"Ашид капитал" компанийн бондын арилжааг эхлүүллээ
- 2024/06/08 16:46
“Ашид капитал ББСБ” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх цан цохих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, “Ашид капитал ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Батжаргал, “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ болон холбогдох бусад хүмүүс оролцов.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Манай улсын хөрөнгийн зах зээл идэвхжиж олон шинэ бүтээгдэхүүн ар араасаа гарч байна. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 11.8 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 80.7 хувиар өссөн бөгөөд ДНБ-ний 17.1 хувьтай тэнцэж байна. Мөн компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 42.56 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.58 дахин өссөн үзүүлэлт юм. Сүүлийн жилүүдэд банк бус санхүүгийн байгууллагууд бирж болон биржийн бус зах зээлд дээр бонд гаргаж санхүүжилт татах нь нэмэгдсэн. Ялангуяа сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ББСБ-аас гаргасан бондоор татсан санхүүжилтийн хэмжээ бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөд эзлэх хувь хэмжээ нь тав дахин нэмэгдсэн нь манай хөрөнгийн зах зээл хэрхэн идэвхжиж, улс орны эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь өсөж байгаагийн тод илэрхийлэл юм. Мөн энэ нь хөрөнгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, үнэт цаас гаргагчид, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүн гэдгийг хэлэхийг хүсэж байна. “Ашид капитал ББСБ” ХХК нь дотоодын санхүүгийн зэрэглэл тогтоогч компаниар зэрэглэл тогтоолгож, аливаа барьцаагүйгээр бонд гаргах замаар санхүүжилт татсан анхны компани билээ. Өнгөрсөн онд анхны зээлжих зэрэглэлтэй бондыг зах зээлд санал болгож амжилттайгаар хөрөнгө татан төвлөрүүлсэн бол өнөөдрийн зах зээлд санал болгох гэж буй энэхүү бүтээгдэхүүн нь мөн адил дотоодын зэрэглэл тогтоох компаниар зэрэглэл тогтоолгосон бонд юм. Ингээд хөрөнгийн зах зээл дээр шинэ төрлийн бүтээгдэхүүн дахин нэгээр нэмж байгаа компанийн хамт олонд амжилт хүсье” гэлээ.
Тус компанийн олон нийтэд санал болгож буй энэхүү бонд нь 18 сарын хугацаатай, 18 хувийн хүүтэй 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй ба нийт 20 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх юм байна.