![]()
mBridge төслийн Удирдах хорооны 31 дэх удаагийн хурал, Хамтын ажиллагааг өргөжүүлэх 3 дахь удаагийн уулзалт БНХАУ-ын Шэньжэнь хотноо зохиогдож, Монголбанкийг төлөөлөн төслийн Удирдах хорооны гишүүн, Тэргүүн дэд Ерөнхийлөгч Э.Анар, орлогч гишүүн, Төлбөрийн систем, технологийн газрын захирал Ж.Уясах нар оролцов.
Төслийн Удирдах хороо нь үүсгэн байгуулагчид болох Хятадын Ардын банкны Дижитал валютын хүрээлэн, Хонконг, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират Улсын төв банкнууд болон үндсэн гишүүнээр нэгдсэн Макао, Гүрж, Монголын төв банкны бүрэлдэхүүнтэй. Тус хороо хоёр сар тутам цахимаар, жилд нэг удаа биечлэн хуралдаж, төслийн гол асуудлуудыг хэлэлцэн, хамтын шийдвэр гаргадаг.
mBridge нь олон улсын төв банкнуудын хамтран хөгжүүлж буй тархмал бүртгэлийн технологи (DLT)-д суурилсан платформ юм. Уг платформ нь төв банкны цахим мөнгө ашиглан хил дамнасан төлбөрийг бодит цагийн горимд гүйцэтгэх, гүйлгээний зардлыг бууруулах, хурдыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг хялбаршуулах зорилготой. Одоогоор тус төсөл нь 7 үндсэн гишүүн, ОУВС, Дэлхийн банк болон бусад улсын төв банк зэрэг 28 ажиглагч гишүүнтэйгээр туршилтын шатанд үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.
Монголбанк энэ оны зургадугаар сард mBridge төслийн үндсэн гишүүнээр элсэж, Удирдах хороонд нэгдсэнээс хойш эдгээр арга хэмжээнд анх удаа биечлэн оролцож буй юм. Ингэснээр төслийн үүсгэн байгуулагчдын адил үүрэг хүлээж, шийдвэр гаргалтад хамтран оролцох, Удирдах хороон дахь байр сууриа бэхжүүлэх, бусад гишүүнтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал ач холбогдолтой.
![]()