санхүүгийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, зах зээлийн эргэлтэд өөр өөрсдийн оролцоог бэхжүүлж яваа цөөнгүй байгууллага Монголын хөрөнгийн биржээр дамжуулж бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд санал болгодог. Эл үйл явц нь харилцагч талуудын санхүүгийн нөхцөл байдлыг дээшлүүлэх, ашиг орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийн хүртээмж, үр өгөөж нэмэгдэхэд тодорхой нөлөө үзүүлдэг. Тэдгээрийн дундаас 2015 онд байгуулагдсан цагаасаа санхүүгийн хүртээмжтэй үйлчилгээг олон нийтэд түргэн шуурхай хүргэж ирсэн “Сэндли ББСБ”-ын хамт олон өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж, 2022 онд хувьцаагаа олон нийтэд санал болгож анхдагч зах зээлийн арилжаагаанд нийт 3,325 хөрөнгө оруулагчын 11.5 тэрбум төгрөгийн захиалга хүлээн авч, нийт татан төвлөрүүлэх хөрөнгийн дүн нь 15.2 хувиар давж байсан. Тус компани нь Монголын хөрөнгийн бирж дээр 2023 оны нэгдүгээр сарын 25-нд “Сэндли Бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг олон нийтэд нээлттэй санал болгож 8.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн байна. Бонд буюу өрийн бичиг нь тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн тогтмол орлоготой эрсдэл багатай үнэт цаас юм" гэв. 

"Сэндли ББСБ" ХК-ийн нийтэд энэ удаа санал болгож буй “Сэндли бонд 2.0" нь 24 сарын хугацаатай, 18.5 хувийн хүүтэй 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй аж. Нийт 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа агаад өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнөөдрөөс эхлэн ирэх 7-ныг дуустал Монголын хөрөнгийн биржийн арилжааны системээр дамжуулж хүлээн авах юм. Бонд гаргах андеррайтераар “Өлзий энд Ко капитал ҮЦК”, "Голомт капитал ҮЦК", "Райнос инвестмент ҮЦК" компани ажиллажээ.