“TikTok”-ийг хэн авах вэ

  • 2024/04/27 21:08

Хятадын “ByteDance” компани АНУ-ын эрх баригчдын тавьсан шаардлагын дагуу өөрийн эзэмшдэг “TikTok”-ийг зарах уу, эсвэл АНУ-д энэ сүлжээг бүрмөсөн хаах уу гэдэг асуулт өнөөдөр мэдээлэл технологийн ертөнцөд хамгийн их анхаарал татаж байна. Хятадын компани гэдэг шалтгаанаар Америкийн эрх баригчид “TikTok” нийгмийн сүлжээг 12 сарын дотор өөр эзэмшигчтэй болохыг шаардсан эрх зүйн актыг баталж, Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн лхагва гарагт гарын үсэг зурсан. 

Хэрэв тэдний шаардлагын дагуу “TikTok”-ийн эзэмшигч солигдохгүй бол АНУ-д тус сүлжээ хаагдаж, 170 сая хэрэглэгчээ алдахад хүрнэ. Эгзэгтэй шийдвэрийн өмнө ирсэн “ТikTok”-ийн гүйцэтгэх захирал Шоу энэ шийдвэрийн эсрэг тэмцэнэ, АНУ-ын Үндсэн хууль бидний талд байна гэж өчигдөр мэдэгдсэн ч олон нийтийн дунд “TikTok”-ийг хэн авах бол гэсэн яриа аль хэдийнэ гараад байна. 

Дэлхийд өнөөдөр 30-аас доош насны 10 хүн тутмын 6 нь ашиглаж буй “TikTok”-ийн алгоритм технологийн компаниудын сонирхлыг татах нь зүй ёсны хэрэг. Хэрэглэгчийнхээ сонирхол, дадал зуршилд нийцсэн богино дүрс бичлэгүүдийг ар араас нь санал болгохдоо тэдний анхаарлыг сарниулахгүйгээр татаж чаддаг алгоритм бол TikTok-ийн хамгийн үнэ цэнэтэй баялаг. Энэ алгоритмын тусламжтайгаар тус компанийн зах зээлийн үнэлгээ 100 тэрбум ам.долларт хүрнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Хэрэв энэ алгоритм үгүй бол “TikTok” ихдээ 30-40 тэрбум ам.долларын үнэлгээтэй гэж судлаачид үнэлж байгаа юм. Тиймээс ч энэ алгоритм TikTok-ийг эзэмшигч “ByteDance” компани болон Хятадын хувьд алдаж болохгүй технологи. Тэр хэрээр АНУ-ын технологийн аварга том компаниудын сонирхлыг ч татаж байгаа.

Гэхдээ “ByteDance” компани “TikTok”-ийг зарахаар шийдлээ гэхэд түүнийг авахаар горилогчид нь асар их бэл бэнчинтэй байх шаардлагатай. Учир нь зах зээлийн үнэлгээгээр бол 100 тэрбум ам.долларыг санал болгох хэрэгтэй болж байгаа юм. Ийм хэмжээний бэнчинтэй компаниуд АНУ-д цөөнгүй бий. Жишээлбэл, “Meta”, “Google”, “Microsoft”, “Amazon” зэрэг технологийн аваргууд TikTok-ийг сонирхох нь гарцаагүй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байна. Гэхдээ тэднээс  аль нь авах боломжтой вэ гэдгийг нэг бүрчлэн дэнслэн үзвэл “Microsoft”-оос бусад нь бараг боломжгүй гэж CNN-д бичжээ. 

Учир нь “Meta” компани “WhatsApp” болон “Instagram”-ийг худалдан авсан нь хууль зөрчсөн гэдэг маргаан одоо хүртэл АНУ-ын шүүх дээр үргэлжилж байгаа. “Google” ч мөн адил Хууль зүйн яамны эсрэг хоёр ч зарга үүсгэсэн явж буй. Харин саяхан шүүх дээр заргаа авсан “Microsoft” компани TikTok-ийг худалдан авах хэлэлцээрт орох боломжтой өрсөлдөгч байж болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мэргэжилтнүүдэд зориулсан “LinkedIn” сүлжээг эзэмшдэг энэ компани “TikTok” шиг шинэлэг алгоритмыг өөрийн болгож магадгүй юм гэсэн таамаг байна.  

Гэхдээ “ByteDance” компани TikTok-ийг зарах шийд гарсан тохиолдолд эдгээр таамаг цааш үргэжлэх боломжтой. Түүнээс наана “ByteDance” компани өөрийн алтан алгоритмаа америкчуудад алдахын оронд сүлжээгээ хаахыг илүүд үзэх байх гэсэн өөр нэг таамаг хүчтэй яригдаж байна. Учир нь "TikTok"-ийн өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тав орчим хувь нь америкчууд байдаг бөгөөд өнгөрсөн оны нийт орлогын 25 орчим хувь нь АНУ-аас орж иржээ. "TikTok"-ийн хамгийн идэвхтэй хэрэглэгчид болоод орлогын гол эх үүсвэр нь Хятад учраас АНУ-д сүлжээгээ хаалаа гэхэд ноцтой нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байгаа аж. 

“ByteDance” компанийн санхүүгийн тайлан мэдээ нь нээлттэй биш учраас хэвлэлүүд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлж чаддаггүй ч, 2022 онд 80 тэрбум ам.доллар байсан компаний ашиг орлого 2023 онд 120 тэрбум болж өссөн гэдэг дүн байна. 

Тус компанийг Хятад эзэмшигчтэй учраас мэдээллийн аюулгүй байдлын үүднээс Америкийн эрх баригчид хориг тавиад байгаа ч “ByteDance”-ийн бүтэц нэлээн ярвигтай гэж “Associated Press” мэдээлсэн. Тус компани Бээжинд үйл ажиллагаа явуулдаг ч Кайманы арлуудад бүртгэлтэй аж. Компанийн 60 хувийг “Susquehanna International Group”, “Carlyle Group”, “General Atlantic” зэрэг олон улсын хөрөнгө оруулагч эзэмшдэг бол 20 хувийг нь “ByteDance”-ийн ажилтнууд өөрсдөө, үлдсэн 20 хувийг үүсгэн байгуулагч хятад бизнесмэн Жан Йемин эзэмшдэг байна.