Банкны IPO-1: Сайн засаглалын төлөөх төмөр нударга

  • 2024/04/15 15:50


ХААН банк Монголын хамгийн өндөр үнийн дүнтэй IPO-г хийгээд удаагүй байна. Монголын хөрөнгийн бирж 30 гаруй жилийн түүхэндээ анх удаа олон нийтээс 189 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх анхдагч зах зээлийн арилжааг гүйцэтгэв. Монгол Улсын хамгийн том банк нийт хувьцааныхаа 10 хувийг олон нийтэд санал болгож дээрх хэмжээний мөнгийг татан төвлөрүүлсэн юм.

ХААН банкны нийт актив 15 их наяд төгрөг. Энэ нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэг буюу 25 хувьтай тэнцэх үзүүлэлт. Зөвхөн энэ л үзүүлэлт нь санхүүгийн систем, түүн дотроо банкны засаглалыг сайжруулах, баялгийн тэгш бус байдлыг бууруулах нь түүхэн ач холбогдолтойг харуулж байна.

Монголын хамгийн том банк хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах болсон шалтгааныг бид мэднэ. Төр төмөр нударгаа харуулан, хууль баталж, банкуудыг хувьцаат компани болгон шинэчлэх бодлого баримталж буй. Энэ хүрээнд санхүүгийн системийн нөлөө бүхий таван том банкийг хувьцаат компани болгох үүрэг ногдуулсан. Цаашлаад нэг хөрөнгө оруулагч, эсвэл нэгдмэл сонирхолтой этгээдүүд нийлээд тухайн банкны хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглохоор хуульчилсан нь санхүүгийн салбарын шинэчлэл, баялгийн тэгш бус байдлыг бууруулах гол цөм ажлын нэг юм. Шинэчлэх шийдвэрийн дагуу системийн таван банк өнгөрсөн оны зургаадугаар сарын 30-н гэхэд хувьцаагаа олон нийтэд арилжсан байх ёстой байв.

Монголбанкнаас активын чанарыг нь үнэлүүлж дууссаны дараа олон нийтэд хувьцааг нь арилжих шийдвэр гаргаснаар банкууд хуулиар тогтоосон хугацаанд IPO хийж амжихааргүй нөхцөл үүссэн. Тиймээс УИХ-аас Банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд заасан хугацааг 2023 оны зургаадугаар сарын 30-н хүртэл хойшлуулсан юм.

Тэгэхээр хуульд зааснаар системийн банкууд болох ХААН, “Голомт”, “Хас”, Худалдаа хөгжлийн болон Төрийн банк дээрх хугацаанд амжиж IPO хийсэн байх шаардлагатай. Одоогоор ХААН, “Голомт”, Төрийн банк олон нийтэд хувьцаагаа арилжаад байна. Системийн гэх тодотголтой, үлдсэн хоёр банк сар хагасын хугацаанд хувьцаагаа олон нийтэд арилжих үүргээ биелүүлэх ёстой.

Дараа нь арилжааны дөрвөн том банк Банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн тавдугаар зүйлд тусгасанчлан 2023 оны арванхоёрдугаар сарын 31-н гэхэд хувьцааныхаа төвлөрлийг задалж, нэг хөрөнгө оруулагч, нэгдмэл сонирхолтой этгээдүүд нийлээд тухайн банкны хувьцааны 20-иос доош хувийг эзэмшдэг болсон байх учиртай. Тодруулбал, ирэх жилээс нэг гэр бүл, бизнесийн бүлэглэл аль нэг банкны дийлэнх хувьцааг эзэмшиж, өөрсдийн зоргоор шийдвэр гаргадаг явдал зогсоно гэсэн үг. Банкууд IPO хийж дууссаны дараа хувьцааных нь төвлөрлийг задлах тухай сэдэв санхүүгийн зах зээлийнхэн төдийгүй төр, засгийнхны ч анхаарлын төвд байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Дээр дурдсан, хувьцаагаа олон нийтэд санал болгох үүрэг хүлээсэн банкуудаас “Хас”, Худалдаа хөгжлийн банк л үлдсэн. Эдгээр банк хувьцаагаа олон нийтэд арилжих зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авчээ. Худалдаа хөгжлийн банкны IPO ХААН-ынхтай давхацсан учраас хойшлуулсан. Тус банк ирэх өдрүүдэд анхдагч зах зээлийн арилжаагаа хийх нь. Харин “Хас” банкныхан ирэх сард анхдагч зах зээлийн арилжаагаа хийх болов уу. “Хас” хувьцааны төвлөрөл хамгийн багатай агаад засаглал сайтай банк. Тус банканд хувьцааных нь 20-оос дээш хувийг эзэмшигч байхгүй. Тиймээс энэ нь яарахгүй байх шалтгаан болж буй гэх эх сурвалж таарлаа. Банкны тухай хуульд банк нь толгой компанигүй байхаар нэмэлт, өөрчлөлт оруулсан. “Хас” банк “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийн 100 хувийн эзэмшилд үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэгэхээр “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ээс өрх тусгаарлах үйл явц нэлээд цаг авсан болов уу гэж хөндлөнгөөс дүгнэж байна.

