Олимпын медалийг мөнгөн урамшуулалтай болгох санааг Томас Бах шүүмжлэв
- 2024/04/29 13:53
Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (ОУХАХ)-ны тэргүүн Себастьян Коу "Парис 2024" олимпын алтан медаль хүртсэн хөнгөн атлетикийн тамирчдыг 50,000 ам.доллароор урамшуулах болсноо зарласан билээ.
Тодруулбал, нийт 48 төрөлд алтан медаль хүртсэн тамирчинд урамшуулал олгохоор 2.4 сая "ногоон"-ы шагналын сан бэлэн гэдгийг С.Коу ярьсан юм. Тэр ч бүү хэл 2028 оноос шагналын сан өсөж бусад медальтнуудад ч хүртээмжтэй болгохоор зорьж буйгаа мэдэгдсэн билээ.
Ингэснээр олимпын төрлүүдээс урамшуулалтай болж буй анхны холбоо болж буй. Гэвч энэ шийдвэрийг Олон улсын олимпын хороо (ОУОХ) таатай хүлээж авсангүй.
ОУОХ-ны тэргүүн Томас Бах энэ талаар байр сууриа тодорхой илэрхийлжээ. Тэрбээр "Спорт холбоод олимпын шагналын бодлогод санаа зовних бус олон улсад спортыг илүү хүртээмжтэй болгоход анхаарах хэрэгтэй. Олон улсын холбоод гишүүн байгууллагуудаа болон тамирчдаа тэгш эрхтэй, улс хоорондын чадварын ялгааг багасгах үүрэгтэй юм" гэж шүүмжилжээ.
Томас Бах 1976 оны олимпод туялзуур сэлэмний төрлөөр эх орондоо алтан медаль авчирсан гавьяатай нэгэн. Тухайн үед Германы Засгийн газраас мөнгөн урамшуулал авч байснаа хүлээн зөвшөөрсөн. Тамирчдыг санхүүгээр дэмжих бодлогыг дэмждэгээ илэрхийлдэг ч үүнийг олон улсын холбоод бус харин тухайн улсын Засгийн газрын шийдэх асуудал гэж үздэг аж.
С.Коугийн энэ алхмыг спортын ертөнцийг хоёр талцуулаад буй юм. Зарим нь олимпын медалийг мөнгөн урамшуулал дагалдах ёстой гэж үзэж байгаа бол эсэргүүцэгчид нь олимпын хөдөлгөөний үндсэн зарчмуудтай зөрчилдөж байна гэж тайлбарладаг.
Ирэх жил ОУОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сунгаанд өрсөлдөх магадлалтай хүний нэг нь С.Коу юм. Тиймээс тамирчдын дэмжлэгийг авах зорилгоор ийм шийдвэр гаргасан гэж шинжээчид таамаглаж байна.