ОХУ-руу 375 нэр төрлийн барааг татваргүй, квотгүй экспортлоно

  • 2024/03/26 15:17
"ОХУ-руу 375 нэр төрлийн барааг татваргүй, квотгүй экспортлоно"

Боомтын сэргэлтийн Үндэсний форум хэлэлцүүлэг өнөөдөр /2024.03.26/ боллоо. Энэ хэлэлцүүлэгт оролцох үеэр  Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга  Б.Тулгат дараах байр суурийг илэрхийллээ.


Тэрбээр, Монгол Улсад 39 боомт эрх зүйн хүрээнд байгаагаас 24 боомт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр 24 боомтоос өнөөдрийн байдлаар 8 боомт дээр бүтээн байгуулалтын ажлууд хийж байна. Гурван боомтын цогцолбор бүрэн дуусч ашиглалтад орсон, бол, гурван боомтын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Ковидын өмнөх үе буюу  2019 онтой харьцуулахад өнөөдөр гадаад худалдааны хэмжээ эрс өсч, зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний экспорт хоёр дахин нэмэгдсэн үр дүнтэй байна. Монгол Улсын Засгийн газар 2022-2024 онд  гадаад худалдаа, экспортын хэмжээгээ 14 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байсан бол боомтуудын үйл ажиллагааг тэлж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлснээр гадаад худалдаагаа 15.2 тэрбум ам.долларт хүргэлээ. Боомтын сэргэлтийн хоёр дахь шат буюу 2025-2028 он хүртэл дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэхээс гадна, боомтын менежмент дээр шинэ бодлого оруулж ирэх стратеги баримталж байна.

Цаашид боомтыг гарц, орцын хэмжээнд авч үздэг байдлыг өөрчилж боомтын хөгжлийг бүс нутаг, орон нутаг, хотын хэмжээнд төлөвлөх, эдэлбэр газрыг тогтоож өгөх шаардлага үүсч байна. Эдэлбэр газрыг тогтоож өгснөөр хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэд бизнесийн үйл ажиллагаа чөлөөтэй явуулах нөхцөл бололцоо нээгдэнэ. Өнөөдрийн байдлаар боомтын эдэлбэр газар байдаггүй учраас газрын менежмент, төлөвлөлт, бизнесийн орчинд саад учирч байна.

Тиймээс боомт орлоготой байх эрхзүйн орчинг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага байна. Боомтын сэргэлтийн бүтээн байгуулалт, цогцолборуудыг бий болгох ажлуудыг 2019 оноос эхлүүлж, 2022 оноос хойш эрчимжүүлсэн.

Энэ хугацаанд боомтын сэргэлтийн хүрээнд 715 тэрбум төгрөгийг боомтуудын цогцолбор байгуулах, хөрөнгө оруулалтад зарцуулсан.Үүнээс гадна гаалийн шинэчлэл, боомт руу тавигдах авто зам, төмөр замуудад улсын төсвөөс хөрөнгө зарцуулсан. Түүнчлэн 2024 онд боомтын сэргэлтийн бүтээн байгуулалттай холбоотой 350 тэрбум төгрөгийг 3-4 боомтын бүтээн байгуулалт зарцуулахаар шийдвэрлэсэн.

Цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боомтын үйл ажиллагааг өргөтгөх хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулж, боомт өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, хөрөнгө оруулалт хийдэг эдийн засгийн чадавхитай байх асуудалд анхаарч ажиллана.  Түүнчлэн олон жил яригдсан боловч ахиц дэвшил гарахгүй байгаа чөлөөт бүсийг хөгжүүлэхэд онцгой анхаарна. Чөлөөт бүс өнгөрсөн хугцаанд хөгжихгүй байгаа шалтгаан нь хөрш хоёр оронтойгоо чөлөөт бүс байгуулах эрхзүй, худалдаа, бизнесийн орчинтой уялдуулаагүй учраас чөлөөт бүс байгуулдаг боловч “хэнд зориулж байгуулсан, хэнтэй худалдаа хийх вэ” гэдгээ тооцоолоогүйгээс чөлөөт бүсэд эзэмшиж байгаа газраа үнэ хүргэж зардаг ийм хэлбэр рүү орсон. Түүнчлэн татваргүй барааны дэлгүүр байгуулж, хууль бус наймаа хийдэг болсон. Энэ бол харамсалтай зүйл. Тиймээс хөрш орнуудтайгаа тохиролцож чөлөөт бүсийг зөв гольдрол, зөв төлөвлөлт рүү оруулахад хичээл зүтгэл гаргаж ажиллаж байна гэв.

МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ХУДАЛДААНЫ ХАРЬЦАА АЛДАГДСАН

 Тэгвэл Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар энэ үеэр Монгол Улса цаашид боомтуудын үйл ажиллагаагаа жигд хөгжүүлэхээс гадна хөрш орнуудтайгаа чөлөөт бүс баыгуулах гэрээ хэлэлцээр байгуулахад хамтарч ажиллаж байгаа гэдгийг онцоллоо. Тэрбээр,  Монгол Улсын эдийн засаг 2023 онд 7 хувиар өслөө. Экспорт 15.2 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ тоог цаашид ч нэмэгдүүлэх боломжтой. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 10 жилийн турш зургаан хувиас дээш өсгөх юм бол улс орны нийгэм, эдийн засгийн байдал өөр түвшинд гарна. Тиймээс бусад орнуудтай хийх худалдаа, хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх ёстой. Монгол Улсын эдийн засаг, худалдааг тэлэх чиглэлээр одоогийн байдлаар хоёр гэрээ хэлэлцээр идэвхитэй хийгдэж байна. Нэгдүгээрт, БНСУ-тай чөлөөт худалдааны эхний хэсгийн гэрээ хэлэлцээрийг хийж байна.  Мөн Япон улстай чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр буюу эдийн засгийн хамтын ажиллагааны түншлэлийн гэрээ хийж байна. Мөн ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хийж байна.

Монгол Улс ОХУ-ын хоорондын худалдааг аваад үзвэл 2022 оны байдлаар 97 хувь нь ОХУ-ын экспорт, гурван хувь нь монголын экспорт байна. Үүнээс харахад хоёр орны худалдааны харилцаа эрс алдагдсан. Харин өнгөрсөн 2023 онд Монгол Улсаас ОХУ-руу экспортлох махны хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор ОХУ-ын экспорт 95 хувь, Монгол Улсын экспорт таван хувь болж өссөн. Гэсэн хэдий ч хоёр орны худалдааны харьцаа алдагдсан хэвээр байна.

Тиймээс сүүлийн зургаан сар Эдийн засаг хөгжлийн яамнаас ОХУ-тай гэрээ хэлэлцээр тасралтгүй хийж байна. Энэ хүрээнд гурван бүлэг бараа бүтээгдэхүүнийг ОХУ-руу татваргүй, квотгүй гаргах гэрээ хэлэлцэл хийгээд дуусч байна. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, арьс ширээр хийсэн бүтээгдэхүүн, ноос ноолуур, ноос ноолуураар хийсэн бүтээгдэхүүн буюу гурван бүлгийн 375 төрлийн барааг ОХУ-руу татваргүй гаргах гэрээ хэлэлцээрийг хийгээд дуусч байна. Энэ нь Монгол Улсын экспортын хэмжээг нэмэгдүүлэх, нэн ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, цаашлаад энэ төрлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд гадны хөрөнгө оруулалтыг татах чухал хөшүүрэг болж байна.  Өнгөрсөн хугацаанд ОХУ-руу гаргах экспортын хэмжээ бага байсан нь тус улс руу гаргах экспортын бараа бүтээгдэхүүнд 40-60 хувийн татвар ногдуулах, эсвэл квот тавигддаг байсантай холбоотой. ОХУ-тай Монгол Улс 17 боомтоор хиллэдэг бол 10 нь, БНХАУ-тай 16 боомтоор хиллэдэг бол 13 нь ажиллаж байна. Тиймээс цаашид Монгол Улс аль болох олон үүд гарц нээх ёстой. Боомтуудыг жигд хөгжүүлэх нь тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэд, нийгэм, эдийн засагт эерэгээр нөлөөлнө.

Дараагийн тулгамдсан асуудал бол чөлөөт бүстэй холбоотой асуудал юм. Монгол Улсад өнөөдрийн байдлаар Алтанбулаг, Замын-Үүд, Цагаан нуур, Хөшигтийн хөндий  дөрвөн чөлөөт бүс бий. Үнэнийг хэлэхэд эдгээр дөрвөн чөлөөт бүс дээр зарим төрлийн нэг архи тамхи худалдахаас өөр худалдаа явахгүй байна.

БНХАУ-тай Эдийн засаг, хөгжлийн яамнаас удаа дараа уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж чөлөөт бүсийн худалдааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Хоёр хоногийн өмнө болсон Замын-Үүд боомтын нээлт дээр БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд ирж “БНХАУ-ын төрийн зөвлөлөөс Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх чиглэлээр албан ёсны шийдвэр гаргасан” гэдгийг мэдэгдсэн. Ирэх долоо хоногт Эдийн засаг хөгжлийн дэд сайд,  БНХАУ-аас суугаа Худалдааны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж эхлэхээр тохироод байна. Энэ бол олон жил яригдаад ажиллаж эхлээгүй чөлөөт бүс ажиллах боломж бололцоог бий болгоно гэдгийг онцоллоо.