“Амгалан дулааны станц”-ын хүчин чадлыг 116 МВт-аар нэмэгдүүлэв
- 2024/04/24 15:10
"Амгалан дулааны станц” ТӨХК-ийн өргөтгөлийг хүлээн авах ёслолын ажиллагаа 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд боллоо. Ёслолын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, дэд сайд М.Баярмагнай болон бусад хүндэт зочид оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр эрчим хүчний чөлөөт өрсөлдөөнийг дэмжих реформыг эрчимжүүлэхээ мэдэгдээд, “Улаанбаатар хотын түгжрэл, утаа, замбараагүй төлөвлөлтийн асуудал бол шөрмөс нь татаж агшсан мэт дэд бүтэцтэй салшгүй холбоотой. Үйлдвэрлэлийн үнээсээ хэд дахин хямд эрчим хүчний бодит өртгөө нууж, өнөөдрийн асуудлыг аргацааж хойш тавьсаар эрчим хүчний салбар эрчээ алдаж, хөгжлийн боломжийг гажуудуулсан гашуун үнэнийг бид одоо ил тод ярих цаг болсон. Манай улсын дулааны станцуудын насжилт 36-61 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 33-63 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссаныг одоо хэнээс ч нуух хэрэггүй. Тэгэхээр боомтыг сэргээсэн шиг, аялал жуулчлал шийдлээ олсон шиг, “E-Mongolia”-г энгийн хэрэглээ болгосон шиг бид одоо эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон. Засгийн газраас Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, Богд уулыг тойрсон шинэ төлөвлөлтийн шийдэл гаргаж байгаа учраас эрчим хүчний салбарт онцгой анхаарна” гэлээ.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” түүний дотор Эрчим хүчний сэргэлтийн зорилтод “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-ын хүчин чадалтай нэг зуухаар өргөтгөх төсөл багтаж байсан юм. Тус станц өөрийн болон Монгол Улсын Хөгжлийн банкны нийт 65.6 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн уг төслийн барилга угсралтын ажлыг 2022 оны зургадугаар сард эхлүүлсэн бөгөөд төлөвлөсөн хугацаанаас дөрвөн сарын өмнө ашиглалтад оруулж буйгаараа онцлогтой.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хунан индустриал экүйпмент инсталэйшн” компани шалгаран ажилласан. Уг компани Монгол Улсын эрчим хүчний салбарт "ДЦС-3"-ын 50 МВт-ын өргөтгөл, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 МВт-ын өргөтгөлийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай.
Энэхүү бүтээн байгуулалт нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай дэвшилт технологийг шингээсэн. Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг болон Улиастай орчмын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангана. Мөн дараах давуу талууд үүсэж байна. Үүнд:
• “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал/цагаар нэмэгдсэн
• Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн дахин төлөвлөлтөөр баригдах 12.000 айлын орон сууцны шинэ хороолол, 14 сургууль, цэцэрлэг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдоно
• Зуухнаас гарах хаягдал үнсийг үнсэн санд хаях ажиллагааг зогсоож, дүүргэгч бодисоор бетон зуурмагийн үйлдвэрүүдэд түүхий эдийн зориулалтаар нийлүүлнэ
• 40 гаруй нам даралтын халаалтын зуухны үйл ажиллагааг зогсоож, агаар орчны бохирдлын хэмжээг бууруулна
• Нүүрс хадгалах 10 мянган тоннын багтаамжтай агуулах баригдаж, хүрээлэн буй орчныг бохирдуулахгүй хадгалагдах нөхцөл бүрдсэн
• Өргөтгөлийн хүрээнд 32 байнгын ажлын байр нэмэгдсэн зэрэг давуу талууд гарсан юм.
Нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн суурилагдсан хүчин чадал 2534 Гкал/цаг байгаа боловч холбогдсон хэрэглээ 2992 Гкал/цагт хүрч суурилагдсан хүчин чадлаас 18 хувиар давсан үзүүлэлттэй байна. Энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор даваад буй ачаалал 100 Гкал/цаг-аар буурах юм.