Саудын Араб хиймэл оюуны ухааны хөгжилд мөнгөө цутгаж байна

  • 2024/04/30 17:34

Газрын тосноос хараат эдийн засгаа солонгоруулах зорилготой Саудын Араб хиймэл оюуны ухааны салбараар дэлхийд тэргүүлэгчдийн нэг болохоор асар их хөрөнгө хаяж байна.  Өнгөрсөн сард дэлхийн технологийн аварга том компанийн удирдлагууд бараг бүгдээрээ Саудын Арабын Риад хотноо цугларч, энэ улстай “насан туршийн түншлэл” тогтоож буйгаа ээлж дараалан мэдэгдсэн юм.  

“Ирээдүй өөд” уриатай технологийн салбарынхны асар том чуулганыг зохион байгуулж, 200 мянга шахам төлөөлөгчид оролцсоны дунд “Amazon”, “Google”, “IBM”, “TikTok” зэрэг компанийн удирдлагууд байсан бөгөөд 10 тэрбум ам.долларын гэрээ хэлэлцээ хийгээд явсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал, “Amazon” компанийн үүлэн технологийн хэлтсийн гүйцэтгэх захирал Адам Селипски хиймэл оюун ухаан хөгжүүлэх болон шинээр дата төвүүдийг байгуулах 5.3 тэрбум ам.долларын өртөгтэй төсөл Саудын Арабад хэрэгжүүлэхээр болсноо зарласан. “IBM” компанийн гүйцэтгэх захирал Арвинд Кришна насан туршийн нөхөрлөл эндээс эхэллээ гэж мэдэгдсэн бол “TikTok”-ийн гүйцэтгэх захирал Шоу Чиу “Энэ агуу улсад илүү их хөрөнгө оруулна гэж итгэж буй”-гаа хэлсэн юм.

Хиймэл оюун ухаан болон бусад технологийг хөгжүүлэх зорилготой 100 тэрбум ам.долларын санг байгуулаад байгаа Саудын Арабтай найзархахыг технологийн аваргуудаар зогсохгүй гарааны компаниуд ч хүсч байгаа юм. Саудын Арабын хувьд өсөх ирээдүйтэй гарааны компанийг өөрийн нутаг дэвсгэр дээр бойжуулан, тэдний хөгжүүлэх технологийн үр шимийг хүртэх сонирхолтой байгаа. Энэ зорилгоор тэд Цахиурын хөндийгөөс санаа авсан гарааны бизнесийн хөгжлийг хурдасгах  нэг тэрбум ам.долларын “GAIA” хөтөлбөрийг эхлүүлсэн.  

Хиймэл оюун ухааны технологиор дагнасан гарааны бизнесүүдийг Риад хотноо урьж, эхний ээлжинд гурван сар энэ хотод ажилласны хариуд тус бүр 40 мянган ам.долларын тэтгэлэг олгоод байна. Түүнчлэн амжилттай ажиллаж буй гарааны бизнесүүдэд нь 100 мянган ам.долларын хөрөнгө оруулах ч боломжтой гэж амлажээ. Үүний хариуд гарааны бизнесүүд Саудын Арабд компаниа бүртгүүлж, тэтгэлгийнхээ 50 хувийг энэ улсад зарцуулах ёстой аж. Одоогийн байдлаар Тайвань, Өмнөд Солонгос, Швед, Польш, АНУ гээд олон улс орны 50 гаруй гарааны бизнес энэ хөтөлбөрт хамрагджээ.  

Дэлхийн технологийн салбарын шилдгүүд болон шинэ бизнесүүдийг ийнхүү Саудын Арабын нутаг дэвсгэрт татан төвлөрүүлж, тэдний мэдлэг чадвар, авьяасыг өөртөө үлдээх гэж хичээж буй үндсэн зорилго бол газрын тосноос хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэх юм. “Бидэнд мөнгө байна. Хэрвээ та нар бидний мөнгийг хүсч байвал манайд ажилла” гэдэг саналыг тэд тавьж байна.

Саудын Арабын “Алсын хараа 2030” хөтөлбөрийг санаачилсан угсаа залгамжлах хунтайж Мухаммед Бин Салман хаан ширээг залгамжлах үед технологийг дэмжин хөгжүүлэх энэ үйл явц бүр эрчимжиж, дэлхийд технологиор тэргүүлэгч төв болно гэж судлаачид төсөөлөж буй. 

Тэр бүү хэл Саудын Арабын нутаг дэвсгэрт өрнөх технологийн их хөгжилд АНУ, Хятадын аль нь их нөлөөтэй байх вэ гэдэг асуулт ч одооноос яригдаж эхэлжээ. Тухайлбал, Хятадын технологийн компаниуд, судлаачид Саудын Арабт олноороо ирж, энэ улстай нягт холбоо харилцаатай болох вий гэсэн болгоомжлол Цагаан ордонд байгаа гэж “Нью-Йорк Таймс” сонинд бичжээ. 

Персийн булан бол Хятадын хувьд том зах зээл. Нөгөө талаас хиймэл оюуны талбарт дэлхийд тэргүүлэх сонирхол Хятадад ч байгаа нь гарцаагүй. Тийм ч учраас KAUST буюу Абдулла хааны нэрэмжит Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр хэрэгжиж буй хиймэл оюун ухааны судалгаанд Хятадын судлаач, оюутнууд маш идэвхтэй гар бие оролцож байгаа аж. Тэр дунд Хятадын батлан хамгаалах чиглэлийн сургуулиас судлаач оюутнууд олноор KAUST сургуулийг зорьж байгаа гэнэ. 

Бүс нутгийнхаа хэмжээнд хамгийн хурдан супер компьютерийг бүтээх зорилготой байгаа энэ сургууль зөвхөн судалгааны ажилд шаардлагатай чипийг худалдан авахад 100 сая ам.доллар зарцуулжээ. Өөр ямар ч сургууль ийм хэмжээний мөнгийг технологийн хөгжилд зориулаагүй байгаа юм. Тийм ч учраас KAUST одоо салбарынхаа шилдэг судлаач эрдэмтдийг соронз шиг татаж, тэр хэрээр Саудын Араб технологийн хөгжлийн төв цэг болох зорилго руугаа урагшилсаар байна.  

 Б.Сэвжидмаа