Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр 5 дугаар сард эхэлнэ
- 2024/04/24 11:22
Монгол Улсын Засгийн газрын тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд 2020 оны есдүгээр сарын 7-ны өдөр байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээр, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2023 оны 4 дүгээр тогтоолыг үндэслэн “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр” батлагдсан.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилго бүхий тус хөтөлбөрийг Дэлхийн банкны санхүүжилтээр “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд 2024 оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлэх юм.
Хөтөлбөрийн хүрээнд ажилгүй, ажил хайж байгаа, ажил олоход хүндрэлтэй болон мэргэшлийн түвшнээ ахиулах хүсэлтэй иргэнийг мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтад хамруулж, эзэмшсэн ур чадварыг нь үнэлж баталгаажуулах аж. Мөн албан бус сургалт, амьдралын туршлагаар олж авсан мэргэжлийн ур чадвараа үнэлүүлэх хүсэлтэй иргэнийг чадамжийн үнэлгээнд хамруулж, гэрчилгээ олгох гэнэ.