"Парис 2024" олимпын үеэр 0.0 градустай шар айргаар амны цангаагаа тайлна
- 2024/04/29 13:26
Олон улсын олимпын хороо (ОУОХ) түүхэндээ анх удаа шар айраг үйлдвэрлэгч компанитай хамтрахаар болсон билээ. Тодруулбал, энэ оны эхээр "Anheuser-Busch InBev" компанитай 2028 оны зуны олимп хүртэл гэрээ байгуулсан юм. Бельги, Бразилын үндэстэн дамнасан томоохон корпорац АНУ-ын "Budweiser", Мексикийн "Corona" зэрэг дэлхийд алдартай брэндийг үйлдвэрлэгч билээ.
Тус компанийн зүгээс Парисын олимпод зориулж 0.0 градустай шар айраг үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэхээр болжээ. Энэ талаар тус компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Кршан Маудгал "20-30 жилийн өмнө шар айрагт орсон архины агууламжийг нэмэх бодлого явж байсан бол бид энэ хандлагыг өөрчилж, багасгах зарчмаар ажиллаж байна" гэв.
Бельги улсад сүүлийн 20 жилийн хугацаанд шар айргийн хэрэглээ 40%-иар буурсан тул "хэрэглэгчдээ сонсох" шаардлагатай байгааг К.Маудгал онцолсон. Тиймээс "Corona Cero" буюу 0.0 градустай шар айргийн үйлдвэрлэлээ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэхээр төлөвлөжээ.
Спиртгүй шар айргийг анх худалдаанд гаргахад хэрэглэгчид нь жинхэнэ шар айргийн усан хувилбар гэж шоолж байсан ч зах зээл нь өсөхийн хэрээр үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ илүү амттай болгохын тулд их хэмжээний мөнгө зарцуулж буй юм. Ялангуяа спорт үзэгчдийн дунд спиртгүй шар айргийн борлуулалт өндөр байдаг аж.
Дэлхий даяар спиртийн агууламжгүй шар айраг, дарсны борлуулалт 13 тэрбум ам.долларт хүрсэн. Зөвхөн Европ тивд гэхэд гурван тэрбумд хүрсэн баримт бий. Буурал тивийн Испани, Германд "зеро" шар айргийн хэрэглээ үлэмж ихэссэн бол Францад ч сүүлийн 10 жилийн хугацаанд спиртгүй шар айраг сонирхогчдын тоо эрчимтэй нэмэгдэж буй юм.
Т.Цэгц