Шинэчлэх бодлогын хүрээнд хийж буй банкны IPO санхүүгийн зах зээлд хоёр дэвшил авчирна. Эхлээд хөрөнгийн зах зээлийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг шинжье. IPO хийсэн гурван банкны зах зээлийн нийт үнэлгээ одоогоор 3.6 их наяд төгрөг байна. “Хас”, Худалдаа хөгжлийн банк хувьцаагаа олон нийтэд худалдсаны дараа нийт үнэлгээ нь таван их наяд төгрөгт хүрэх боломжтой. Тэгэхээр банкны шинэчлэлийн бодлого хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хоёр дахин өснө гэсэн үг. Системийн таван банк олон жил дараалан чамгүй өндөр ашигтай ажиллаж ирсэн. Ашигтай ажиллаж буй компанийн хувьцааны ханш өсдөг, ногдол ашиг тараах нөхцөл бүрддэг. Тиймээс хөрөнгийн зах зээлд сайн бүтээгдэхүүн гаргасан гэж ойлгож болно. Одоо банкны системд, цаашлаад улс орны эдийн засагт ямар нөлөөтэйг шинжье. Хувьцаат компани ил тод, нээлттэй, хөрөнгө оруулагчдадаа байнга үнэн зөвөөр тайлагнаж байх үүрэг хүлээдэг. Үүгээр зогсохгүй мэргэжлийн олон оролцогч удирддаг учраас засаглал нь сайжирдаг. Сайн засаглалтай, ил тод, нээлттэй байх нь алдаа дутагдал гаргахаас сэргийлдэг. Тэгэхээр тухайн банкны үйл ажиллагаа тогтвортой байна гэсэн үг. Санхүүгийн систем тогтвортой байвал эдийн засгийн өсөлтөд бодитой нөлөө үзүүлнэ. Төв банкныхан банкуудыг хувьцаат компани болгосноор урт хугацаанд зээлийн хүүг бууруулах ч нөлөөтэй гэж үзэж буй.

Нөгөөтээгүүр, банкны гол хөрөнгө оруулагчид буюу эзэд хөрөнгө хуримтлуулж, уул уурхай, үйлдвэрлэл гэх мэт бусад томоохон салбарт бизнес эхлүүлсэн байх зүй тогтол Монголд ажиглагддаг. Тиймээс олон нийтийн дунд банк байгуулсан хүмүүс баяжсан, нийгмийн баялгийн өгөөжийг илүүтэй хүртсэн гэх ойлголт бий. Банкууд хувьцаат компани болсон нь нэг талаар нийгмийн баялгийн өгөөжийг тэгш хүртээж буй хэлбэр юм. Иймээс Зүүн Европын, ялангуяа шинээр зах зээлийн эдийн засагт шилжсэн орнууд банк үүсгэн байгуулахдаа заавал хувьцаат компанитай хэлбэртэй байхаар хуульчилжээ. Мөн Скандинавын орнууд болон Австри, Германд ийм эрх зүйн зохицуулалт үйлчилдэг аж.

Манай улс зах зээлийн нийгэмд шилжиж, хоёр шатлалт банкны тогтолцоо бүрдүүлснээс, өөрөөр хэлбэл, арилжааны банк байгуулах эрхтэй болсноос 30 гаруй байгуулжээ. Гэвч дийлэнх нь дампуурсан. Банкууд дампуурсан гол шалтгаан нь ил тод, нээлттэй байдал дутсан, хувьцааны хяналтын багцыг нь эзэмшигчид нь хулгай, хуудуутай үйл ажиллагаа явуулж, банкийг хувийн эрх ашигтаа үйлчлүүлснээр төлбөрийн чадваргүй болгосонд байдаг. Улмаар итгэж мөнгөө хадгалуулсан олон иргэн, байгууллага хохирдог. Үүний хамгийн сүүлийн тодорхой жишээ “Капитал” банк юм. Энэ банканд ил тод байдал дутаж, голлох хөрөнгө оруулагч болох “Бишрэлт” группийн эздийн буруутай үйл ажиллагааны улмаас олон иргэн, байгууллага 200-300 тэрбум төгрөгөөр хохирчхоод байна.

Хэрэв системийн том банк дампуурвал Монголын эдийн засаг хүчтэй доргих болно. Иймээс банкуудыг хувьцаат компани болгож, олон нийтийн хяналтад оруулах, хувьцааных нь төвлөрлийг задлах шинэчлэлийг дэмжих хэрэгтэй. Дээр дурдсанчлан системийн таван банк бүгд IPO хийсний дараа хувьцааных нь төвлөрлийг задлах үйл явц олны анхаарлыг татаад зогсохгүй, Монголын эдийн засгийг “эрүүлжүүлэх” чухал үйл явдал болох учиртай. Энэ тухай “Банкны IPO-2”-т дэлгэрэнгүй хөндье.

(ikon.mn цахим хуудсанд 2023 онд нийтлэгдсэн болно)

Т.Энхбат