Лондон хотын захирагч Супер Боулыг амлав
- 2024/04/29 13:50
Английн Лондон хотын захирагчийн сонгууль тавдугаар сарын 2-нд болно. Одоогийн захирагч Садик Хан сонгуульд дахин ялвал NFL буюу америк хөлбөмбөгийн шигшээ тоглолтыг Лондонд зохион байгуулна гэж амлажээ. Үүгээр ч зогсохгүй NBA болон мэргэжлийн бөхийн тулааныг ч хотын иргэдэд үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Хөдөлмөрийн намаас хотын даргад нэр дэвшиж сүүлийн долоон жил уг албанд ажилласан С.Хан Лондоныг дэлхийн спортын нийслэл гэж нэрлээд 2040 оны олимпын эрхийн төлөө ч санал өгөх боломжтой гэж Х платформд бичжээ.
Лондонд 2007 оноос хойш NFL-ийн улирлын тоглолт зохион байгуулж буй ч шигшээ тоглолт буюу Супер Боул АНУ-аас өөр газар болж байгаагүй. Тус лигийн комиссар Рожер Гүүдел өнгөрсөн хоёрдугаар сард өгсөн ярилцлагадаа ирэх 10 жилдээ багтаж өөр улсад шигшээ тоглолтоо хийх талаар судалж байгаагаа ярьж байв. Лондон хотод 2012 оны зуны олммп болсон билээ. Харин NBA-гийн улирлын тоглолт 1993 онд анх болж байсан бөгөөд хамгийн сүүлд 2019 оны улирлын тоглолт болсон билээ.
Америк хөлбөмбөгийн мэргэжлийн лиг болох NFL сүүлийн үед Европын үзэгчдэд зориулсан хөтөлбөр гаргах болсон билээ. Тэд Их Британи, Герман, Испанид улирлын өмнөх тоглолт зохион байгуулж буй. Харин энэ жил Бразилын Сао Паоло хотод улирлын тоглолт хийхээр товлосон байна.
Т.Цэгц