Кэйтлин Кларкийн үлэмж гэрээ WNBA-гийн ирээдүйд нөлөөлөх үү
- 2024/04/29 13:25
Эх сурвалж: www.sneakers.com
WNBA буюу Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн эмэгтэй лигт Кэйтлин Кларк шинээр элссэн. Коллежийн сагсан бөмбөгт байхаасаа л олны анхааралд өртсөн түүний ачаар шигшээ тоглолтыг үзэгчдийн тоогоор рекорд тогтоосон юм. Айвоа болон Өмнөд Каролинагийн тоглолтыг 18.7 сая хүн дэлгэцээр шууд үзсэн баримт бий.
Үүний дараа К.Кларк WNBA-д нэрээ дэвшүүлсэн. Улмаар "Индиана Феверс" багийн тоглогч болсон билээ. Шинэ тоглогчийн эхний улирлын цалин 77,000 "ногоон"-оос хэтрэхгүй. Түүнийг өнгөрсөн хоёрдугаар сарын дундуур NBA-гийн бүх оддын тоглолтын үеэр томоохон пүүз үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл уулзсан юм. Тухайлбал, "Puma", 'Nike', ''Adidas' болон "Under Armour" компани санал тавьжээ.
"Adidas" брэндийн төлөөлөгчид цахимаар саналаа танилцуулсан юм. Тус компанийн төлөвлөгөө К.Кларкт таалагдсан ч дөрвөн жилийн зургаан сая.ам долларын гэрээ санал болгосон нь татгалзахад хүргэжээ. Харин "Under Armour" дөрвөн жилийн 16 саяын гэрээг санал болгожээ. Гэхдээ "Nike" брэнд найман жилийн 24 саяын гэрээгээр түүнийг багтаа авчээ. Түүний шинэ гэрээ 2032 оны Брисбэний олимп дуустал үргэлжлэх аж. "Nike" компаниас мөн нэрийн пүүз гаргах санал тавьсан юм.
WNBA-гийн түүхэнд пүүзний брэндтэй гэрээ байгуулсан гурав дахь, харин нэрийн брэндээ гаргаж буй хоёр дахь тоглогч нь К.Кларк болж буй юм. Түүнээс өмнө Сабрина Ионеску "Nike" брэндтэй мөн найман жилийн 24 сая ам.долларын гэрээ байгуулсан билээ. Харин С.Ионескугийн багийн хамтрагч Браэнна Стюварт "Puma"-тай гэрээ байгуулсан юм.
К.Кларкийн гэрээ WNBA-д санхүүгийн дарамт болж буйг онцолжээ. Лигийн ихэнх тоглогчид хагас сая ам.доллар хүрэхгүй цалин авдаг билээ.
Т.Цэгц